Эзэнд нь үлдээх 1.3 их наяд

Улсын эдийн засаг төсвөөс бүрэн хамааралтай. Харин төсөв нь татвараас бүрддэг. Ардчилсан тогтолцоонд шилжсэн 1990-ээд онд ч тийм байсан. Аль социализмын үед ч тийм л байлаа. Гэхдээ Монгол Улсын татварын систем өнгөрсөн 30 жилийн хугацаанд хувийн хэвшил, иргэндээ хэтэрхий хатуу, халаасыг нь тэмтрэхэд чиглэж ирсэн нь үнэн. Бодлого нь өөрөө тийм, хатуу шатлалтай гэсэн үг. Үндсэндээ улсын төсвийн орлогын 90 хувийг татвараар бүрдүүлдэг нь бүс нутгийн болон хөгжиж буй орны дунджаас хэт өндөр, бизнесийн өсөлтийг шууд чөдөрлөсөн үзүүлэлт байв.

Гагцхүү 2027 оны нэгдүгээр сарын 1-нээс хэрэгжиж эхлэх Татварын багц хуулиар зүгээр нэг хөнгөлөлт биш, харин төрийн данхар бүтцийг татвар төлөгчдийн нуруун дээрээс буулгах бодит реформын эхлэлийг тавихаар байна. Эл шинэчлэлээр нийт ачааллыг 1.3 их наяд төгрөгөөр бууруулж, төсвийн татвараас хамаарах жинг 79 хувь руу татаж байгаа юм. Ингэхийн тулд хэд хэдэн шинэтгэл хийснийг доор сийрүүлье.

ИРГЭДИЙН ХАЛААСАНД 1 ИХ НАЯД ТӨГРӨГ ҮЛДЭНЭ

Хөдөлмөрийн хөлсний доод хэмжээнээс 10 хувийн ХХОАТ суутгуулдаг байсан бол шинэ хуулиар 792,000 төгрөгт огт татвар төлөхөөргүй болов. Ингэснээр 1 сая 30 мянган иргэний дансанд жилдээ 1 сая төгрөг буцан орж, нийт 1 их наяд төгрөгийг төр хурааж авах бус, гар дээр нь үлдээхээр боллоо. Нэмээд иргэн өөрийн өмчилсөн орон сууц, үл хөдлөх хөрөнгөө борлуулахад төрөөс "торгууль" мэт авдаг байсан 2 хувийн татварыг бүрэн чөлөөлсөн нь иргэдийн өмчлөх эрх, хөрөнгийн эргэлтийг чөлөөлсөн бодит шийдвэр болж байна.

СҮҮДРИЙН ЭДИЙН ЗАСАГ РУУ ТҮЛХДЭГ "ТАТВАРЫН ХАВХ"-ЫГ ХАЛАВ

Монгол Улс НӨАТ-ын 50 сая төгрөгийн босгыг 2016 онд тогтоосноос хойш 10 жилийн хугацаанд инфляц 100 гаруй хувиар өссөн. Өөрөөр хэлбэл, жижиг ТҮЦ, үсчин хүртэл НӨАТ төлөгч болж, сар бүр тайлан гаргах хүнд сурталд дарагдаж байв. Сангийн яамны судалгаагаар ААН-үүдийн дийлэнх нь энэ босгоноос болж орлогоо нуух буюу бизнесээ зориуд жижигрүүлдэг байсан нь саяхан. Эсрэгээрээ НӨАТ-ын босгыг 8 дахин өсгөж 400 сая төгрөг болох нь. Үр дүнд нь 23,500 ААН сар бүрийн тайлангийн дарамтаас гарч, бизнесээ чөлөөтэй тэлэх боломж бүрдэв.

Олон улсын санхүүгийн байгууллагуудын судалгаагаар Монголын ААН-үүдийн 90 гаруй хувь нь жижиг хэвээр гацдаг гол шалтгаан нь 6 тэрбум төгрөгийн босго давмагц татвар нь 10 хувиас шууд 25 хувь болж 2.5 дахин огцом өсдөг явдал байв. Шинэ реформын хүрээнд 2.5 тэрбум төгрөг хүртэлх борлуулалттай 180 мянган ААН-ийн татварыг 1 хувь болгож, 6-10 тэрбум төгрөгийн орлоготой ААН-д 15 хувийн дундын шатлал тогтоосноор 600 гаруй дунд бизнес татварын огцом цохилтоос аврагдах нь.

ДАНС ХААХГҮЙ, ГАРААНЫ БИЗНЕСИЙГ ДЭМЖИНЭ

Татварын өртэй ААН-ийн дансыг 100 хувь битүүмжилснээр тухайн компани ажилчдынхаа цалинг тавьж чадахгүй, үйл ажиллагаа нь бүрэн зогсдог байв. Шинэ хуулиар данс хаахыг бүрэн халж, дансанд орж ирэх мөнгөний 30 хувийг тухайн татвар төлөгчид заавал үлдээхээр болсон нь бизнесийг дампууруулж биш, ажиллуулах замаар төвлөрүүлэх олон улсын жишигт нийцсэн алхам болж байна.

Мөн ажлын байр шинээр бий болгож буй гарааны бизнес эрхлэгчдийн ажилд авсан эхний 3 ажилтны ажил олгогчийн төлөх НДШ-ийг 3 жил чөлөөлж, давхар ажил эрхэлдэг иргэдийг нэг ажлынхаа НДШ-ээс чөлөөлөхөөр болсон нь хөдөлмөрийн зах зээлд бодит дэмжлэг болно. Үүний зэрэгцээ цахилгаан автомашиныг гаалийн албан татвараас бүрэн чөлөөлснөөр иргэн, ААН-үүд 110 тэрбум төгрөг хэмнэж, агаарын бохирдол, түлшний хараат байдлыг бууруулахад шууд нөлөөлөх давуу талтай.

Ийнхүү жил бүр татвараа нэмж төсвөө тэлдэг хуучин сэтгэлгээнээс татгалзахын зэрэгцээ бууруулах замаар эдийн засгаа томруулдаг шинэ зам руу Монгол Улс орох нь.

Хамгийн гол нь, 1.3 их наяд төгрөг төрийн хүнд суртлын гараар орохгүйгээр шууд иргэдийн халаас, бизнес эрхлэгчдийн дансанд үлдэхээр болж буй нь татварын реформын бодит эхлэл юм.

Г.Эрхэс