Н.Номтойбаяр: Баталгаажуулах тогтолцоо хангалттай түвшинд хүрээгүй

Стандартчилал, техникийн зохицуулалт, тохирлын үнэлгээний итгэмжлэлийн тухай хууль /Шинэчилсэн найруулга/-ийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүдийн хэлэлцэх эсэхийн хэлэлцүүлгийг хийлээ.

Хууль санаачлагчийн илтгэлийг Монгол Улсын Шадар сайд Н.Номтойбаяр танилцуулав. Тэрбээр танилцуулгадаа, өнөөдөр иргэдийн хэрэглэж буй хүнс, хүүхдийн сурч хүмүүжиж буй орчин, барилга байгууламж, үйлдвэрлэл үйлчилгээний аюулгүй байдлыг бүрэн хянаж, баталгаажуулах тогтолцоо хангалттай түвшинд хүрээгүй байна. Үүний төлөөсийг иргэд амь, нас эрүүл мэндээрээ, аж ахуйн нэгжүүд хөрөнгө орлогоороо, улс орон татвар төлөгчдийн мөнгөөр төлж байна гэлээ.

Одоогийн мөрдөгдөж байгаа хууль нь хяналт хариуцлагын тогтолцоо сул, төрийн байгууллагуудын уялдаа холбоо дутмаг, чиг үүргийн давхардалтай, нэр томъёо нь хэрэглэхэд энгийн ойлгомжтой биш байгаа нь хуулийн шинэчлэл хийх зайлшгүй шаардлагатайг харуулж буйг дурдсан.

Хуулийн төсөл нийт 9 бүлэг, 38 зүйлтэй бөгөөд дараах үндсэн өөрчлөлтүүдийг тусгалаа. Тухайлбал, стандарт хэрэглэх эрх, мөрдөх үүргийг тодорхой болгох, лабораторийн гурван шатлалт тогтолцоог хуульчилж, тохирлын үнэлгээ, итгэмжлэлийн байгууллагын хариуцлага, хараат бус байдлыг бэхжүүлжэх, мэдээллийн нэгдсэн санг бий болгох, олон улсын худалдаа, үйлдвэрлэлийн хэрэгцээнд нийцсэн зохицуулалтыг бүрдүүлэх, хэрэгжилтэд тавих хяналт, төрийн худалдан авалтын шаардлагыг тодорхой болгох эрх зүйн зохицуулалтуудыг тусгасан байна.

Хуулийн төсөл батлагдсанаар стандарт, олгосон гэрчилгээ, хийсэн хяналт шалгалтын тоогоор бус, иргэдийн амь нас, эрүүл мэндэд учрах эрсдэл хэрхэн буурч, бүтээгдэхүүн үйлчилгээний чанар, үндэсний үйлдвэрлэгчдийн өрсөлдөх чадвар хэрхэн дээшилснээр үнэлнэ. Хуулийг хэрэгжүүлэхдээ төрийн одоо байгаа мэдээллийн дэд бүтцэд тулгуурлан цахим үйлчилгээг өргөжүүлэх, хөрөнгө оруулалтын давхардлыг арилгах, төр, хувийн хэвшлийн оролцоо, нөөцийн ашиглалтыг оновчтой болгох зарчмыг баримтална гэдгийг Н.Номтойбаяр сайд танилцуулгадаа дурдав.

Түүнчлэн шинэчлэлийн эцсийн зорилго нь стандартыг цаасан дээр батлах бус амьдралд хэрэгжүүлдэг, чанар, аюулгүй байдлыг бодитоор баталгаажуулдаг, хариуцлага нь тодорхой тогтолцоог бүрдүүлэхэд оршино гэж байлаа.

Улсын Их Хурлын Эдийн засгийн байнгын хороо уг асуудлын хэлэлцэх эсэхийн хэлэлцүүлгийг 2026 оны 10 дугаар сарын 14-ний өдрийн хуралдаанаараа хийсэн бөгөөд энэ талаарх Байнгын хорооны санал, дүгнэлтийг Улсын Их Хурлын гишүүн А.Ундраа танилцуулав.

photo_2026-10-23_15-44-49 (4).jpg

Тэрбээр танилцуулгадаа, Монгол Улсын Үндсэн хуулиар баталгаажуулсан иргэний эрүүл, аюулгүй орчинд амьдрах, орчны бохирдол, байгалийн тэнцэл алдагдахаас хамгаалуулах эрхийг хангах, стандартчилах, эрх зүйн зохицуулалтыг нийгэм, эдийн засгийн хөгжлийн хэрэгцээ, шаардлагад нийцүүлэн боловсронгуй болгох, түүнчлэн Монгол Улсын нэгдэн орсон олон улсын болон Дэлхийн худалдааны байгууллагын хэлэлцээр, конвенцоор хүлээсэн үүргийг хэрэгжүүлэх зорилгоор Стандартчилал, техникийн зохицуулалт, тохирлын үнэлгээний итгэмжлэлийн тухай хуулийн зохицуулалтыг боловсронгуй болгохоор хуулийн төслийг боловсруулсныг дурдав.

Мөн Монгол Улсын Их Хурлын чуулганы хуралдааны дэгийн тухай хуулийн 35 дугаар зүйлийн 35.11 дэх хэсэгт "... Байнгын хорооны хуралдаанаар хуулийн төсөл, түүнтэй хамт өргөн мэдүүлсэн төсөл тус бүрийг үзэл баримтлалын хүрээнд дэмжих эсэх асуудлаар ил санал хураалт явуулна..." гэж заасны дагуу санал хураалт явуулахад, Стандартчилал, техникийн зохицуулалт, тохирлын үнэлгээний итгэмжлэлийн тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүдийг хуралдаанд оролцсон гишүүдийн олонх үзэл баримтлалын хүрээнд хэлэлцэхийг дэмжиж, чуулганы нэгдсэн хуралдаанаар хэлэлцүүлэх нь зүйтэй гэж үзсэнийг онцолсон. /дэлгэрэнгүй эндээс/

photo_2026-10-23_15-44-49.jpg

Хэлэлцэж буй асуудалтай холбогдуулан гишүүд асуулт асууж, хариулт авч, дэмжсэн дэмжээгүй талаараа байр сууриа илэрхийлэв. Ингээд Стандартчилал, техникийн зохицуулалт, тохирлын үнэлгээний итгэмжлэлийн тухай хууль /Шинэчилсэн найруулга/-ийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн 17 хуулийн төслийг үзэл баримтлалын хүрээнд хэлэлцэх эсэх санал хураалтыг төсөл тус бүрээр явуулав. Хуралдаанд оролцсон гишүүдийн олонх хуулийн төслүүдийг үзэл баримтлалын хүрээнд хэлэлцэхийг дэмжсэн тул анхны хэлэлцүүлэгт бэлтгүүлэхээр Эдийн засгийн байнгын хороонд шилжүүлсэн.

Энэ үеэр Монгол Улсын Их Хурлын дарга С.Бямбацогт, намрын чуулгандаа багтаж хуулийн төслийг яаралтай хэлэлцэн баталбал, монгол хүний эрүүл, аюулгүй орчинд амьдрах Үндсэн хуулийн эрх баталгаажин хангагдана. Байгаль орчин төдийгүй бусад олон асуудлууд стандарттай болж, чанартай бүтээгдэхүүн хэрэглэх, чанартай барилга байгууламжид амьдрах боломж бүрдэнэ гэдгийг онцлон тэмдэглэв.