Ардын уран зохиолч Пунцагийн Бадарчид Хөдөлмөрийн баатар цол хүртээлээ
Киргизээс манай улсын хоёр иргэнийг шилжүүлэн өгчээ
Улсын Их Хурлын Хууль зүйн байнгын хорооны хуралдаанаар Гэмт этгээд шилжүүлэх тухай Монгол Улс болон Бүгд Найрамдах Киргиз Улс хоорондын гэрээний төслийг хэлэлцлээ. Засгийн газраас 2025 оны 7 дугаар сарын 02-ны өдөр ирүүлсэн төслийн талаар Улсын Их Хурлын гишүүн, Засгийн газрын гишүүн, Хууль зүй, дотоод хэргийн сайд Л.Мөнхбаатар танилцуулав.
Монгол Улсын гадаад харилцаа өргөжин хөгжихийн хамтаар иргэдийн гадаадад суралцах, ажиллах болон бизнес, аялалын чиглэлээр харилцан зорчих явдал нэмэгдэж байгааг харгалзан монголчууд ихээр зорчиж, амьдарч ажил хөдөлмөр эрхэлдэг улс орнуудтай эрх зүйн харилцан туслалцаа үзүүлэх тухай гэрээ, хэлэлцээр байгуулах асуудалд салбарын яамнаас анхаарал хандуулан ажиллаж байгааг тодотгосон юм.
Бүгд Найрамдах Киргиз Улстай “Монгол Улс, Бүгд Найрамдах Киргиз Улсын хооронд эрүүгийн хэргийн талаар эрх зүйн туслалцаа харилцан үзүүлэх тухай гэрээ”-г 1999 оны арван хоёрдугаар сарын 04-ний өдөр Бишкек хотноо байгуулсан ба уг гэрээнд гэмт этгээд шилжүүлэхтэй холбогдох харилцааг ерөнхий байдлаар зохицуулсан байдаг байна. Энэхүү харилцааг илүү тодорхой, нарийвчлан зохицуулах тухай саналыг анх Киргизийн талаас гаргаж, Гэмт этгээд шилжүүлэх тухай Монгол Улс болон Бүгд Найрамдах Киргиз Улс хоорондын гэрээний төслийг ирүүлсэн бөгөөд манай талаас саналаа хүргүүлж хамтран ажилласнаар Талууд гэрээний төслийг эцэслэн тохироод байгааг Л.Мөнхбаатар сайд танилцууллаа.
Гэрээний төсөл нь 25 зүйлтэй бөгөөд харилцах эрх бүхий төв байгууллага, шилжүүлэн өгөх гэмт хэрэг, шилжүүлэн өгөх хүсэлтэд тавигдах шаардлага, холбогдох баримт бичиг, шилжүүлэн өгөхгүй байх үндэслэл, шилжүүлэн өгөх шийдвэр, шилжүүлэн өгч буй этгээдийг хүлээлгэн өгөх, шилжүүлэн өгөх хүсэлтийгхойшлуулах, түр хугацаанд шилжүүлэн өгөх, мөн эрэн сурвалжпагдаж буй этгээдийг урьдчилан баривчлах, шилжүүлэн өгөх хэд хэдэн хүсэлтийг шийдвэрлэх, гуравдагч улсад шилжүүлэн өгөх, эд зүйл, эд хөрөнгө шилжүүлэн өгөх, дамжин өнгөрөх, зардал зэрэг гэмт этгээд шилжүүлэх ажиллагаанд хамаарах үндсэн асуудлуудаас гадна талууд гэмт этгээд шилжүүлэх ажиллагаанд ашигласан аливаа мэдээ мэдээлэл, баримт бичгийн нууцлалыг хадгалах, хамгаалах, түүнчлэн хүний хувийн мэдээллийг өөр бусад зорилгоор ашиглахгүй байх, эрх бүхий байгууллагууд тэдгээр мэдээллийг дотоодын хууль тогтоомжийн дагуу хадгалж, хамгаалахтай холбогдох зохицуулалтыг гэрээний төсөлд тусгажээ. Мөн харилцах хэл, гэрээг хэрэгжүүлэх, хэрэглэхтэй холбоотой маргаан гарсан тохиолдолд түүнийг шийдвэрлэх арга зам, гэрээ хүчин төгөлдөр болох, нэмэлт өөрчлөлт оруулах, дуусгавар болгохтой холбоотой харилцааг тусгасан байна.
