М.Энхцэцэг: Тогтвортой байдлыг бэхжүүлснээр үндэсний аюулгүй байдлыг хангана

УИХ-ын гишүүн М.Энхцэцэг нарын 31 гишүүнээс өргөн мэдүүлсэн Дулаан хангамжийн тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүдийн хэлэлцэх эсэхийг шийдвэрлэв. Хууль санаачлагч танилцуулгадаа, анхдагч хуулийн төсөл нь Эрчим хүчний тухай хуулийн хэрэгжилтийн үр дагаварт хийсэн үнэлгээний тайлан, өнөөдөр тус салбарт үүсээд буй асуудлаас улбаатайг дурдсан. Манай улс өмнө нь дулааны бие даасан эрх зүйн зохицуулалтгүй явж ирсэн бөгөөд хэт ерөнхий хуулиар, салбарын олон харилцааг "хуулиас давсан" 400 орчим журам, дүрмээр зохицуулж ирсэн нь иж бүрэн зохицуулалт бүхий төслийг боловсруулахад хүргэсэн гэлээ. Монгол орны цаг уурын онцлог байдалтай хамааралтай дулааны эрчим хүчний хэрэглээ өндөр, хүн ам, аж үйлдвэр, үйлчилгээний дулаан хангамжийн аюулгүй, найдвартай байдал нь стратегийн чухал асуудал тул дулаан хангамжийн харилцааг нарийвчлан зохицуулах шаардлагатай байна. Эрчим хүчний тухай хууль 24 жилийн хугацаанд мөрдөгдөхдөө нийт 15 удаагийн нэмэлт өөрчлөлтөөр 174 заалт буюу 53 хувьд нь нэмэлт, өөрчлөлт оруулсан.

Дулаан хангамжийн тухай хуулийн төсөл нь нийт 12 бүлэг, 66 зүйлтэй ба дулаан хангамжийн салбарын төрийн бодлого, төрийн болон зохицуулалтын байгууллагуудын чиг үүрэг, дулаан хангамжийн систем, ангилал, дулаан хангамжийн байгууллагуудын чиг үүрэг, хариуцлага, дулааны  сүлжээний холболт, дулааны тоолуур, тоолуурын систем, хэрэглэгчийн гэрээ, дулааны үнэ тарифын зохицуулалт, салбарын техник технологийн шаардлага, хяналт шалгалт зэрэг асуудлуудыг хамарсан, нарийвчилсан зохицуулалттай. Түүнчлэн, нэгдмэл сүлжээнээс гадна тархмал эх үүсгүүрийг бий болгоход бодлогын дэмжлэгийг үзүүлснээр иргэнийг хямд, найдвартай дулаанаар хангах нөхцөлийг бүрдүүлэх ба дулааны үнэ тарифыг тодорхойлох аргачлалыг олон улсын жишигт нийцүүлэн тогтооно. Дулаанд холбогдох техникийн нөхцөл, сүлжээнд холбох шалгуурыг хялбаршуулж, хэсэгчилсэн болон бие даасан дулаан хангамжийн системд холбогдох нөхцөлийг уян хатан болгоно. Дулаан хангамжийг бие даасан болон хэсэгчилсэн байдлаар шийдэх сонголт, боломжийг хуулийн хувьд нээлттэй болгож, үйл ажиллагаа явуулахад хүндрэл, бэрхшээл, төрийн оролцоо багатай байх, хувийн хэвшлийн хөрөнгө оруулалтыг дэмжих чиглэлд зохицуулалтууд орсон. Дулааны эрчим хүчийг тоолуураар тооцох үндсэн зарчмыг хуульд тодорхойлж, дулааны эрчим хүчний нэгдсэн баланс гаргах тогтолцоог бүрдүүлснээр дулаан хангамжийн системийн үр ашгийг хэмжих, үнэлэх, сайжруулах боломж бүрдэхийн дээр хэрэглэгчийн хувьд хэрэглэсэн дулааны төлбөрөө тоолуураар тооцуулах боломж бүрдсэнээр төлбөрийн шударга зарчим үйлчилж, дулааны эрчим хүчийг үр ашигтай, хэмнэлттэй ашиглах бодит хөшүүрэг, механизм бүрдэнэ. Хуулийн төсөл батлагдсанаар дулаан хангамжийн салбарт төрөөс баримталж буй бодлогыг хэрэгжүүлэх суурь нөхцөл бүрдэж, төрөөс үзүүлэх дэмжлэгийн төрлийг тодорхой болгоно. Ингэснээр улс, орон нутгийн хэмжээнд дулаан хангамжийн бодлогыг үр дүнтэй тодорхойлон хэрэгжүүлж, үр дүнд нь иргэд найдвартай дулаан хангамжийг зохистой үнээр худалдан авч, дулааны салбарын тэнцвэртэй, тогтвортой байдлыг бэхжүүлснээр үндэсний аюулгүй байдлыг хангах чухал нөлөө үзүүлнэ гэв.

2026-10-14 18.59.48.jpg

Төсөлтэй холбогдуулан УИХ-ын гишүүн С.Эрдэнэбат, Н.Батсүмбэрэл, Г.Очирбат, А.Ундраа нар асууж, байр суурь илэрхийллээ. Хуулийн төслийг дэмжиж УИХ-ын гишүүн С.Эрдэнэбат, Н.Батсүмбэрэл нар үг хэлэв.

2026-10-14 18.57.59.jpg

Хуулийн төслүүдийн танилцуулга, хэлэлцүүлгийн дараа төслүүдийг хэлэлцэх эсэхийг санал хурааж шийдвэрлэсэн юм. Хуралдаан даргалагч Б.Заяабал хуулийн төсөл бүрээр санал хураалт явууллаа. Хуралдаанд оролцсон гишүүдийн олонх төслүүдийг нэгбүрчлэн дэмжлээ. Тодруулбал, Статистикийн тухай хууль /Шинэчилсэн найруулга/-ийн төслийг, хамт өргөн өргөн мэдүүлсэн хуулийн төслүүдийг хуралдаанд оролцсон гишүүдийн 60 хувь нь дэмжиж, Байнгын хорооны санал, дүгнэлтийг УИХ-ын гишүүн Г.Очирбат чуулганы нэгдсэн хуралдаанд илтгэхээр тогтов. Харин Стандартчилал, техникийн зохицуулалт, тохирлын үнэлгээний итгэмжлэлийн тухай хууль /Шинэчилсэн найруулга/-ийн төслийг 68 хувийн саналаар үзэл баримтлалын хүрээнд хэлэлцэхийг дэмжсэн. Хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүдийг мөн дэмжиж, санал, дүгнэлтийг илтгэгчээр УИХ-ын гишүүн А.Ундрааг томилов.

2026-10-14 19.00.06.jpg

Түүнчлэн Дулаан хангамжийн тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүдийг үзэл баримтлалын хүрээнд хэлэлцэхийг хуралдаанд оролцсон гишүүдийн 68 хувь нь дэмжлээ. Байнгын хорооны санал, дүгнэлтийг илтгэгчээр УИХ-ын гишүүн Х.Булгантуяаг томилсноор энэ өдрийн хуралдаан өндөрлөв.