Монголын сайхан бүсгүйчүүдийн “Өндөр ээж"
Хүмүүний амьдралын хуудсанд өөрийн дурсамж дүүрэн өдрүүдийг шигтгэж, олон мянган залуучуудад эерэг хандлагыг түгээж яваа эрч хүчтэй Г.Банзрагчийн гэр бүлийг “АМЬДРАЛЫН ҮНЭ ЦЭНЭ” буландаа урилаа. Хайраар дүүрэн, халуун дулаан уур амьсгалтай гэр бүлийн эзэн Г.Банзрагч, гэргий Б.Дэлгэрмаа нарын хайрын түүхээр хэсэг хором аялсан юм. Математикийн хичээлдээ сонирхолтой Г.Банзрагч арван жилдээ онц сурдаг хөдөлгөөнтэй хүү байжээ. ШУТИС-ийн Цахилгааны инженер мэргэжлээр төгссөн боловч өдгөө өөрийн гэсэн бизнесийг хийж байгаа. Түүний мэргэжил гэртээ болон хаана ч явсан хамгийн их эрэлттэй байдаг гэнэ.
Дуу хөгжимд дурлан найзуудтайгаа нийлж хамтлаг байгуулж, хэсэг хугацаанд дуулж байсан нь түүний бага насных нь дурсамжийн нэг. Тэрбээр ”Гэрийнхээ бүх ажлыг хийчихээд найзуудтайгаа гарч уулзах эрхийг эцэг эхээсээ авдаг байлаа. Найзууд намайг Синдрелла гэсэн хочийг өгч билээ. Найзуудтайгаа нийлж байгуулсан хамтлаг маань анхны дуугаа бичүүлэх гэсэн чинь мөнгө дутаад хайртай яст мэлхийгээ хүртэл зарж байсан. Багаасаа амьтанд их хайртай. Дуу хөгжмөөс болж зарж байсан гэхээр дуунд илүү дуртай байсан байх. Айлын дунд хүү болохоор эрхэлж байгаагүй ээ” хэмээн ярилаа.
“Сайхан бүсгүй” группийн Дээгий нэрээрээ олонд танигдсан Б.Дэлгэрмаа багадаа даруухан дуу цөөтэй, ичимхий охин байжээ. Тэрбээр “Бага байхад ээж өдөр бүр яс чанаж, гурилтай шөл хийдэг байсан нь хүүхэд насны минь хөгжилтэй, мартагдашгүй дурсамжийн нэг. Би арван жилд алтан дундаж сурдаг сурагч байсан. 2001 онд Турк улсад Олон улсын харилцааны мэргэжлээр төгссөн” гэлээ.
Хайрын түүхээ эхлүүлсэн нь
Хорвоогийн олон мянган хүмүүсээс хоёр биенээ олж, хайрлаж дурлаж хамтын амьдралаа эхлүүлсэн үе тэдний сэтгэлд хоногшин үлдсэн мөч. 2010 онд найзуудтайгаа явж байхдаа танилцаж байсан ч тухайн үед төдийлөн дотно танилцаагүй гэдэг. Дээгийг их сургуулиа төгсч ирэхэд албан ёсоор танилцжээ. Тухайн үед Г.Банзрагчийн анхны харцанд жаахан охин л тусч байсан гэдэг. Энэ талаараа “2011 оны тавдугаар сарын 15-нд их сургуулиа төгсөөд эх орондоо ирээд Банзаа руу залгасан. Урд нь чатаар утасны дугаараа үлдээсэн байсан. Тухайн үед фэйсбүүк байхгүй. Залгаж яриад маргааш нь уулзах газраа товлосон. Хамгийн инээдтэй нь би арьсаа борлуулдаг аппаратанд орсон байсан юм. Тэгээд ариун цэврийн өрөө рүү алхаж явтал ханийн найз нь хажуу талаас нь “Арай л хар юм биш үү” гэж зөвлөгөө өгч байх нь чихний хажуугаар өнгөрсөн юм. Би сонсчихоод буцаж ширээн дээрээ ирж суугаад 20 минут сэтгэл санааны шоконд орсон доо” хэмээн ярив. Энэ үеэс эхэлж ирээдүйнхээ гэргийг гурван сарын турш гэрт нь хөтлөлцөн хүргэж өгч, үерхлийнхээ эхлэлийг тавьжээ. “Бид хоёр одоо ч үерхэж байгаа. Манай Дээгий үргэлж гэнэтийн бэлэг барьж, өглөө бүхнийг өөрөөр эхлүүлдэг шинийг сэтгэгч хүн л дээ” гэв.
