М.МАНДХАЙ: БИ ЗОГСОХГҮЙ
УИХ-ын гишүүн, Байгаль орчин, хүнс, хөдөө аж ахуйн байнгын хорооны дарга М.Мандхайтай ярилцлаа.
-Төрөөс хөдөө, аж ахуйн салбарт олгосон хөнгөлөлт, урамшуулал, татаас, зээлийн талаарх “Нээлттэй сонсгол”-ыг УИХ-аас зохион байгуулсан. Гэвч зээл олголттой холбоотой асуудлыг хэлэлцэх шатанд ирц хүрээгүй гэдэг шалтгаанаар цуцлагдсан. Улс төрийн томоохон эрх ашгийг хөндөх учраас ирцийн бойкотод оруулж, “Сонсгол” цуцлагдахаас өөр сонголтгүй болголоо гэсэн асуулт одоо ч яваа. Уг нь нийгэмд хамгийн хүлээлттэй байсан асуудал...?
-Сонсголын зорилго анхнаасаа тодорхой байсан. Монголчуудын хувьд хамгийн чухал энэ салбарт багагүй хугацаанд урамшуулал, татаас, зээл тусламжууд төрөөс өгч иржээ. Сайн болов уу, болсонгүй юу. Алдаа юу байв, оноо хаана аа байв. Үүнийгээ эргэж нэг харцгаая, дүгнэж цэгнэе л гэсэн. Дараагийн он жилүүдэд зөв ажиллахын тулд, хөгжил дэвшил авчрахын тулд зайлшгүй ярих цаг нь болсон. Энэ сонсголоор хөдөө, аж ахуйн салбарт олгосон дэмжлэг, урамшуулал, хөнгөлөлттэй зээлийн хүүгийн татаас гэсэн гурван асуудлыг хэлэлцэх байсан. Хоёр өдөрт багтааж шинжээчийн маш олон дүгнэлттэй танилцуулгыг явуулахаар төлөвлөсөн. Эхний өдөр нь хөнгөлөлт, урамшууллаа ярьсан.
Харамсалтай нь, хоёр дахь өдөр зээлийн хүүгийн татаас буюу нийт 4.4 их наяд төгрөгийн санхүүжилтээр сүүлийн 5-6 жилд хэрэгжүүлсэн төслүүдийн талаар хэлэлцэхээр байсан ч ирц хүрээгүй. Энэ талаар бид хэвлэлийн хурал хийгээд тарсан. Хяналт шалгалтын тухай хуулиараа ерөнхий сонсгол байнгын хорооны гишүүдийн ирцээр явагддаг, ирц хүрээгүй бол бүхэлдээ цуцлагддаг. Ийм л юм болсон.
-Сүүлийн 5-6 жил гэхээр “Цагаан алт”, “Хүнсний хувьсгал”, “Шинэ хоршоо” гээд том мөнгөн дүнтэй бүх төсөл, хөтөлбөр багтана биз дээ?
-Тийм ээ. “Ковид-19”-ийн үед Засгийн газраас хэрэгжүүлсэн “10 их наядын цогц төлөвлөгөө” ч багтаж байгаа. Нийт зургаан хөтөлбөрийн хүрээнд 4.4 их наяд төгрөгийн хөнгөлттэй зээлийг олгосон.
Төрийн бодлогын санхүүжилт нь үндсэндээ 4.4 их наяд төгрөг гэсэн үг. Эндээс үр дүн ямар байгааг асуух нь чухал байлаа. Ялангуяа малчдын түүхий эд бэлтгэлийн үйл ажиллагааг эрчимжүүлэх, хаягдаад байгаа арьс, ширийг эдийн засгийн эргэлтэд оруулах, бидэнд тулгамдаад буй мах, сүү, гурилын нийлүүлэлтийг дэмжихэд чиглэсэн хөтөлбөрүүд ямар үр дүнд хүрсэн нь чухал байлаа.
