Б.Пүрэвдагва: Ая тухтай амьдрах орчныг бүрдүүлэх нь хотын хөгжлийн тэргүүлэх зорилт
С.Эрдэнэболд: Нөхөн төлбөр олголт илүү шуурхай, ил тод, зардал багатай болох боломжтой
Улсын Их Хурлын гишүүн С.Эрдэнэболд нарын 18 гишүүний санаачилсан Тариалангийн индексжүүлсэн даатгалын тухай болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүдийн хэлэлцэх эсэхийг дараа нь хэлэлцэв.
Хууль санаачлагчийн илтгэлийг Улсын Их Хурлын гишүүн С.Эрдэнэболд тавив. Тэрбээр газар тариалан бол хүнсний аюулгүй байдал, хөдөөгийн орлого, ажлын байртай шууд холбоотой стратегийн салбар боловч ган, хэт халалт, хур тунадасны дутагдал, хөрсний чийгийн хомсдол зэргээс шалтгаалан эрсдэл нэмэгдсээр байгааг дурдаж, цаг уурын эрсдэлээс тариаланчдыг хамгаалах эрх зүйн шинэ тогтолцоог бүрдүүлэхэд хуулийн төсөл чиглэж буйг онцлов. Индексжүүлсэн даатгалын тогтолцоо нь хур тунадас, температур, хөрсний чийг, сумын дундаж ургацын хэмжээ зэрэг албан ёсны үзүүлэлтэд тулгуурлан нөхөн төлбөр олгоход орших бөгөөд сайн дурын үндсэн дээр хэрэгжих юм. Ингэснээр нөхөн төлбөр олголт илүү шуурхай, ил тод, зардал багатай болох боломжтойг тэрбээр тайлбарлав.
Хуулийн төсөлд эрсдэлийг тариаланч, даатгагч, хамтын эрсдэлийн сан, давхар даатгал болон төрийн оролцоотойгоор шатлалтай хуваарилах зохицуулалт тусгасан байна. Мөн шинэ сан, байгууллага байгуулахгүйгээр одоо ажиллаж байгаа Малын индексжүүлсэн даатгалын тогтолцооны дэд бүтэц, давхар даатгалын механизмыг ашиглахаар заасан байна. Төрөөс шаардлагатай тохиолдолд даатгалын хураамжийн тодорхой хувийг дэмжих боломжтой боловч төсөвт тогтмол нэмэлт ачаалал үүсгэхгүй гэж хууль санаачлагч илтгэлдээ дурдав.

Эдийн засгийн байнгын хорооны хуралдаанаар хуулийн төслүүдийг хэлэлцсэн талаарх санал, дүгнэлтийг Улсын Их Хурлын гишүүн Ц.Цэнгүүн танилцуулав. Хуулийн төслүүдийг Байнгын хорооны хуралдаанаар хэлэлцэх үед Улсын Их Хурлын гишүүн М.Энхцэцэг ургац алдсан тариаланчид нөхөн төлбөрөө бүрэн авч чадах эсэх, цаг уурын индексийг тогтоох дэд бүтэц бий эсэх, төрийн оролцоо болон улсын төсөвт үзүүлэх нөлөө, хуулийн зохицуулалтад жижиг аж ахуйн нэгж, байгууллага хэр хамрагдах, зарим аймаг, сумдад явуулах туршилтын талаар асуулт асууж, харийлт авсан байна. Мөн Улсын Их Хурлын гишүүн С.Эрдэнэбат газар тариалангийн нийт талбайн хэдэн хувийг хэдэн аж ахуйн нэгж эзэмшдэг, тухайн орон нутгийн иргэд газар тариалангийн зориулалтаар газар эзэмшиж ашиглах боломжтой эсэх, мал бүхий иргэд, тариаланчдын хоорондын харилцааг зохицуулах эсэх болон гадаадын давхар даатгалын байгууллагын талаар, Улсын Их Хурлын гишүүн Г.Очирбат газар тариалангийн даатгалын асуудлыг бие даасан хуулиар зохицуулах шаардлага, мөн улсын төсөвт үзүүлэх нөлөөллийн талаар, Улсын Их Хурлын гишүүн М.Мандхай хуулийн төсөлтэй холбогдуулан хийсэн судалгаа, мэдээлэл, даатгалын салбарт үйл ажиллагаа явуулж буй байгууллагуудын санхүүгийн нөөц хүрэлцэх эсэх, даатгалд ашиглах, өгөгдөл мэдээллийн үнэн зөв байдлыг хэрхэн баталгаажуулах зэрэг асуулт асууж хариулт авсан байна.
Мөн Улсын Их Хурлын гишүүн М.Мандхай үг хэлж, төсвийн ачааллыг бууруулах, урьдчилан сэргийлэх арга хэмжээ болон хуулийг хэрэгжүүлэх механизм, тооцооллыг нарийвчлан тодорхойлж ажлын хэсгийн хүрээнд сайжруулах шаардлагатай гэсэн санал илэрхийлжээ. Хуулийн төслийг үзэл баримтлалын хүрээнд хэлэлцэхийг Байнгын хорооны хуралдаанд оролцсон гишүүдийн олонх дэмжсэн байна.

Хууль санаачлагчийн илтгэл болон Эдийн засгийн байнгын хорооны санал, дүгнэлттэй холбогдуулан Улсын Их Хурлын гишүүн М.Энхцэцэг, Ч.Лодойсамбуу, Д.Энхтүвшин, С.Ганбаатар, Б.Бат-Эрдэнэ, Г.Ганбаатар, М.Мандхай нар асуулт асууж, үг хэллээ. Хөдөө аж ахуйн салбар, тэр дундаа газар тариалангийн үйлдвэрлэлийг уур амьсгалын өөрчлөлт, байгалийн гамшигт үзэгдэл, зах зээлийн хэлбэлзлээс хамаарах хамаарал, цаг уурын эрсдэл, даатгалыг индексжүүлэх чиг хандлагын давуу болон сул тал, индекс тогтоох технологийн боломж, хуулийг хэрэгжүүлэх дэд бүтэц, сангийн болон холбогдох хууль, тогтоомжийн уялдаа, нийцэл, улсын төсөвт ирэх ачаалал, даатгалын компаниудын чадамж, бүтээгдэхүүн, үйлчилгээний төрөл, хураамж, даатгалын хамрагдалт, ялангуяа жижиг аж ахуйн нэгжүүдийг даатгалд хамруулах, нөхөн төлбөрөө авч чадахгүй байх болзол нөхцөл, мөн төсөлд тусгагдсан туршилтын хугацааны шийдэл, үнэлгээ, давхар даатгалын тогтолцооны үр дүн, Засгийн газрын дэмжлэг зэрэг асуудлыг Улсын Их Хурлын гишүүд хөндөж, хуулийн төсөлд тусгагдсан зохицуулалтыг тодотгож, дэлгэрэнгүй тайлбар авав. Мөн Улсын Их Хурлын гишүүд алдагдлаас хамгаалах сангийн орлогын эх үүсвэр, цаг уурын станцуудын хүчин чадал, даатгагч болон даатгуулагч санал нийлэхгүй байх тохиолдлуудыг шийдвэрлэх механизм зэрэг зохицуулалтыг нарийвчлан тодруулж байлаа.