10 жил нөхрийнхөө гарын шүүс болсон эмэгтэйн гунигтай түүх

“Арван жилийн өмнө эрүүл саруул сайхан үрээ хүний хань болгож байлаа. Харин одоо эрэмдэг, эдгэрэшгүй сэтгэлийн толботой, үргэлж бие нь өвддөг өрөвдөлтэй охинтой өр нэмгэрч сууна. Охинтой минь амьдарч эхэлснээс одоог хүртэл зодож, гэр бүлээр минь дарамталж зовоож байна. Салаад хоёр жил болсон ч гэрт ирээд охиныг минь зодно. Одоо бүүр ална гэж хутга бариад  ирдэг болсон. Уг нь тэр хүнтэй ханилан сууснаас хойш гурван хүүхэд төрүүлсэн.

Цус алдаж, дотуур бэртэл гэмтэл ихтэй. Эмнэлгээр явахаар онош тодордоггүй. Үргэлж өвдөж, айдастай амьдарч яваа охиныхоо хүүхдүүдийг харж, халамжлаад байж байна. Сум, аймгийн цагдаад хүчирхийлэх бүрт нь дуудлага өгдөг ч тодорхой хугацаанд арга хэмжээ авна. Бид нар шиг хүмүүсийг хамгаалах цагдаа ч байдаггүй. Амьд дээрээ үрээ алдаж, хагацлын зовлонг хэдэн хүүхдэд нь амсуулмааргүй байна” хэмээн хоёр нүдэндээ нулимcтай, хоолой зангируулан ярих эмэгтэй Архангай аймгийн Цэнхэр сумаас  ирж, бидэнтэй  холбогдсон юм. Хохирогч бүсгүй Д.Ренчингийн ээж А.Эрдэнэчимэгтэй ярилцсанаа хүргэе.

-Уучлаарай. Хүүхэд, эмэгтэйчүүдтэй холбоотой хүчирхийллийн асуудал нийгмийн анхаарлын төвд орж эхэлсэн энэ цаг үед Тантай ярилцаж байна. Яг хэзээнээс эхэлж хүчирхийлэлд өртсөн асуудал үүсч эхэлсэн байдаг юм бол?

-Охин минь 2010 онд өрх тусгаарласан. Энэ үеэс гэр бүлийн хүчирхийлэлд өртөж эхэлсэн гэдгийг хэлэх хэрэгтэй. Нөхөр нь хамар амнаас нь цус гартал зодож, нялх хүүхэдтэй нь буурь нь дээр нь хаяад явчихсан тохиолдол ч гарч байлаа. Тархи, толгой хөл, гарыг нь бэртээж, хугалсан олон тохиолдол гарсан. Өрх тусгаарлахад нь эрүүл саруул, сайхан охиноо баярлаад л хүний хань болгож билээ.

Одоо охин минь нүднээс гарчихсан. Монгол хүн малаа зоддоггүй. Гэтэл охиныг минь хүн гэж бодохгүй бидний нүдэн дээр гэрт ирээд зоддог болсон. Манай гэр бүлийнхэн айдас хүйдэс дунд амьдарч байна. Хэзээ ирж, зодож, агсам согтуу тавих бол гэж үргэлж сэрэмжтэй ханддаг.

-10 жилийн турш гэр бүлээрээ хүчирхийлэлд өртөж амьдарч байгаа гэлээ. Тухайн үед нь холбогдох хууль хяналтын байгууллага, сумынхаа цагдаад хандаж зохих арга хэмжээ авахуулж болоогүй юм уу?

-Хүний эх болсон хойно хоёр хүүхдээ элэг бүтэн амьдруулчих юмсан гэж бодож, учирлаж, хэлж, уучилж тэсч тэвчсээр ирсэн л дээ. Гэвч  байдал  жил өнгөрөх тусам аюултай болж ирсэн. Охины минь амь одоо дээсэн дөрөөн дээр дэнчигнэж байна. Одоогоос хэд хоногийн өмнө гэнэт цус алдаж, эмнэлэгт очиж, эмчид үзүүлсэн. Дотуур бэртэл ихтэй учраас онош тогтоогдоогүй. Дөрөв хоногийн өмнө ирж зодсон байна лээ. Дүү охин минь аргагүйн эрхэнд цохиж, салгасан гэсэн. Гэтэл цагийн дараа дахиад хутга барьж ирээд ална гэж сүрдүүлсэн байгаа юм. Хэсгийн төлөөлөгч рүү ярьж дуудлага өгөхөд “Би амралтаа авсан байна” гэсэн. Харин цагдаад хэлэхэд “Би бензингүй байна” гэж хэлсэн байна лээ. Хүний алтан амь амралт, бензинээс доор үнэлэгддэг нийгэмд амьдарч байгаа юм уу. Иргэн хүнийхээ хувьд цагдаад шаардлага тавихад “Хуцаад байгаарай. Албатай юм уу. Та нар дандаа ингэдэг биз дээ” гэсэн. Хүний амь насыг аварна гэж тангараг өргөсөн цагдаагийн алба хаагч хүчирхийлэлд өртөж байгаа ядарсан ард иргэдэд ингэж хандаж байхад хэн биднийг хамгаалах вэ гэж бодож сууна.