Дурсамж бүтээж амьдрахыг эрхэмлэдэг Г.Банзрагчийн гэр бүлд үнэ цэнэтэй олон сайхан түүх бий. Залуу гэр бүлүүдэд тохиолддог олон саад бэрхшээл тэдний амьдралд мөн адил тохиолдож, хоёр биенийхээ гараас атгаж, хамтдаа бүхнийг даван туулсан гэдэг. “Бид хоёр анх гал голомтоо бадраах гээд байр хайж олон удаа явсан. Ёс заншлаараа эрэгтэй тал нь орох оронг нь бэлддэг гээд зээл хөөцөлдөөд хэсэг явсан. Түр хугацаанд байр түрээслэж байсан чинь хугацаа нь дууссан. Хэн хэн нь гэртээ харилгүй машиндаа хоёр, найзынхаа халаалтгүй лагерийн байшинд нэг хонож билээ. Тухайн үед Дээгийг надад чин сэтгэлээсээ хайртай юм байна гэж бодсон. Миний хань их танхил өссөн. Хайрын хүчээр надтай хүйтэн байшинд хоносон байх” гэлээ.
Хуримын санал авна гэдэг эмэгтэй хүний амьдралд тохиолдох хамгийн сайхан мөчүүдийн нэг. Б.Дэлгэрмаа ч мөн адил тэр саналыг тэсэн ядан хүлээж, кинонд гардаг шиг гэнэтийн бэлэг барина гэж боджээ. Гэтэл түүний бодсоноос тэс өөр гуйлт өрнөсөн гэнэ. “Кино болон дууны клипэнд гардаг шиг эрэгтэй нь өвдөг нь дээрээ сөхөрч суугаад эхнэр минь болооч гээд бөгжөө нээгээд гуйх байх гэж бодсон. Даанч тийм үйл явдал болоогүй ээ. Бэр гуйгаад аав ээжүүд шууд шийдсэн” хэмээсэн юм. 2012 оны наймдугаар сарын 15-нд хайраар учирсан хосууд хуримаа хийжээ. Одоогоос долоон жилийн өмнө байсан учраас мэргэжлийн төвшинд хийгээгүй. Одоо үе шиг супер байгаагүй. Гэхдээ бидний амьдралд дурсамж болон үлдсэн сайхан өдөр учраас үнэхээр гоё болсон. Хэдэн цагийн үйл ажиллагаанд хэдэн сар бэлдсэн гэдгээ хэн хэн нь хөгжилтэйгөөр дурсан ярьж байгаагаас тэд яг л хуримлаж байсан мөчдөө дахин очсон мэдрэмжийг авч байгаа юм шиг санагдсаныг нуух юун.
Шинэ хүнээ хүлээж авсан мартагдашгүй мөч
Энэ хорвоо дээр хүн болж төрчихөөд хүнийг хайрлаж, хүнээр хайрлуулах нь энэ амьдралын эрхэм нандин утга учир. Хайраас ургасан бяцхан үр нь хэвлийд нь бүрэлдсэнийг 2014 оны дөрөвдүгээр сарын 30-ны өдөр байв. Эмийн сан орж, олон тест авч үзэж, хүүхэдтэй болсноо баталгаажуулж, баярлахын дээдийг мэдэрсэн гэнэ. Маргааш өглөө нь эртлэн босч эмнэлэгт хөтлөлцөн очиж эход үзүүлэхэд эмч “Баяр хүргэе. Амжилттай ажилласан байна” гэсэн үгийг сонсоод зүрхний цохилт ихсээд их сонин мэдрэмж төрсөн гэдгээ Б.Дэлгэрмаа хэллээ. “2014 оны арванхоёрдугаар сарын 19-нд хүү маань мэндэлсэн. Хүүхэд минь гарснаар бидний амьдрал дахиад шинээр эхэлсэн. Эцэг эх болох мэдрэмжийг ямар ч зүйлтэй зүйрлэж болохгүй байх. Гайхамшиг шүү дээ” гэв. Харин Г.Банзрагч “Бид хоёроос хүүхэдтэй болоод төрчихдөг л юм байна гэж бодсон. Амьдралдаа илүү их зүтгэж, өөрийгөө дайчлах хэрэгтэйг ойлгосон. Эр хүн хүүхдээ харахаараа эхнэрээ илүү их хайрлаж, биширдэг болчихдог юм байна лээ. Хагалгааны дараах өвдөлт ханьд минь их хэцүү байсан ч нэг ч удаа ёо ёо гэж хэлээгүй. Монголын маань ээжүүд үнэхээр тэсвэр тэвчээрийн хатдууд юм билээ” гэсэн хариултыг өглөө.