Энэхүү гэрээг байгуулснаар гэмт хэргээс урьдчилан сэргийлэх болон гэмт хэргийг таслан зогсоох чиглэлээрх талуудын хамтын ажиллагааг хөгжүүлэн бэхжүүлэхийн зэрэгцээ талуудын нутаг дэвсгэрт хүний амь нас, эрүүл мэндэд хохирол учруулах, бусдын эд хөрөнгөд хохирол учруулах, улсын хилээр барааг хууль бусаар нэвтрүүлэх, түүнчлэн мөнгө угаах, терроризм, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны эсрэг зэрэг гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай этгээдийг олж тогтоох, шилжүүлэн өгөх, улмаар эрүүгийн хариуцлага хүлээлгэх чиглэлд хоёр улсын эрх бүхий, мэргэжлийн байгууллагууд өөр хоорондоо шууд харилцаж, түргэн шуурхай хамтран ажиллах боломжтой болно хэмээн Хууль зүй, дотоод хэргийн сайд танилцууллаа.
Хууль санаачлагчийн илтгэлтэй холбогдуулан Улсын Их Хурлын гишүүн Ц.Сандаг-Очир, Д.Цогтбаатар нар асуулт асууж, Л.Мөнхбаатар сайд болон ажлын хэсгийн гишүүд хариулт өгөв. Монгол Улс хэчнээн улстай энэ төрлийн гэрээ байгуулсан талаарх асуултад Хууль зүй, дотоод хэргийн сайд хариулахдаа “Манай улс 2025 оны I улирлын байдлаар эрх зүйн харилцан туслалцаа үзүүлэх асуудлаар гадаадын 22 улс оронтой нийт 40 гэрээ, хэлэлцээр байгуулсан байна. Үүнээс гэмт этгээд шилжүүлэх асуудлаар Унгар, Болгар, Румын, Чех, Словак, Польш, Орос, Украин, Беларусь, Казахстан, Турк, Ардчилсан Солонгос, Өмнөд Солонгос, Вьетнам, Энэтхэг, Хятад зэрэг 16 улстай гэрээ, хэлэлцээр байгуулсан. Ялтан шилжүүлэхтэй холбоотой харилцааг зохицуулсан 11 гэрээ хүчин төгөлдөр үйлчилж байна, Тайланд, Малайз улстай гэрээ байгуулахаар бид бэлтгэл хангаж байна” гэлээ. Иргэний хэргийн талаарх туслалцаа хүссэн иргэдийн хүсэлтийн дагуу жилд дунджаар 50 орчим ажиллагаа хийгддэг бол 20 орчим эрүүгийн хэрэгт харилцан туслалцаа үзүүлэх хүсэлт ирдэг байна. Хүсэлт бүрийг хоёр улс хоорондоо хэлэлцэн шийддэг аж. Ялтан шилжүүлэхтэй холбоотой 33 иргэний хүсэлт ирсэн байгааг шийдвэрлэхээр талууд ажиллаж байгаа гэх мэдээллийг сайд өгсөн. Эдгээрийн 27 нь БНХАУ-д ял эдэлж байгаа Монгол Улсын иргэдийнх бол зургаа нь манайд хорих ял эдэлж байгаа БНХАУ-ын иргэдийн хүсэлт гэдгийг тодотгов. Ялтан шилжүүлэх гэрээний хүрээнд 2009-2023 оны хооронд нийт 19 иргэнийг БНХАУ-аас шилжүүлэн авсан байдаг аж. Монгол Улс, Бүгд Найрамдах Киргиз Улс хооронд иргэдийн шилжилт хөдөлгөөн эрчимжиж байгаа учраас өмнө байгуулсан гэрээний харилцааг илүү тодорхой, нарийвчлан зохицуулахаар төслийг хэлэлцүүлж байгаа гэдгийг сайд хэллээ. Сүүлийн 3 жилийн хугацаанд манай улсын нийт 3037 иргэн Бүгд Найрамдах Киргиз Улсад зорчсон бол Бүгд Найрамдах Киргиз Улсын нийт 4362 иргэн манай улсад зорчжээ. Тус улсад 150 гаруй Монгол Улсын иргэн ажил хөдөлмөр эрхэлж, байнга оршин сууж байгаа бол тус улсын 75 иргэн ажил хөдөлмөр эрхлэх, суралцах болон бусад шалтгаанаар манай улсад байнга оршин сууж байгаа аж.
