"Шийдвэр гаргах таван хувилбар байгаа"
Иргэн Хоролдоржийн Оюунбилэгээс www.d-urgudul.parliament.mn-д хуулийн төсөл санаачлан Улсын Их Хурлаар хэлэлцүүлэх тухай нийтийн өргөдлийг 2026 оны 10 дугаар сарын 14-нд ирүүлснийг Улсын Их Хурлын Нийтийн өргөдлийн системд тус сарын 23-ны өдөр нийтэлжээ. Тэрбээр өргөдөлдөө "Оюу толгойн ордоо 30 жил ашиглуулсны эцэст анх удаа Монгол Улс 3 их наядын ашиг авахаар болсон билээ. Монгол Улсын нийт хүн ам болох 3.5 сая иргэндээ хуваавал нэг иргэнд 857,000 төгрөг оногдож байна. Иймд иргэн бүрийн өөрсдийн хувь дансанд бэлнээр шилжүүлэх хуулийн төслийг санаачилж байна. Хэрэв ингэж баттай болгохгүй бол VI цахилгаан станц барих гэх мэт хэзээ хийгдэх нь тодорхойгүй ажилд Оюу толгойн ашгаа төсөв болгож өгмөөргүй байна. Ийнхүү хуулийн төсөл санаачилж байгаа тул 100,000 иргэд маань гарын үсгээ зурж, Ерөнхийлөгчөөр баталгаажуулж ашгаа өөрсдөө захиран зарцуулъя" хэмээн уриалжээ. Уг өргөдлийг 10 хоногийн дотор 100,094 иргэн дэмжсэн байна. Энэхүү өргөдлийг дэмжигчдийг газар зүйн байршлаар ангилбал 49,785 нь нийслэлээс, бусад нь орон нутгаас болон бусад улс орноос ханджээ. Дэмжиж гарын үсэг зурсан тэдгээр иргэдийн олонх нь буюу 71,931 нь эмэгтэйчүүд ажээ. Дийлэнх хэсэг нь 20-44 насныхан байв.
Монгол Улсын Их Хурлын тухай хуулийн 39 дүгээр зүйлийн 39.5.1-д заасан “хуулийн төсөл санаачлах саналыг 100,000 ба түүнээс дээш тооны иргэн дэмжсэн бол Улсын Их Хурал авч хэлэлцэнэ” гэсэн шаардлагыг уг өргөдөл хангасан тул хуралдааны дэгийн дагуу Улсын Их Хурлын дарга С.Бямбацогт саналыг хэлэлцүүлж, шийдвэрлүүлэхээр 2026 оны 11 дүгээр сарын 05-ны өдрийн чуулганы нэгдсэн хуралдаанд танилцуулсан гэв.
Ийнхүү хэлэлцэж эхлэхэд, Улсын Их Хурлын гишүүн С.Эрдэнэбат, Оюу толгойн ногдол ашгийг ахмад настан, хөгжлийн бэрхшээлтэй иргэд, цалинтай ээжүүдэд бүгдийг нь бэлнээр өгөх, эсвэл сургалтын төлбөр, зээл төлөх зэргээр уян хатан зохицуулах боломжтой эсэхийг тодрууллаа. Харин Эдийн засгийн байнгын хорооны дарга Б.Заяабал нийтийн өргөдлийг шийдвэрлэхтэй холбоотой эрх зүйн зохицуулалтыг уншиж, шийдвэр гаргах таван хувилбар байгааг, аль нэгийг сонгож болохыг тодотгов.