З.Мэндсайхан: Оюу Толгойн хэлэлцээрийн баг удахгүй ирнэ

 

Өргөдлийн байнгын хорооны хуралдаанаар "Оюу толгойн ашиг болох 3 их наядаас иргэн бүрд 857,000 төгрөгийг хувь дансанд нь шилжүүлж өгөх асуудлаар хуулийн төсөл санаачлах" тухай нийтийн өргөдлийг хэлэлцлээ.

Энэ үеэр Сангийн сайд З.Мэндсайхан УИХ-ын гишүүдийн асуултад хариулахдаа, Оюу толгойн ногдол ашиг олгох хугацааг 2027 онд болгож наашлуулсан, ирэх онд 3 их наяд ногдол ашиг манай талд олгохоор хэлэлцсэн гэлээ. Энэ талаар “Оюу Толгой” компани, “Рио Тинто” группээс Монгол Улсын Засгийн газарт захидал ирүүлснийг Сангийн сайд уншиж танилцууллаа. Монгол Улсын Ерөнхий сайд болон “Рио Тинто” группийн гүйцэтгэх захирлын уулзалтын үеэр талууд "Оюу Толгой" ХХК-аас 2027 онд хувьцаа эзэмшигчдэдээ эзэмшлийн хувь хэмжээнд тэнцүүлэн ногдол ашиг олгох асуудлаар санал солилцсон. Үүний дагуу Засгийн газраас 2027 онд "Оюу Толгой" ХХК-аас 3 их наяд төгрөгийг төвлөрүүлэхээр төлөвлөсөнтэй холбогдуулан төлөвлөгөө гарган ажиллаж байна. Энэ нь тус компанийн ирэх онд улсын төсөвт төвлөрүүлэх татвар, ашигт малтмалын нөөц ашигласны төлбөр, бусад хураамжаас гадна төлөх дүн байх юм” гэж захидалд тэмдэглэжээ.

Мөн Монгол Улсын Засгийн газартай нягт хамтран ажиллаж, "Оюу Толгой" ХХК-ийн урт хугацааны санхүүгийн тогтвортой байдлыг хадгалахын зэрэгцээ Монгол Улсад оруулах хувь нэмрийг нэмэгдүүлж, эдгээр боломжийг бодит үр дүн болгохоо илэрхийлжээ. Хэлэлцээрийн баг удахгүй ирнэ гэлээ.