-Хүний амь насанд санаатай халдах үйлдэл хийж байгаа нь өөрөө анхаарах асуудал шүү дээ. Энэ хүртэл асуудал үүсгэж байгаа хүнд хуулийн дагуу хариуцлага хүлээлгэх нь зөв байх. Хутга бариад ална гээд ирж байгаа хүнийг хорьж саатуулах нэг хэрэг. Тухайн үед үүнийг нь дахин гаргуулахгүй байх талаар ярьж болоогүй гэж үү?

-Хутга авч ирсэн болохоор цагдаа аргагүйн эрхэнд ирээд авч яваад маргааш орой нь гаргаад явуулсан. Зөрчлийн тухай хуулийг чанга л гэдэг. Яагаад Архангай аймгийн төв рүү явуулахгүй байгааг гайхаж байна. М.Өлзийхутагийн хамаатнууд нь аймгийн цагдаа, шүүх, прокурорт ажилладаг гэсэн. Хамгаалж, өмгөөлдөг ар тал нь хуулийнхан болохоор хүний амь насыг уландаа гишгэж байгаа юм байна л гэж бодож байна.

-Хүчирхийлэл үйлдэхдээ ихэвчлэн согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн байдаг уу. Эсвэл...?

-Уусан үедэээ ч, энгийн үед ч зодно. Бид нарыг байхгүй хойгуур отож байгаад зодчихоод явна. Ихэвчлэн шөнө 00:00 цагаас хойш ирнэ. Айж эмээнэ гэсэн ойлголт тэр хүнд байхгүй. Тийм ч ухамсартай хүн биш. Хүн хүндэлж, хайрлах сэтгэлгүй хүн. Манай хүнийг зодоод нэг нүдийг нь гэмтээсэн. Бараг харж чадахаа больсон гэхэд хилсдэхгүй. Тухайн үед хараагүй болчихвий гэж айж, сандарсан хүмүүс  эмнэлгээр эмчилгээ хийлгээд хууль, шүүхийн байгууллагаар явж чадаагүй. Цагдаад гомдол гаргаад өргөдөл өгсөн ч хөөн хэлэлцэх хугацаа нь дууссан гээд авч хэлэлцээгүй. Нэг хүнээс болж гэр бүлээрээ сэтгэл санаа болон бие махбодийн хохиролтой амьдарч байна даа.

-Хэдэн хүүхэдтэй вэ. Хүүхдүүдээ энэ үйлдлээ хийдэг үү?

-Хүүхдүүдээ ч зодно. Том хүү нь гуравдугаар ангид сурдаг. “Чи миний ээжийг яагаад зодож байгаа юм. Би том болохоор чамайг зодож ална даа” гэж уйлж, эхийгээ хамгаалах гэж ноцолдоно. Гэрийн үүдээр орж ирэхэд бага нь зөрөөд гарна. Харин том нь ээжийгээ хамгаалах гээд үлддэг.

-Уг нь хамт амьдархаа болиод хоёр жил болж байгаа юм байна.  Эцэг эхэд нь болон цагдаад хандаад охиныхоо аюулгүй байдал амь насыг нь хамгаалуулах ямар ч боломж байхгүй гэсэн үг үү?

-М.Өлзийхутагаас салж, тусдаа амьдраад хоёр жил болж байна. Албан ёсоор гэрлэлтээ салгуулж чадаагүй. Гэрлэлтийн баталгаагаа салгуулъя гэвэл их л юм болох байх.  Ээж, эгч нар нь өмөөрч хамгаалсаар өнөөдрийг хүрлээ. “Миний хүү эрх танхил” гээд л өлгийнөөс гараагүй ухааны юм ярина. Эгч нар нь утсаар элдэвлэнэ. М.Өлзийхутаг өөрөө үргэлж зодно. Хууль цагдаагийнхан арга хэмжээ авна уу гэхээс бид араатан шиг хүнийг дийлэхгүй.