Хүүхдээ өлгийдөж авах мөч хүний амьдралын аз жаргалтай үе. Аав ээж болж амьдралд хандах хандлага өөрчлөгдөж, хариуцлагатай байх үүрэг ногдоно. Эмэгтэй хүний хувьд хүүхэд нь өвдөх хамгийн хэцүү асуудал. Б.Дэлгэрмаагийн хувьд ч тэр зовлонг тойроогүй дайраад л гарсан. Хаа нэг хүү нь өвдөхөөр хань нь хамгийн муухай харагддаг гэж хошигнон хэлсэн юм. Эл асуудал төрөөд удаагүй эмэгтэй хүн бүхний сэтгэлзүйтэй холбоотой гэж мэргэжлийн эмч нар тайлбарладаг. Тиймээс бяцхан үрээ өлгийдөж авсан залуу хосууд хэн хэндээ хүлээцтэй хандаж, ойлголцох нь чухал гэдгийг зөвлөж байсан юм. Харин гэр бүлд хариуцлага хамгийн чухал гэдгийг Г.Банзрагч онцолсон юм. Тэрбээр “Манай гэр бүлийн хувьд заавал аав нь хариуцлагаа ухамсарлана гэсэн зүйл байдаггүй. Эцэг эх хоёулаа бүх зүйлд хариуцлагатай хандаж, гэр бүлээ хайр халамжаар дутаахгүй байх ёстой. Хүн бүхний үзэл бодол, амьдарч буй орчин нөхцөл өөр байдаг. Тиймээс амьдралаас авч буй мэдрэмж, таашаал өөр байдаг байх. Гэхдээ миний бодлоор амьдралын үнэ цэнэ байгаа бүхэндээ сэтгэл хангалуун байхыг л хэлнэ дээ” гэв. Хэн хэн нь гэр бүлдээ илүү их анхаарал, цаг зав гаргаж хамт кино үзэж, хоолонд орж салхинд гарах сонирхолтой гэнэ. Г.Банзрагчийнх ч бусад залуусын адилаар байрны зээлтэй. Сарын 1.7 байсан нь одоо 1.4 хувь болж буурсан гэнэ. Сайхан ирээдүйг бүтээхийн тулд хамтдаа хөдөлмөрлөж байгаа хосод аав ээж нь орон сууцтай болоход тодорхой хэмжээний дэмжлэг үзүүлжээ. Бусдын адил өглөө нарнаас үдшийн бүрий хүртэл хөдөлмөрлөдөг тэд хэн хэндээ их хүндэтгэлтэй ханддаг хамт байхад мэдрэгдэж байв.
Хүний амьдрал болсон хойно хаа нэг муудалцах тохиолдол гардаг ч бие биедээ хүлээцтэй хандаж, асуудлыг уурын мунхагаар биш ухааны цараар шийдэж, хэн буруутай нь түрүүлж уучлалт гуйдаг гэнэ. Б.Дэлгэрмаа түргэн ууртай ч уур нь удахгүй гардаг бол Г.Банзрагч тайван, дөлгөөхөн учир уурласан ч дотогшоо уурладаг аж. Уучлал бол гэр бүлийн харилцааг авч үлддэг хамгийн ухаалаг гарц гэж бодож явдаг талаар тэд онцолж байв.