Нэгэнт импортыг орлох бүтээгдэхүүнийг дотооддоо үйлдвэрлэх, хангах зорилгоор санхүүжилт батлаад, хөнгөлөлттэй зээл олгоод 5-6 жил өнгөрсөн болохоор ямар нэгэн байдлаар үр дүн гарах ёстой гэж хүлээх нь зүйн хэрэг биз дээ. Гэтэл бидэнд ирж байгаа тоо баримтаар таван жилийн өмнө ямар байсан тэр хэвээрээ л байна. Үндсэн гол хүнсээ импортын хамаарлаас бууруулж чадсангүй.
Иргэдийн суурь хэрэглээ нь хүнс байж ирсэн бол одоо олсон бүх орлогоороо хүнсээ аваад таардаг нөхцөлд орчихлоо. Зөвхөн хүнсээ авахын тулд ажиллаж, амьдраад байгаа юм шиг сонголт руу орчихлоо шүү дээ. Татаас, урамшуулал өгөөд байхад салбар урагшлахгүй байж болох уу. Үнэхээр бидний мэдэхгүй асуудал байна уу, эсвэл эдгээр хөтөлбөрийг тойрсон засаглалын асуудал байна уу, төрийн өөрийн бодлогын алдаа байсан уу гэдгийг тогтолцооны хувьд харах нь Сонсголын нэг ач холбогдол байсан ч хэлэлцэж чадахгүй дууслаа. Гэхдээ олон нийт асуудал яаж явж ирснийг харсан, ойлгосон. Дүгнэлтээ ч хийсэн байх. Иргэдийнхээ мэдэх эрхийг хангасан нь сонсголын бас нэг чухал алхам байлаа.
-Сонсгол цуцлагдсан ч Хянан шалгах түр хороо байгуулах эрх нь нээлттэй үлдсэн...?
-Ерөнхий сонсголыг хийхээр 18 жилийн хугацаанд хэрэгжүүлсэн олон төсөл хөтөлбөр, урамшууллаар олгосон санхүүжилтийн мэдээллийг бид шаардсан. Харамсалтай нь бүрэн авч чадаагүй. Үүнийг гаргаж өгөөгүй. Гэхдээ олдсон мэдээллийн хүрээнд гарсан зөрчлүүдийг ил болгоход л ямар байгааг бүгд харлаа шүү дээ.
Аудит, Сангийн яам болон Хөдөө, аж ахуйн яамтай хамтарсан шалгалтын хүрээнд илэрсэн зөрчлүүдийг сонсголын үеэр харуулсан. Нийт олгосон санхүүжилтийн хэмжээ нь 6 их наяд. Энэ бага тоо биш. Хэчнээн хөтөлбөрийг, хэний тушаалаар хэрэгжүүлсэн, ямар шийдвэр гаргасан нь тодорхойгүй үлдсэн.
Ил болсон мэдээллийн хүрээнд харахад маш олон давхцалтай хөтөлбөрүүд байна. Махан дээр гэхэд чанарыг сайжруулах, үнийг тогтворжуулах гээд олон давхцал бий. Эхнээс нь хаагаагүй, үр дүнг нь үзээгүй байж дараагийнхийг нь эхлүүлсэн байх жишээтэй.
Алдаа, асуудал нь хаана байгааг эхэлж тодорхойлж гаргаж ирэх байтал дараагийн санхүүжилт хэрэгжээд явах нь бодлогын хувьд зөв биш. Хяналт байхгүй бол үр дүн байхгүй. Тухайн үед гарсан алдаа, оноог нь зөв дүгнэж, хэмжиж байж ирээдүйд хэрэгжүүлэх төсөл, хөтөлбөр илүү үр дүнтэй, бодитой болно.
Бодлогын ажлын нэг хэмжүүр нь энэ. 2024 онд УИХ-ын гишүүн болоод удаагүй байхад энэ салбарт хэрэгжүүлж байгаа төсөл, хөтөлбөрийн давхцал, хийдэл нь хаана байгааг судлах Ажлын хэсгийг ахалж ажилласан. Үр дүнд нь хоёр хуулийн төсөл санаачилж, боловсруулж УИХ-аар батлуулсан.