Иргэд улс хооронд зорчихдоо санамсар, болгоомжгүйгээс таньдаг, таньдаггүй хүнээс бусдад дамжуулах дайвар ачаа авснаар мансууруулах, сэтгэцэд нөлөөт бодисын хэрэгт холбогдох асуудал олонтаа гарч байгаад дүн шинжилгээ хийж, иргэдэд энэ төрлийн гэмт хэргийн хохирогч болохоос сэргийлэх мэдээлэл сурталчилгааг өргөнөөр хийх саналыг хэлж байв. Монгол Улсын иргэд төдийгүй манай улсын хилээр нэвтэрч буй гадны иргэд ч бусдын дайвар ачааг дамжуулан авсны улмаас хар тамхи, хориотой, хууль бус эд зүйлийг хилээр нэвтрүүлэхийг завдсан гэмт хэрэгт холбогдох тохиолдол цөөнгүй гарч байгааг Л.Мөнхбаатар сайд хэлээд нэн тэргүүнд ийм төрлийн гэмт хэргээс урьдчилан сэргийлэх чиглэлээр сурталчилгаа, мэдээллийг эрчимжүүлэн ажиллаж байгаа гэв. Тийз бүр дээр санамж хэвлэх, онгоц, тээврийн хэрэгсэл дотор аман сануулга мэдээлэл өгөхийн зэрэгцээ хэвлэмэл материалууд дээр нийтлэх, тээврийн хэрэгсэл дотор санамж байршуулах зэрэг арга хэмжээг авч ажиллаж байгаа аж.
Бүгд Найрамдах Киргиз Улсад улсын хилийг хууль бусаар нэвтэрсэн хэргээр хорих ял эдэлж байгаа 1 иргэн, Интерполын шугамаар эрэн сурвалжпагдаж байгаад саатуулагдсан 1 иргэн тус тус байгаагаас гадна хоёр улсын эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх чиг үүрэг бүхий байгууллагуудын хамтын ажиллагааны хүрээнд өнгөрсөн хугацаанд Интерполын шугамаар эрэн сурвалжлагдаж байсан Киргиз Улсын 1 иргэнийг 2024 онд манай улс шилжүүлэн өгсөн бол Киргиз Улс манай улсын 2 иргэнийг шилжүүлэн өгсөн байна.
Хэрэгжиж буй гэрээг шинэчилж, өөрчиилж буй энэхүү төсөл нь Олон улсын гэрээний эрх зүйн тухай венийн конвенц болон Олон улсын гэрээний тухай хуульд нийцэж буй эсэхийг Д.Цогтбаатар гишүүн тодруулж, хариулт авсан. Үргэлжлүүлэн гишүүд хэлэлцэж буй асуудалтай холбогдуулан үг хэллээ. Дайвар ачаатай холбоотой, гадаад улс оронд зорчих тохиолдолд зайлшгүй мэдэх ёстой мэдлэг, мэдээллийг бага сургуулиас нь таниулдаг, сургадаг бусад улс орны туршлагыг дотооддоо нэвтрүүлж, ерөнхий боловсролын сургуулийн Иргэний боловсролын хичээлийн хөтөлбөрт энэ мэт агуулгыг багтаах боломжтой гэдэг саналыг П.Сайнзориг гишүүн хэлсэн.
Сүүлийн үед хар тамхи, сэтгэцэд нөлөөт мансууруулах бодис тээвэрлэдэг замын сүлжээ тус улсаар дамждаг болсон гэх олон улсын мэдээллийг Д.Цогтбаатар гишүүн цохоод, иймд энэ төрлийн гэмт хэргийн талаарх мэдээлэл, сэрэмжлүүлгийг иргэдэд тогтмол, хүртээмжтэйгээр түгээж, урьдчилан сэргийлэх арга хэмжээгээ эрчимжүүлэн, үр дүнтэй байлгахад анхаарахыг хүссэн. Ийнхүү гишүүд асуулт асууж, үг хэлсний дараа санал хураалт явуулав. Гэмт этгээд шилжүүлэх тухай Монгол Улс болон Бүгд Найрамдах Киргиз Улс хоорондын гэрээний төслийг зөвшилцөхийг Байнгын хорооны хуралдаанд оролцсон 15 гишүүний 11 нь дэмжлээ. Иймд энэ талаарх санал, дүгнэлтээ Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хороонд хүргүүлэхээр шийдвэрлэв.








