Г.Ялалт: Орон нутагт цэрэгт татагдаж амжаагүй иргэд нийслэлийн цэрэг татлагад хамрагдах боломжтой
Лабораторийн гурван шатны тогтолцоог бий болгоно
Статистикийн тухай хууль /Шинэчилсэн найруулга/-ийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүдийн хэлэлцэх эсэхийг шийдвэрлэлээ. УИХ-ын гишүүн А.Ариунзаяа нарын 7 гишүүнээс өргөн мэдүүлсэн энэхүү төсөл 7 бүлэг, 31 зүйлтэй. Статистикийн хуулийг баталснаас хойших 29 жилийн хугацаанд 20 удаа нэмэлт, өөрчлөлт оруулж, үзэл баримтлал нь бүрэн өөрчлөгдсөн, анхны зорилгоо биелүүлж чадахгүйд хүрсэн тухай хууль санаачлагч танилцууллаа. Түүнчлэн манай улсын үндэсний статистикийн тогтолцоонд олон улсын байгууллагуудаас үнэлгээг хийж, зөвлөмж, дүгнэлт өгсөн. Тус зөвлөмжид эрх зүйн шинэчлэл шаардлагатайг дурдсан, дэлхий нийтийн жишгээр салбарын бие даасан, хараат бус байдлыг бүрдүүлэх хэрэгцээнд үндэслэн төслийг боловсруулсан гэв. Хууль санаачлагчдын зүгээс тогтолцоог бүхэлд нь шинэчлэхийг зорьсон гэлээ.
Ингэснээр хуулийн хийдэл, давхардал арилж, статистикийн мэдээллийн хэлбэр, агуулга, зохицуулалт тодорхой болно. Үндэсний статистикийн хороо нь албан ёсны болон захиргааны статистик үзүүлэлтүүдийг тогтоох болсноор эрх зүйн тогтвортой орчин бүрдэх юм. Мөн төрийн болон бусад байгууллагын мэдээллийн санд хандах, тэдгээрийг ашиглах, мэдээллийн олон эх үүсвэр ашиглах эрх зүйн орчинг бий болно. Статистикийн мэдээллийн эх үүсвэр, тархаалт, ашиглалт, чанарын хяналт, мэдээллийн нууцлал, хамгаалал, өгөгдлийн засаглал, өгөгдлийн шинжилгээний зохицуулалтыг төсөлд тусгасан. Үр дүнд нь төрийн их өгөгдлийн хэрэгжилтийг хангуулах эрх зүйн орчин бүрдэнэ хэмээв.

Хэлэлцэж байгаа асуудалтай холбогдуулан УИХ-ын гишүүн Л.Соронзонболд төрийн байгууллагууд дахь мэдээллийн давхардлыг зохицуулах, хувь хүний мэдээллийг хамгаалах, УИХ-ын гишүүн Ч.Анар мэдээллийн ил тод байдлыг хангах зохицуулалт бий эсэхийг тодруулав. Эдийн засгийн байнгын хорооны дарга Б.Заяабал хууль хоорондын уялдааг хэрхэн зохицуулсан талаар асуулаа. Төслийг дэмжиж УИХ-ын гишүүн Ч.Анар, С.Эрдэнэбат нар үг хэлэв. Зөвлөлд аль болох олон нийтийн төлөөллийг оруулах, нээлттэй сонгон шалгаруулдаг байх гэсэн байр суурь илэрхийлсэн.

Байнгын хорооны хуралдаанаар Засгийн газраас 2026 оны 07 дугаар сарын 06-ны өдөр өргөн мэдүүлсэн Стандартчилал, техникийн зохицуулалт, тохирлын үнэлгээний итгэмжлэлийн тухай хууль /Шинэчилсэн найруулга/-ийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүд хэлэлцэх эсэхийг шийдвэрлэлээ. УИХ-ын гишүүн, Засгийн газрын гишүүн бөгөөд Монгол Улсын Шадар сайд Н.Номтойбаяр хууль санаачлагчийг төлөөлж, танилцуулгыг илтгэв. Тэрбээр, иргэний эрүүл аюулгүй орчинд амьдрах, орчны бохирдол, байгалийн тэнцэл алдагдахаас хамгаалуулах эрхийг хэрэгжүүлэхэд чухал ач холбогдолтой төсөл гэдгийг дурдлаа.