Томоохон гэж хэлж болох “Цагаан алт”, “Хүнсний хувьсгал”, “Шинэ хоршоо”, “Атрын аян” зэрэг төсөлд НҮБ-ын Хөгжлийн хөтөлбөрийн дэмжлэгтэйгээр техникийн хөндлөнгийн шинжилгээ хийсэн. Тэгэхэд хэд хэдэн учир дутагдалтай зүйл байгааг тогтоож байлаа.
Бодлогын хувьд Төрийн гол институц. Цаана нь байгаа нэмүү өртгийн сүлжээ үндсэн зорилгоороо хөгжиж чадаж буйг харах ёстой. Төрийн дэмжлэг олгохдоо зөвхөн боловсруулах үйлдвэрийн чадварыг нэмэгдүүлэхэд чиглээд байвал цаад талд нь малын эрүүл мэнд, түүхий эдийн нийлүүлэлт, төвлөрөл гэсэн мал аж ахуйн орц хэсэг орхигдоно. Боловсруулах хэсгээс гарч байгаа бүтээгдэхүүн болгон импортыг орлох хэмжээнд хүрч чадах уу гэдгийг ярих ёстой болно.
Судлаачдын гаргасан тайлангаар маш их давхцал, хийдэл гарсан. 2024 онд шүү. Сонсголоор хэлэлцэх байсан нэг асуудал нь энэ. Гэтэл бидний мэдэж байгаа, ирүүлсэн материалын хэмжээгээр үр дүнг хэмжих индикатор нь ойлгомжгүй, удирдлагын түвшинд тодорхой хэлж чадаагүй. Учир дутагдалтай зүйл олон байсан учраас Хянан шалгах түр хороо байгуулж тусгай шалгалт хийх нь илүү үр дүнтэй юм байна гэж үзсэн. Хуулиараа Хянан шалгах хороо нотлох баримт цуглуулах, шинжлэн судлах, гэрчээр дуудах гээд илүү өргөн хүрээнд ажиллах боломжтой. УИХ-ын гишүүдийн дөрөвний нэгээр Хянан шалгах хороо байгуулах гарын үсэг цуглуулдаг. Сая ирц хүрэлгүй, сонсгол цуцлагдсаны дараа дөрөвний нэгээс давсан гишүүдийн гарын үсэг бүхий Хяналтын хороо байгуулахыг хүссэн бичгийг өөрийн бланк дээрээ үйлдэж, УИХ-ын даргад хүргүүлсэн.
-Зээл авсан аж ахуйн нэгж, компанийн тоо нь 56 мянга давсан гэдэг бил үү?
-Зээл авсан малчин, иргэн, аж ахуйн нэгжийн тоо 56 мянга.
-2020-2026 оны хооронд гэсэн үг үү?
-Тийм ээ. Төрөөс хөдөө, аж ахуйн салбарт олгосон 4.4 их наяд төгрөгийн зээлийг авсан иргэд, аж ахуйнууд. Нийт зээл авагсдын тал шахуу нь малчид.
-Тал хувь нь малчид гэхээр “Шинэ хоршоо” хөдөлгөөнтэй хамаарах нь?
-Нийт зээл авсан хүмүүсийн тал нь малчид. Гэхдээ тэр өгсөн бүх зээлийн 20 орчим хувь нь малчдад оногдсон. Малчдын авсан зээлийг хасаад үлдсэн 80 хувийг нь харахад тэдгээр зээлийн 60 хувь ердөө тавхан хувьд нь очсон байгаа юм. Сонин байгаа биз.
-Цөөхөн хүмүүс хамаг зээлийг нь авчээ. Хэдэн төгрөг гэсэн үг үү?
