Н.Тавинбэх: Гуравдугаар станцаас хамаарсан дулааны эрчим хүчний доголдол байхгүй болсон
"Халдварт бус өвчний нас баралт, өвчлөлийн эрсдэлийг бууруулна"
Монгол Улсын Их Хурлын хяналт шалгалтын тухай хуульд заасны дагуу ажлын хэсэг байгуулах асуудлаар тухайн асуудал хариуцсан байгууллага, албан тушаалтны тайлбар, мэдээллийг авч, харгалзан үзэхээр заасны дагуу Эрүүл мэндийн яам (ЭМЯ)-ны Нийгмийн эрүүл мэндийн бодлогын газрын Халдварт өвчний хэлтсийн дарга Д.Баярболд мэдээлэл өглөө. Тэрбээр мэдээлэлдээ, Нийгмийн эрүүл мэндийн тусламж үйлчилгээний тухай хуулийг хэрэгжүүлсэн хугацаанд Эрүүл мэндийн сайдын баталсан хоёр үе шаттай төлөвлөгөөний дагуу хүн амын эрүүл мэндийг хамгаалах, дэмжих, урьдчилан сэргийлэх үйл ажиллагааг бүх салбарын хэмжээнд нэгдсэн байдлаар зохион байгуулж, халдварт бус өвчний нас баралт, өвчлөлийн эрсдэлийг бууруулах замаар хүн амын дундаж наслалтыг дээшлүүлэх, амьдралын чанарыг сайжруулах үндсэн нөхцөлийг бүрдүүлэхэд шаардлагатай арга хэмжээг төлөвлөн, үүрэгжүүлэх, санхүүжилтийн эх үүсвэр болон хэрэгжих хугацааг тодорхойлох ажлуудыг хийж байна гэлээ.
Үүний дотор Ерөнхий сайдаар ахлуулсан Нийгмийн эрүүл мэндийн үндэсний зөвлөлийн ажиллах журмыг батлуулж мөрдүүлэх, энэ асуудлыг хариуцсан үндэсний төв байгуулах асуудлыг Засгийн газрын хуралдаанаар шийдвэрлүүлэхээр ажиллаж байгаа аж. Мөн Үндэсний зөвлөлийг байгуулах бэлтгэл хангаж байгаа бөгөөд орон тооны бус уг зөвлөл салбар хоорондын оролцоонд тулгуурлан нийгмийн эрүүл мэндийн тулгамдсан асуудлуудыг хэлэлцэж санал зөвлөмж гаргах үүрэгтэй ажээ. Түүнчлэн Нийгмийн эрүүл мэндийн тусламж үйлчилгээний багц төлбөрийн хэмжээ, санхүүжүүлэх журмыг Сангийн сайдтай, Нийгмийн эрүүл мэндийн ноцтой тохиолдлын үеийн удирдлагын тогтолцоогоор ажиллах журмыг Шадар сайдтай хамтран батлах ажлын хэсэг томилогджээ. Эдгээрээс гадна нийгмийн эрүүл мэндийн мэдээллийн сангийн ажиллах журам, тусламж үйлчилгээнд олон нийтийн оролцоог хангах, сайн дурын ажилтныг урамшуулах журам, нийгмийн эрүүл мэндийн төвүүдийн дүрэм, бүтэц болон нийгмийн эрүүл мэндийн ажилтнуудын ажлын байрны тодорхойлолтуудыг батлах зэрэг ажлууд хүлээгдэж байгааг тэрбээр дурдав.
Нийгмийн эрүүл мэндийн тусламж, үйлчилгээний тухай хуулийн биелэлтэд хяналт шалгалт хийж, холбогдох санал, дүгнэлт гаргах ажлын хэсэг байгуулах тухай тогтоолын төсөлд тус ажлын хэсгийг Улсын Их Хурлын гишүүн О.Саранчулуун ахалж, бүрэлдэхүүнд Улсын Их Хурлын гишүүн А.Ариунзаяа, Д.Ганмаа, Т.Мөнхсайхан, Ц.Мөнхтуяа, М.Сарнай, Л.Энхнасан, Д.Энхтуяа, М.Энхцэцэг, С.Эрдэнэбат нар ажиллахаар тусгасныг Байнгын хорооны хуралдаанд оролцсон гишүүдийн олонх дэмжин баталлаа. Тогтоолоор ажлын хэсгийн хяналт шалгалт хийх үйл ажиллагааны удирдамжийг баталж, мэргэжил, арга зүйн туслалцаа үзүүлэх, мэдээллээр хангах чиглэлээр холбогдох байгууллагын албан тушаалтныг тухай бүр татан оролцуулж ажиллуулахыг ажлын хэсэг зөвшөөрөв. Түүнчлэн санал, дүгнэлтээ Улсын Их Хурлын 2025 оны намрын ээлжит чуулганы хугацаанд багтаан Байнгын хорооны хуралдаанд танилцуулахыг ажлын хэсэгт даалгасан байна.







