Б.Одбаяр: Гурван дүүргийн ажил он дамжин үргэлжилнэ
Нийслэлийн удирдах ажилтнуудын ээлжит шуурхай зөвлөгөөн Баянгол дүүрэгт боллоо. Өмнөх шуурхай зөвлөгөөнөөр нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Б.Пүрэвдагва 19 үүрэг даалгавар өгсөн бөгөөд хэрэгжилт 81.1 хувьтай байна. Энэ удаагийн шуурхай зөвлөгөөнөөр нийслэлийн төсвийн хөрөнгө оруулалтаар хэрэгжүүлж буй төсөл, арга хэмжээний явц, замын хөдөлгөөний нөхцөл байдлыг сайжруулах, нийтийн тээврийн үйлчилгээний зохицуулалтыг боловсронгуй болгох асуудлыг хэлэлцэв. Агаарын чанарыг сайжруулах төслүүд, хагас коксон түлшний нөөц, тээвэрлэлт, Баянгол дүүрэгт хийгдэж буй ажлын үр дүн, тулгамдаж байгаа асуудлыг сонслоо.
Улаанбаатар хотын авто замын сүлжээг өргөтгөх, түгжрэлийг бууруулах, иргэдийн аюулгүй, ая тухтай зорчих нөхцөлийг бүрдүүлэх зорилгоор энэ онд нийслэлд шинээр барьж буй авто замын ажлын явц 75 хувьтай байна. Нийт 64 байршилд 74.87 км авто замын ажил гүйцэтгэхээс 51 байршилд 63.47 км замыг шинэчиллээ. Нийслэлийн төвийн зургаан дүүргийн 34 байршилд 18.21 км орон сууцны хороолол доторх авто замыг шинэчилж байна. Тус ажлын гүйцэтгэл 68 хувьтай, гурван дүүргийн ажил дуусаж, үлдсэн гурван дүүргийн ажил он дамжин үргэлжилнэ гэдгийг нийслэлийн Замын хөгжлийн газрын дарга Б.Одбаяр танилцууллаа.
Авто замын засвар, арчлалтын ажлыг 22 байршилд хэрэгжүүлж, ажлын явц 90 хувьтай байна. Энэ хүрээнд замын эвдрэл гэмтлийг засварлах, тэмдэг, тэмдэглэгээг сэргээх ажлыг арваннэгдүгээр сарын 30-ныг хүртэл үргэлжлүүлнэ. Нийслэлд дугуйн замын сүлжээг өргөтгөх ажлыг үе шаттай хэрэгжүүлж байна. Дугуйн замын сүлжээг 2026 онд 197.5 км, 2027 онд 312.5 км, 2028 онд 450 км болгон нэмэгдүүлэхээр төлөвлөсөн. Энэ онд хэрэгжүүлэх ажлын явц 68 хувьтай байна.