-Одоо хаана байгаа вэ. Биеийн байдал нь ямар байгаа бол?

-Нутагтаа байгаа. Утсаар ярихад “Халуураад цус алдаад бие өвдөөд байна” гэсэн. Хэдэн хүүхдүүддээ захиад Хүний эрхийн комисст хандах гэж ирсэн юм. Гар, нуруу нь хөх няц болчихсон байхад нь эмчид үзүүлж, магадлагаа бичүүлж авсан. Сумын эмнэлгээс аймгийн төвд үзүүлэх бичиг хийж өгдөг. Манай сумынхан бол хүчирхийлэлд өртөж, зодуулдаг талаар нь бараг бүгд л мэднэ. Үргэлж сэтгэлийн зовиуртай л байдаг. Хэзээ орж ирээд зодчих бол гэсэн айдастай. Зүрх нь өвдөж, чичрэлт өгнө. Толгой нь байнга өвдөнө. Аяга, хоол цай ч идэж, ууж чадахгүй. Ходоодны өрөвсөлтэй.  Хөл рүү нь хүртэл хутгалж байсан.

-Цагдаагаас хэр удаан саатуулдаг вэ?

-24 цаг эрүүлжүүлээд гаргадаг. Гарч ирээд цагдаад өглөө гээд өширхөөд зодно. Хэл амаар үргэлж доромжилно. Өдөр, шөнөгүй л архи ууна. Мөнхийн согтуу л явж байна. Охиныгоо эмчлүүлэх гэхээр ажилгүй бидэнд мөнгө байдаггүй. Суманд бол ажлын байр ховор. Хот руу ажил хийлгэх гээд өнгөрсөн жил явуулсан. М.Өлзийхутаг араас нь хайж ирээд гудамжинд хүртэл зодсон байсан. Хажуугаас салгах ямар ч боломж байхгүй. Үхтэл үр харам гэгчээр хажуудаа харж хандахаас өөр ямар ч сонголт бидэнд байхгүй шүү дээ. Тиймээс л бид хоёр Хүний эрхийн комисст хандахаар хот руу зорьж ирсэн юм” гэлээ.

“Хүний эрхийн үндэсний комисст хандахаар ирсэн” хэмээсэн тэдний мэдээллийг холбогдох газар болох уг комисст хандаж, Хэвлэл мэдээллийн ажилтан З.Бадмаарагтай холбогдож, учир байдлыг танилцуулахад яаралтай уулзаж, холбогдох арга хэмжээг цаг алдалгүй авна гэсэн юм.

Энэ хэргийг хэрхэн шийдвэрлэж ажиллаж байгааг Архангай аймгийн Цэнхэр сумын цагдаагийн хэсгийн төлөөлөгч Алтанбаатартай холбогдож асуулаа. Тэрбээр “Дуудлага өгөхөөр нь эрүүлжүүлж, Зөрчлийн хуулийн дагуу материалжуулж, зөрчлийн шинжтэй асуудал байгаа эсэхийг тогтоодог. Тухай бүрт нь мэдүүлэг авдаг. “Гомдол санал байхгүй. Бид хоёр эхнэр, нөхөр. Маргалдсан” гэсэн тайлбар өгдөг юм. Д.Ренчин хохирогчоор тогтоогдсон учраас М.Өлзийхутагт хэрэг бүртгэл нээсэн байгаа. Удаа дараа хүчирхийлэлд өртөж байгааг нь нотлох гээд мэдүүлэг авахаар төдийлөн сайн ярьдаггүй. Хүүхдүүдээ бодоод хамт амьдарч байсан болохоор өөрийг нь өрөвдөөд байдаг байх. Харин эцэг, эх, найз нөхдөөс нь мэдүүлэг авахаар 2010 оноос хойш зодож эхэлсэн гэдэг. Хуулийнхаа дагуу арга хэмжээ авч ажилладаг. Дуудлага өгөхөд нь очдог. Хайхрахгүй хаяад байгаа асуудал бол байхгүй” гэх хариултыг өгсөн юм.

                                                                              Д.Хулангоо