Монгол Улсын нэгдэн орсон олон улсын конвенц, хэлэлцээрийн хүрээнд хүлээсэн үүргээ хэрэгжүүлэхтэй холбоотой харилцааг зохицуулах шаардлагатайг онцоллоо. Манай улсад 6657 стандарт хүчин төгөлдөр байгаа боловч тэдгээрийг дагаж мөрдөхгүй байгаагаас шалтгаалан хүн, малын эрүүл мэнд, хүрээлэн буй орчин, нийтийн ашиг сонирхолд сөрөг нөлөөллийг бий болгож, улмаар иргэдийн эрх зөрчигдөхөд хүрлээ. Иймд стандартыг дагаж мөрдөх, хэвшүүлэх зайлшгүй шаардлага тулгараад байна. Стандартын хэрэгжилтийг мөрдүүлэх, хянах тогтолцооны нэг хэсэг бол лаборатори юм. Гэтэл бүх салбарт лабораторийн бодлого, тогтолцоо алдагдаж, стандартын хэрэгжилтийг хангах, хянах боломжгүйд хүрлээ. Тиймээс 9 бүлэг, 36 зүйлтэй хуулийн төсөлд чиг үүргүүдийн давхардлыг арилгах, хуулийн зарчим, нэр томьёог шинэчилж, салбар дундын зохицуулалтыг тусгасан. Улсын хэмжээнд дагаж мөрдөх стандарт, техникийн зохицуулалтыг боловсруулах, хэлэлцүүлэх, батлах үйл явцыг тодорхой болгож, олон талын оролцоог нэмэгдүүлнэ. Тохирлын үнэлгээний байгууллагуудыг бодлогоор дэмжиж, эрх, үүргийг тодорхой болгон, хариуцлагыг нэмэгдүүлнэ. Лабораторийн гурван шатны тогтолцоог бий болгож, удирдлага, санхүүжилт, нөөцийн чадавхыг нэмэгдүүлэх замаар хүний эрүүл мэндийг хамгаална хэмээн төслийг танилцууллаа.
Тохирлын баталгаатайгаар улсын хилээр нэвтрүүлсэн бараа, бүтээгдэхүүний статистик мэдээллийн сан бий болгох, стандартын хэрэгжилтэд зөвхөн төрөөс хяналт тавих бус иргэн, үйлдвэрлэгч, нийлүүлэгч зэрэг бүх талын оролцоог хангах; Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр худалдан авах бараа, ажил, үйлчилгээ нь тухайн бүтээгдэхүүний техникийн зохицуулалт, стандартад нийцсэн байх зохицуулалт; Стандартын байгууллагын харьяа орон нутгийн нэгжийн чиг үүргийг нэмэгдүүлж, төвлөрлийг сааруулах бодлого хэрэгжүүлэхээр тусгажээ.

Хууль санаачлагчийн танилцуулгын араас гишүүд асуулт асуухад, УИХ-ын гишүүн Д.Үүрийнтуяа уг төслийн ач холбогдлыг тодотгож, "тохирлын үнэлгээ" нэрээр аж ахуйн нэгж байгууллагуудад дарамт учруулдаг асуудлыг хэрхэн шийдвэрлэснийг тодрууллаа. Төсөл бүхэлдээ иргэн, хувийн хэвшлийг дэмжихэд чиглэж буйг Н.Номтойбаяр сайд өгүүлсэн бол Монгол Улсын хэмжээнд заавал хамруулах шаардлагатай тохирлын үнэлгээний жагсаалт байдаг, шаардлагатай бол хасаж, цөөрүүлэх боломжтой хэмээн Ажлын хэсгээс тайлбарлав.
Шинэ стандарт нэвтрүүлэхэд 18 сар зарцуулж байгааг цөөрүүлэх асуудлыг УИХ-ын гишүүн Ч.Анар хөндөв. Ажлын хэсгээс энэ нь харьцангуй бага хугацаа, олон улсад 48 сарын хугацаанд нутагшуулах жишиг бийг дурдлаа. Стандартчлалтай холбоотой мэдээллээ олон нийтэд нээлттэй болгох, хуулийн төсөлд тусгасан эсэхийг УИХ-ын гишүүн С.Эрдэнэбат, бүх салбарт стандарт хэрэгжихгүй байгаа нь ихээхэн хор уршигтай талаар УИХ-ын гишүүн Г.Очирбат, Н.Батсүмбэрэл, М.Мандхай нар хөндөж тодруулсан юм. Гишүүд хилээр хараа хяналт сул нэвтэрч байгаа тээврийн хэрэгсэл, ургамлын тос, хүнс, барилгын материалын чанар, хүнсний аюулгүй байдлын стандартыг хангахтай холбоотой эрсдлийн үнэлгээг боловсруулж батлах шаардлагатайг, бизнесийн орчинг хөнгөлөхтэй зэрэгцэн хараа хяналтыг сулруулж болохгүйг сануулав. Төслийн талаар байр суурь илэрхийлж УИХ-ын гишүүн Д.Үүрийнтуяа, Н.Батсүмбэрэл нар үг хэллээ.