-Үнэн. Цөөн зээлдэгчид дийлэнх мөнгө төвлөрсөн гэсэн үг. Ердөө тавхан хувь нь 2.1 их наяд төгрөгийн зээлийг нь авсан байгаа юм. Эндээс нэг зүйлийг асуух ёстой. Энэ зээлийг анхнаасаа томоохон аж ахуйн нэгжийг дэмжихэд чиглэж гаргасан юм уу, эсвэл банкны 20-30 хувийн өндөр хүүтэй зээл, барьцаа хөрөнгийн шалгуур босгыг давахад бэрхшээлтэй байдаг жижиг дунд эрхлэгчдэдээ зориулж гаргасан зээл юм уу гэж. Үнэхээр үндэсний хэмжээний зээл мөн байсан уу гэдгийг ч задалж ярих учиртай. Жишээ нь, Увс аймагт хэчнээн зээлдэгч, аж ахуйн нэгж хамрагдаж чадсан юм. Сүхбаатар аймагт хэдэн хүн авсан юм. Өмнөговь, Дундговиос хэд авсан юм. Нэг ёсондоо зээлийн төвлөрлийг харах ёстой.
-Ил болсон тоо, баримтаар нийтээр нь дэмжлэг үзүүлэх ёстой зээлийг нэгээхэн хэсэгт төвлөрүүлсэн гэж ойлгогдохоор байна?
-Зарим нь одоо ч хэрэгжүүлээд яваа төсөл, хөтөлбөр болохоор дата мэдээлэл нь шинээрээ байгаа юм. Монголбанк, Сангийн яамнаас өгсөн, бусад арилжааны банкаар дамжуулж олгосон зээлийн мэдээлэл нь ч бий. Бодитой тоо баримтыг ярьж байна аа гэсэн үг. Тухайлбал, нэг компани гурваас зургаан хөтөлбөрөөс 19 удаагийн зээл авсан байна. 10 компани нийлээд их наяд орчим төгрөгийн хөнгөлөлттэй зээл авсан нь ч байна.
-Томоохон мөнгөн дүнтэй зээл авсан компаниуд гэхэд ямар чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг юм бол?
-“Хүнсний хувьсгал” бол ойлгомжтой. 19 нэр төрлийн хүнсийг дотооддоо 100 хувь үйлдвэрлэдэг болж, импортын хамаарлаас гаргах зорилготой байсан. “Шинэ хоршоо” гэхэд 14 нэр төрлийн хөрөнгө оруулалтын зээлийг малчдад олгохоор байсан. Малчдын хувьд том зээлд угаасаа хамрагдаж чаддаггүй. Тиймээс “Шинэ хоршоо” хөдөлгөөний зээл таатай боломж тэдэнд олгосон. Арилжааны банкнаас 20-иос дээш хувийн хүүтэй зээл авдаг байсан бол зургаан хувийн зээл гэдэг түүхэндээ байхгүй хэрэг.
-Гол нь авсан зээлээ зориулалтын дагуу зарцуулж байна уу гэдэг нь чухал. Жишээ нь, “Шинэ хоршоо” төслөөс авсан зээлээ машин болгож байна гэсэн шүүмжлэл нэг бус удаа явсан шүү дээ?
-Машин тэрэг авсан, зарим нэг нь хурим найр хийсэн сураг гардаг. Гэхдээ зориулалтаар нь ашигласан малчид ч байна, байна. Хашаа хороогоо сайжруулсан, үржлийн мал худалдаж авсан зэргээр. Тэгэхээр бүгдийг нь болохгүй байсан гэж хэлж болохгүй. Зөвхөн малчид ч биш бүх хөтөлбөрийн зээл зориулалтаараа зарцуулсан ашиглагдсан уу гэдэг гол асуудал. Малчдын хэдэн төгрөгийг яриад байгаа ч системийн хэмжээний банктай, банк бустай хүн ч энэ хөтөлбөрүүдээс зээл авсан байгаа юм. Маш их хэмжээгээр шүү. Бас ийм байдлаар зээл авчихаад банк бус руугаа оруулж, илүү өндөр хүүтэй зээл болгож гаргадаг гэсэн яриа олон жилийн өмнөөс яригдаж байсан.
