Тогтоолын төслийн эцсийн хэлэлцүүлгийг хийлээ

Засгийн газраас 2026 оны 08 дугаар сарын 31-ний өдөр өргөн мэдүүлсэн Монгол Улсын 2027 оны төсвийн тухай хуулийн төсөлтэй хамт өргөн мэдүүлсэн “Монгол Улсын 2027 оны төсвийн тухай хууль баталсантай холбогдуулан авах зарим арга хэмжээний тухай” Улсын Их Хурлын тогтоолын төслийн эцсийн хэлэлцүүлгийг явуулав.

Төслийг эцсийн хэлэлцүүлэгт бэлтгэсэн талаарх ажлын хэсгийн танилцуулгыг Улсын Их Хурлын гишүүн, ажлын хэсгийн ахлагч Ж.Батжаргал хийлээ. Тэрбээр Монгол Улсын Их Хурлын даргын 2026 оны 396 дугаар захирамжаар байгуулагдсан ажлын хэсэг чуулганы нэгдсэн хуралдаанаар гишүүдийн олонхын дэмжлэг авсан саналыг Улсын Их Хурлын тогтоолын төсөлд тусган, төслүүдийг эцсийн хэлэлцүүлэгт бэлтгэснийг танилцуулгадаа тодотгосон.

Төсөлтэй холбогдуулан асуулт асуух гишүүн байгаагүй тул Монгол Улсын Их Хурлын чуулганы хуралдааны дэгийн тухай хуулийн 42 дугаар зүйлийн 42.2.1-т заасны дагуу гүйцээн боловсруулах чиглэл авсан нэг саналаар санал хураалт явуулсан. Тодруулбал, Улсын Их Хурлын гишүүдээс тогтоолын төслийн 1 дэх хэсэгт ““Эко өрх” хөтөлбөрийн хүрээнд иргэдийн амьдрах орчныг сайжруулах, агаар, хөрсний бохирдлыг бууруулах зорилгоор 2027 оны төсвийн жилээс эхлэн олгох орон сууцны ипотекийн зээлийн нийт санхүүжилтийн 10 хувийг нийслэлд, 10 хувийг аймаг, сумдад бие даасан болон хэсэгчилсэн дэд бүтэц бүхий амины орон сууцны зээлд олгох” гэсэн 8 дахь заалт нэмэх санал гаргасныг хуралдаанд оролцсон гишүүдийн олонх дэмжсэнгүй.

Энэ талаарх Байнгын хорооны танилцуулгыг Улсын Их Хурлын гишүүн Б.Мөнхсоёл чуулганы нэгдсэн хуралдаанд танилцуулахаар болов.