Ц.Баатархүү: Үнэндээ иргэдээ үзэгч болгосон
Иргэд баялагтаа эзэн байх тухай бүгдээрээ ярьцгаадаг боловч үнэндээ иргэдээ үзэгч болгосон гэж УИХ-ын гишүүн Ц.Баатархүү асуудал хөндөв. Тэрбээр Үндэсний баялгийн сангийн тухай хуульдаа өөрчлөлт оруулах шаардлагатайг онцолсон юм. Уул уурхайн баялгийг ирээдүй хойч үедээ үлдээе гээд Ирээдүйн өв санг бий болгосон. Гэтэл хүү багатай хадгалаад, өөрсдөө гаднаас өндөр хүүтэй зээл авч байгаа нь зохисгүй гэв. Ажлын хэсгээс, Хуримтлалын сангийн 1.5 их наяд төгрөгийг 12.5 хувийн хүүтэй Монголбанканд, Ирээдүйн өв сангийн 1.9 тэрбум ам.долларыг 3.9-4 хувийн хүүтэйгээр гадаадын 3-4 улсын банканд хадгалуулж буй. Баялгийн сангийн тухай хуульд өөрчлөлт орж, хуримтлалын сангийн өгөөжийг нэмэгдүүлэх, санхүүгийн зах зээл дээр эргэлтэд оруулах эрх зүйн орчин бүрдсэн учраас шинэ гарц, гаргалгааг бий болгохоор төлөвлөж байгаа хэмээн Ажлын хэсгээс хариуллаа.
Оюу толгойн ногдол ашгийг иргэдэд олгох нийтийн өргөдөл санаачилсан иргэнд болон гарын үсэг зурсан дэмжигчдэд УИХ-ын гишүүн Г.Лувсанжамц талархахын сацуу Үндэсний баялгийн сангийн мэдээллийг ил тод, нээлттэй болгох шаардлагатайг холбогдох албаныханд сануулав.