Өөрсдөө гадаадын зах зээлээс хөрөнгө оруулалт татах бүрэн боломжтой. Хямд эх үүсвэртэй хөнгөлөлттэй ногоон зээлд хамрагдах бүрэн чадамжтай компаниуд ингэж хамаг зээлийг нь төвлөрүүлээд авчихдаг. Нөгөө талд ЖДҮ эрхлэгч, тариаланч, ногоочид, хөнгөн үйлдвэрийн салбарынхан гээд жинхэнэ хэрэгцээтэй хүмүүстээ энэ хөнгөлөлттэй зээлүүд нь очсон уу. Арилжааны банкныхаа шалгуурыг ч давж чадахгүй байна гэхээр Төрийн дэмжлэг хүрч чадаагүй, харалган л байсан байгаа юм.
Зах зээлийн өрсөлдөх чадварыг олноор бий болгож байж бараа бүтээгдэхүүний үнэ жамаараа бууна. Буух ч ёстой. Гэтэл тэрийг нь бий болгохгүйгээр томоохон бизнес эрхлэгчид нь дээгүүрээ том мөнгөн дүнтэй зээлийг хуваагаад авч байна.
Хардах эрхийнхээ хүрээнд тооцоо хийж үзэхэд банктай, ноолуур, тариалангийн бизнестэй хүн зээл авлаа гэж бодъё. Жирийн иргэн, бизнес эрхлэгч банкнаас зээл авахад 20-23 хувийн хүүг бүтнээр нь төлдөг. Шалгуур нь ч өндөр. Байшин саваа барьцаалдаг.
Эсрэгээрээ банктай хүн 12 хувийн татаастай тэрбум төгрөгийн зээл авахад жилдээ Төрөөс 120 сая төгрөгийг сул авах боломжтой. Банк бустай хүн гэхэд дээрх зээлийг эргэлдүүлэхэд сардаа 180 сая төгрөгийн орлого олно. Аваагүй, хийгээгүй байж болно.
Гэхдээ хөдөө, аж ахуйн салбарт үнэхээр хөрөнгө оруулалт татсан бол үр дүн нь хаана байна. Үр дүн гарсан бол банктай, банк бустай байгаа нь хамаагүй. Гол нь угаасаа чадамжтай байгаад нь яагаад Төр дэмжлэг үзүүлээд буй тодорхойгүй. Маш ойлгомжгүй.
-Магадгүй Төрд байгаа холбоо хамаарал, ашиг сонирхлын хэмжүүр нь тэдгээрт олгодог зээлийн үзүүлэлт юм биш үү?
-Олон улсын жишгээр ярихад Казахстан байна. Анх Төрийн татаастай зээлээр дамжуулж ЖДҮ эрхлэгчдээ дэмжих гэж үзсэн. Яг л манайх шиг. Тэгж явж байхад нь Дэлхийн банкнаас судалгаа хийж зорилтод бүлэгтээ зээл хүрээгүйг тогтоосон. Цөөн тооны томоохон аж ахуйн нэгж нь хуваагаад авсан байсан. Эрсдэл багатай, мөнгөө асуудалгүй төлдөг учраас том сигмент рүүгээ мөнгөө хуваарилсан байгаа юм.
Харин үр дүнг нь хэмжихэд бизнесийн салбарын татвар төлөлт эрс буурсан нь тодорхой болсон. Зүй нь хөрөнгө оруулалт нэмэгдэж, бүтээмж сайжрахын хэрээр төлөх татвар нэмэгдэх ёстой доо. Нийгмийн даатгалын шимтгэл төлөлтөөс эхлээд олон хүчин зүйлээр харагдах ёстой. Гэтэл буурсан.
