Орон нутгийн өөрөө удирдах байгууллагад нийтийн өргөдлийн цахим систем нэвтрүүлэхийг дэмжлээ

Улсын Их Хурлын гишүүн Ж.Золжаргал нарын 19 гишүүнээс өргөн мэдүүлсэн Монгол Улсын засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуульд өөрчлөлт оруулах тухай болон хамт боловсруулсан хуулийн төслүүдийн хэлэлцэх эсэхийг хэлэлцлээ.

Хууль санаачлагчийн илтгэлдээ Улсын Их Хурлын гишүүн Ж.Золжаргал орон нутгийн өөрөө удирдах байгууллагад иргэд цахимаар өргөдөл, санал гаргаж шийдвэрлүүлэх шийдэл шаардлагатай байгааг танилцуулж, энэ талаарх зохицуулалтыг хуульд нэмж тусгахаар төсөл санаачилсан гэсэн юм. Одоо хүчин төгөлдөр мөрдөгдөж байгаа Улсын Их Хурлын тухай хууль дахь цахим өргөдлийн зохицуулалтыг жишиг болгон баримталснаа тэрбээр хэлж, орон нутгийн нийтийн өргөдлийг нийслэл, дүүрэг, хороонд сонгуулийн насны хүн амын 3.0 хувь, аймаг, сум, багт 5.0 хувиас дээш тооны иргэд гарын үсэг зурсан тохиолдолд Иргэдийн Төлөөлөгчдийн болон Иргэдийн Нийтийн Хурал хэлэлцэхээр тусгасан гэлээ.

2026-11-12 20.57.17.jpg

Хуулийн төслүүдийн талаарх Төрийн байгуулалтын байнгын хорооны санал дүгнэлтийг Улсын Их Хурлын гишүүн Ч.Лодойсамбуу танилцуулав. Байнгын хорооны хуралдааны үеэр хуулийн төсөлтэй холбогдуулан Улсын Их Хурлын гишүүн Ж.Бат-Эрдэнэ, Э.Болормаа, Ц.Туваан нар нийтийн өргөдлийг орон нутгийн хурлуудаар хэлэлцэх иргэдийн дэмжлэгийн босгыг хувьчлан заах нь оновчтой эсэх, сэдэв, агуулгын хэрхэн эрэмбэлэх, хязгаарлалт тавигдах эсэх, тодорхой сонирхлын бүлгийн нөлөөллийг хэрхэн зохицуулах, иргэдийн дэмжсэн саналыг орон нутгийн хурал хэлэлцэж шийдвэрлэхгүй бол хэрхэх зэрэг асуулт асууж, хариулт авсан байна.

Засаг захиргааны анхан шатны нэгжийг бэхжүүлэх, ашигт малтмал олборлохтой холбоотой хуулийн зохицуулалтад анхаарах, нутгийн хөгжлийн шийдэл тодорхойлох механизм бий болгох, босгыг уян хатан зохицуулах талаар Улсын Их Хурлын гишүүн Б.Баярбаатар, Э.Болормаа С.Зулпхар, О.Алтангэрэл, А.Ганбаатар нар үг хэлж байр сууриа илэрхийлжээ. Хуулийн төслүүдийг үзэл баримтлалын хүрээнд хэлэлцэхийг дэмжих нь зүйтэй гэж Байнгын хорооны хуралдаанд оролцсон гишүүдийн олонх үзсэн байна.

2026-11-12 20.57.01.jpg

Хуулийн төслийн үзэл баримтлалтай холбогдуулан Улсын Их Хурлын гишүүн М.Энхцэцэг, О.Саранчулуун, С.Эрдэнэболд, П.Наранбаяр, Д.Пүрэвдаваа, О.Номинчимэг нар асуулт асууж, хариулт авсан юм. Улсын Их Хурлын гишүүд орон нутгийн нийтийн өргөдлийг дэмжих иргэдийн хувь, тоон гарын үсгийн баталгаажуулалт, иргэдийн дэмжлэг авах хугацаа, оролцоо хүртээмжийг хангах техник, технологийн боломж, өргөдлийн шийдвэрлэлт, дэмжлэг аваагүй өргөдлийг хэрхэх, тухайн асуудлаар дахин өргөдөл гаргах боломжтой, эсэх, үлгэрчилсэн журмыг Засгийн газар ямар хугацаанд батлах, өргөдлийн дэмжлэгийн босгыг бууруулах боломж, иргэдийн дуу хоолойг бодитой сонсож, шийдвэрлэдэг байх, төр болон иргэд хооронд эргэх холбоотой байх зэрэг асуудлыг түлхүү хөндөж, ардчилал, хүний эрх, төр, захиргааны чиг үүрэгтэй холбоотой суурь асуудлуудаар байр сууриа илэрхийлсэн юм. Мөн Улсын Их Хурлын гишүүн О.Саранчулуун, Э.Болормаа, С.Эрдэнэболд, Улсын Их Хурлын дарга С.Бямбацогт нар хуулийн төслийг дэмжиж байгаагаа илэрхийлж үг хэлэв.

Улсын Их Хурлын дарга С.Бямбацогт орон нутгийн иргэд, нутгийн удирдлагыг өөр хооронд нь ойртуулж, иргэддээ ээлтэй шийдвэх гаргах боломжийг нэмэгдүүлэх ач холбогдол бүхий хуулийн төсөл санаачлан боловсруулсанд Улсын Их Хурлын гишүүн Ж.Золжаргал нарт талархал илэрхийлээд, “Нээлттэй парламент” бодлогын хэрэгжилт, үр дүн дээшлүүлэхэд анхаарч ажиллахыг уриалав.