З.Мэндсайхан: 1.8 их наяд төгрөгийг ипотекийн зээлийн хүрээнд бэлэн болсон орон сууц руу гаргана

2027 оны төсөв батлагдсантай холбогдуулж, Сангийн сайд З.Мэндсайхан зарим мэдээллийг өглөө.

Тэрбээр "Ирэх онд 1.8 их наяд төгрөгийг ипотекийн зээлийн хүрээнд бэлэн болсон орон сууц руу гаргахаар төлөвлөсөн. Гэхдээ орон нутаг руу ипотекийн зээлийг хуваарилж шийдвэрлэнэ. Учир нь Улаанбаатар хотын төвлөрлийг сааруулах бодлогыг орон нутагт, ялангуяа залуучуудыгаа бүс нутагтаа орон сууцтай болгоход чиглүүлж байна. Мөн Төрийн банкнаас 1.1 их наяд төгрөгийг жилийн 10 хувийн хүүтэй, 100 сая төгрөг хүртэлх хөнгөлөлттэй зээлийг гаргаж байгаа. Холбогдох журамд өөрчлөлт оруулан хүртээмжийг нэмэгдүүлэх зорилгоор шинээр цэвэр ус, дулаан бохироо шийдвэрлэсэн орон сууц барихад нь зориулж энэ зээлийг гаргана. Түүнчлэн “ногоон зээл”-ийг дэмжинэ" гэсэн юм.