Ардын багш Сэндэнжавын Дуламд Хөдөлмөрийн баатар цол хүртээлээ

Анхдугаар Үндсэн хуулиа баталж, Бүгд Найрамдах Улсаа тунхагласны түүхт 101 жилийн ойг тохиолдуулан Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх зарлиг гаргаж, Монгол үндэстний соёл, сэтгэлгээний үндэс болсон монгол домог зүй, бэлгэдэл зүйн цуврал судалгаагаараа монгол соёлыг тайлан тайлбарлах онол арга зүй, үзэл баримтлал боловсруулж, суурь судалгааны олон арван бүтээл туурвин, Төрийн хар,  цагаан сүлд, Төрийн дууллыг шинэчлэн бүтээхэд идэвх санаачилгатай ажиллаж, олон хуулийн төсөл боловсруулахад мэдлэг чадвараа зориулан хуульт ёс, эрх зүйт төрийг бэхжүүлэхэд оруулсан хувь нэмрийг нь үнэлэн Ардын багш, Шинжлэх ухааны гавьяат зүтгэлтэн, хэл шинжлэлийн ухааны доктор, профессор Сэндэнжавын Дуламд Хөдөлмөрийн баатар цол хүртээж, “Алтан соёмбо” тэмдэг, Сүхбаатарын одонгоор шагналаа.

Мөн сувилахуйн тусламж, үйлчилгээг сайжруулах, эрүүл мэндийн салбарын мэргэжилтэн бэлтгэх, сурган дадлагажуулах, сургалтын хөтөлбөрийг олон улсын жишигт нийцүүлэн эрдэм шинжилгээ, судалгааг өргөжүүлэх, сургуулийн орчин нөхцөлийг чанаржуулах, багшлах боловсон хүчин бэлтгэх, заах арга зүйг боловсронгуй болгоход мэдлэг, боловсролоо дайчлан ажиллаж, эрүүл мэнд, боловсролын салбарын хөгжилд жинтэй хувь нэмэр оруулсан Гавьяат багш, АШУҮИС-ийн хүндэт доктор, профессор, Сувилахуйн сургуулийн зөвлөх профессор Товуугийн Батсүхийг Ардын багш цолоор шагнасан юм.