Ингээд тогтолцоог нь өөрчилсөн, арилжааны банкууд өөрсдөө ЖДҮ эрхлэгчдээ бойжуул гэсэн шаардлага тавьсан. Эрсдэлтэй гэж үзэж байгаа бол эрсдэлгүй болтол нь хариуцлага үүр гэсэн. Тэгээгүй тохиолдолд Төрийн дэмжлэг үзүүлэхгүй гэж. Аль, аль нь хариуцлага үүрч эхэлсэн. Үр дүнд нь хөдөө, аж ахуйн салбар нь 20 хүртэлх хувийн бүтээмж сайжирсан.
Салбарын сайд нарын мэдээллийг харахаар хэмжиж байгаа үзүүлэлт нь эрс тэс. Боловсруулах үйлдвэрийн хүчин чадал нэмэгдсэн гэдэг. Газар, тариалан эрхлэгчдийн талбай нэмэгдсэн гэдэг. Талбай нэмэгдлээ гээд ургацын хэмжээ нэмэгдсэн үү, хүчин чадал нь нэмэгдээд бүтээгдэхүүний тоо олшроод, гарц сайжирсан уу? гэдэг үзүүлэлт нь хангалтгүй.
Түүхий эдийн олдоц чанартай болоод ирэхээр гадна, дотноос зээл авч байгаад хүчин чадлаа өөрсдөө нэмнэ шүү дээ.
-Өнгөрсөн хугацаанд хөдөө, аж ахуйн салбарт үр дүнгээ өгсөн хөтөлбөр байхгүй биш байгаа. Жишээ нь, “Атрын III” аяны хүрээнд улаанбуудайн тариалтыг нэмэгдүүлэх замаар дотооддоо 100 хувь гурилаар хангадаг болсон байсан. Гэтэл импортын гурилын татварыг гэнэт тэглэснээр эргээд импортоос хамааралтай болсон саяхны түүх...?
-Бас л бодлогын уялдаагүй байдалтай холбоотой. Дараа нь үүсч болох эрсдэлээ тооцож хараагүй л гэсэн үг. Гагцхүү том, жижиг гэлтгүй зээл авах боломжтой бол бүгдээрээ авна. Гэхдээ Төрийн бодлогыг удирдаж байгаа, том зургаараа харж буй, стратегийг нь тодорхойлдог яам өөрөө юу хийх ёстой вэ?
Тийм бол үнэхээр сайхан болж байгаа хэсгээ орхи. Зах зээлийн шугамаар нь хөгжүүлээд яв. Түүнээс биш байнга угждаг халамжийн систем биш байхгүй юу. Сүүлдээ бизнесүүдээ хүртэл тархи толгойг нь ажиллуулахгүйгээр авдаг, угждаг систем болголоо.
Өнөөдөр Био комбинатад шүлхийний вакциныг 100 хувь үйлдвэрлэх хэмжээний санхүүжилт улсын төсөвт байгаа юу байгаа. Гэтэл үүнд анхаараагүй хаясны гор нь өнөөдрийн гаднаас орж ирэх ямар нэгэн эрсдэлийг сөрөн тэсвэрлэх чадваргүй сууж байна. Ард нь хэн хохирч байна, малчид хохирч байна. Уг нь малчдын буруу биш байхгүй юу.
Цаг тухайд нь вакцинаа хийлгэдэг. Эмч нар нь цаг тухайд нь очоод шалгадаг, хариуцлагаа хэлээд явдаг баймаар байна. Малчид өөрийнхөө хөрөнгөд амь тэмцэж байгаа. Гэтэл гаднаас чемадоноор мал оруулж ирсэн, ирээгүй гэж яриад сууж байна. Бодлогын гажуудал энэ мөн үү, мөн.
Нэгэнт ийм нөхцөл байдалд орсон учраас нэгд эргэж харах, хоёрдугаарт, шийдэл ярих ёстой.
-Таныхаар цаашдаа юу хийх ёстой юм?
-Бодлогын шийдлээ гаргах ёстой. Алдаа оноогоо яагаад нуугаад байгаа юм. Байгаа болоод л Төр дэмжлэг үзүүлж, хөтөлбөр хэрэгжүүлж явчихаад тэрийгээ нуугаад байгааг гайхаад байна. Хэн нэгэн малчин, аж ахуйн нэгжийг буруутгах нь гол биш. Системийн алдаагаа засах нь чухал.