“Ямар ядаргаатай юм. Наад утсаа боль” гэж хэзээ ч хэлж байгаагүй ээ
Цахим орчинд цахиур хагалж гарч ирсэн Дээгий 235 мянган бүсгүйг нэг группт нэгтгэж, гэр бүлээр бол ээжийнх нь үүргийг сайн биелүүлж явна. Гадуур явж байхад тааралдсан бүсгүйчүүд бүгд л мэндэлж, хэн хэн рүүгээ инээмсэглэдэг гэнэ. Дээгий 2017 оны нэгдүгээр сарын 12-нд группээ нээж байжээ. Хоёр жилийн турш сэтгэл зүрх, цаг хугацаа, хөрөнгө мөнгөө гишүүддээ зориулсан гэнэ. “Миний амьдралын салшгүй нэг хэсэг гэж бодож явдаг. Группийн гишүүд маань миний хоёр дахь гэр бүл. Хань минь намайг үргэлж дэмждэг. Тиймдээ ч би “Сайхан бүсгүй” группээ өнөөдрийг хүртэл амжилттай ажиллуулж явна. “Ямар ядаргаатай юм. Наад утсаа боль” гэж хэзээ ч хэлж байгаагүй ээ. Хаа нэг азтандаа гэрт байгаа гоё зүйлээсээ бэлэглэнэ. ”Хань минь гоё байсан ш дээ. Өөрийг өгчихгүй” гээд инээмсэглэдэг. Гэнэт лайв хийх болохоор хүүгээ аваад өөр өрөөнд орно. Дуусахаар нь “Болчихсон уу” гээд гараад ирдэг. Хань минь намайг дэмждэггүй байсан бол би энэ их ажлыг хэзээч амжуулж чадахгүй шүү дээ” гэв. Олон эмэгтэйг баярлуулж, группээрээ дамжуулж одоогийн байдлаар 5000 гаруй бэлгийг бэлэглэсэн гэнэ. Зөвхөн азтан шалгаруулж бэлэг өгдөггүй. Нийгэм, хүмүүнлэгийн ажилд зориулсан даацтай хэд хэдэн ажлыг хийсэн гэдгийг энд дурьдахгүй өнгөрч болохгүй. Тухайлбал, сайн үйлсийн есөн удаагийн аян хийж, ирэх наймдугаар сард гуравдахь улсын цэцэрлэгийн ажлыг барих ажилдаа орох юм байна.
Сайхан бүсгүйчүүдийн цаг завыг зөв боловсон өнгөрүүлэх зорилготой уулзалт, спорт тэмцээн, сургалтыг нэлээд олон удаа хийжээ. Тун удахгүй соver night, гар бөмбөгийн тэмцээнийг зохиохоор завгүй гүйж яваатай нь ийн тааралдаж, цөөн хором хуучилсан юм. Энэ үйл ажиллагаанууд нь өөрсдөдөө цаг гаргаж, аливаа зүйлд идэвхтэй хандаж, нэг өдөр ч гэсэн эерэг энерги, эрч хүчтэй сайхан бүсгүйчүүдтэй хамт байх боломжийг олгодогоороо давуу талтай аж. Бүсгүйчүүдэд гэнэтийн бэлэг байнга барьдаг Дээгий гэртээ ч мөн адил ханийгаа үргэлж баярлуулдаг романтик нэгэн. Г.Банзрагчийн хувьд бэлгийг ханиасаа хамгийн анх мэдэрч байсан гэнэ. Үерхээд эхэлсэн нэг сарын ой гээд цагаан водвалк бэлэглэж байжээ. Тухайн үед сар бүр надад бэлэг өгөх байх гэж бодож байснаа тэрбээр нуусангүй. Найзууд нь хүртэл сар бүрийн 17-нд баярын мэнд хүргэдэг уламжлал хэсэг хугацаанд тогтсон гэнэ. Гэргийгээсээ авч байсан хамгийн гоё бэлэг нь zippo асуугаар аж. Одоо ч халаасандаа авч явдгаас хайрлаж явдаг хамгийн үнэ цэнэтэй бэлэг нь ч байж мэдэх юм.
Цас бороо нар салхи, цаг хугацаатай уралдан урагшилдаг хүмүүний амьдралын хуудсанд өөрийн гэсэн өнгө аястай түүхээ гэгээнээр сийрүүлж яваа гэр бүлийн хайрын түүхээр аялсан минь энэ байв.
С.Ичинхорлоо