-Хөдөө, аж ахуйн салбараас олгосон хөнгөлөлттэй зээлийг хэний үед, ямар шийдвэр тогтоолын хүрээнд хэрэгжүүлсэн нь цаг хугацааны хувьд тодорхой шүү дээ. “Цагаан алт”, “Хүнсний хувьсгал” гэхэд Ерөнхийлөгч, “Шинэ хоршоо” хөдөлгөөний тухайд УИХ-ын дарга асан Д.Амарбаясгалантай шууд холбогдоно.
Шууд утгаараа хэний үед хэдэн төгрөгийн хөнгөлөлттэй зээл олгосон, хүүгийн татааст ямар хэмжээний мөнгө төвлөрүүлсэн зэрэг нь Сонсгол цуцлагдах үндсэн шалтгаан байсан юм биш үү. Нэг ёсондоо улстөрчид өөрсөд рүүгээ гал дуудахыг хүсээгүй байх?
-Бүх хөтөлбөрийн үр дүнг ярьж байгаа учраас хэн нэгэнд шошго нааж, өмөөрч, үгүйсгэж байгаа нь үндсэн сэдвийг саармагжуулах үйлдэл гэж харсан. Үүнийг хэн хийдэг юм, улстөрчид хийдэг.
Гол асуудлынхаа цөмийг саармагжуулаад субъектив болгох гэж оролдсон. Гэхдээ би зогсохгүй ээ. Анхнаасаа энэ салбарыг хөгжөөсэй гэж чин сэтгэлээсээ хүсч, зорьж ирсэн болохоор зорилгоосоо ухрахгүй. Зөвхөн яриад, гэм бурууг олоод зогсох биш энэ салбарыг бодлогын хувьд яаж хөгжүүлэх юм гэдгийг бид эрдэмтэн судлаачид, талбай дээрээ ажиллаж байгаа тэр хүмүүс, төрийн бодлого гаргаж байгаа хүмүүс нэгдэж, төрийн шийдвэрийг нотолгоон дээр суурилж гаргадаг болох ёстой. Ингэж байж хөгжлийн дараагийн шат руу гарахгүй бол үнэхээр хоцрогдож байна. Геополитикийн маш олон нөлөөллүүд орж ирж байгаа. Үүнээс ядаж нүүдэлчин мал аж ахуйн салбараа хадгалж, сөрөн тэсвэрлэх чадвартай болгомоор байна.
Швейцарь улс гэхэд өөрийн сөрөн тэсвэрлэх чадварыг бий болгосон нь хөдөө, аж ахуй. Томоохон улсуудтай хиллэдэг ч бүх иргэн нь өөрсдийн бүтээгдэхүүнээ 100 хувь дотоодоосоо хэрэглэж чадаж байна. Монгол Улс мөнгөгүй байна уу гэхээр үгүй. Жил ирэх тусам төсөв өсч байна. Үүнийхээ тодорхой хэсгийг хөдөө, аж ахуйн салбартаа оруулж байгаад ч хувьдаа баярладаг.
Гэхдээ үндэсний компаниуд нь тогтвортой биш. Дахиад нэг асуудлыг онцолж хэлье. “Хүнсний хувьсгал” дөрвөн жилийн циклтэй төсөл. “Цагаан алт” гурван жилийнх. “Шинэ хоршоо” таван жил. Одоогийн байдлаар 4.4 их наядыг зарцуулсан. Эдгээр хөтөлбөрүүд дууслаа гэхэд энэ салбар цаашаа яаж явах вэ. Цагаан алт 1, 2, 3 гээд үргэлжлээд явах уу. Төрөөс дэмжлэг авчихаад хэтдээ бие даасан салбар болоод явах уу гэдэг нь эргэлзээтэй.
-Бодит байдал нь яг ямар байгаа юм?
-Харин тэрийг мэдмээр байгаа байхгүй юу.
-Гэхдээ Танд тодорхой мэдээлэл байгаа биз дээ?
-Яг үнэндээ хэмжигдэхүйц мэдээлэл ирээгүй. Уг нь Төр өөрийн зарцуулж, хэрэгжүүлсэн хөтөлбөртөө хяналт тавих ёстой. Гэхдээ ямар байгааг иргэд олон нийт ч өөрсдөө хараад ойлгохоор хэмжээнд байна л даа.
-Зээл олгосон нь, дэмжлэг татаас олгосон нь үнэн. Тэгэхээр энэ бүх мэдээлэл нь дата хэлбэрээр байх ёстой...?
-Улсын төсвөөс мөнгө гарсан нь, зарцуулсан нь, гүйцэтгэсэн нь үнэн. Гэтэл бодит үр дүнгийн талаарх мэдээлэл алга.
-Архивын мэдээлэл устсан гэдэг нь үнэн юм уу? Жалганд аваачаад шатаасан гэж зарим гишүүн мэдэгдсэн шүү дээ?
-Ковидын цар тахлын үед хэрэгжүүлсэн 10 их наядын хөтөлбөрөөс өөрөөр 2017 оноос өмнөх бүх материал байхгүй, ирүүлээгүй. Маш олон хөтөлбөр хэрэгжсэн байх ёстой.
Аудитын тайлангаас харахад нийтдээ 2.3 их наяд төгрөгийн зөрчил үүссэн. Санхүүгийн тайлангуудыг нэгбүрчлэн харахад 2017, 2019 онд зөрчилгүй гэж гарсан. Бусад нь хязгаарлалттай. ЖДҮ, Мал хамгаалах, Хөдөө, аж ахуйг дэмжих сан зэргээр. Авлага, найдваргүй зээл нь хоорондоо нийлж баталгаажуулаагүй. Барьцааны шаардлага хангаагүй байхад зээл олгосон. Хөрөнгө нь байна уу гээд очоод харахаад тэр нь байхгүй. Хадгаламжиндаа мөнгийг нь байршуулсан аж ахуйн нэгж ч байна.
Иймэрхүү зөрчилд аудитаас хязгаарлалт тавьдаг. Зүй нь дараа дараагийнхаа үйл ажиллагааг сайжруулах ёстой. Зарим он цагийн мэдээллүүд ор тас гарч ирэхгүй байгаа. Санаатай алга хийсэн үү гэдэг асуудал Хянан шалгах хороог албажуулж байгуулж өгвөл тогтоох боломжтой.
-Аудитаас хязгаарлалт тавиад байхад зээл олголтоо үргэлжлүүлээд явсан нь ямар учиртай юм бол. Зөрчлөө арилгаж байж дараагийн санхүүжилтыг олгох ёстой биз дээ?
-Сонсголын хүрээнд хэлэлцсэн асуудлыг Байнгын хороогоор нэгтгэж ажлаа тайлагнана. Улмаар арга хэмжээ авах талаар салбарын сайдад хандана. Төр татаасаар зээл олгож байгаа бол Монголбанкнаас шалгалт хийдэг байх ёстой.
Дунд шатны удирдлагуудын хариуцлагын асуудал ч байна. Сайд нь солигдоод очиход болж бүтэж байгаа юм шиг ойлгуулдаг. Өнгөрсөндөө хяналт хийдэггүй. Тэгэхээр сайд нарын хувьд үр дүнгээ сайн хэмждэг болох учиртай.
Дэлхийн жишгээр Төр өөрөө санхүүжилтийн дэмжлэг оруулах нь учир дутагдалтаа гэж үздэг. Ерөөсөө хувийн хэвшлээрээ дамжуулдаг. Хувийн хэвшил рүүгээ чиглэсэн тэдгээрийг дэмжихийг илүүд үздэг болсон.
Ярилцсанд баярлалаа.
С.Гандөл