Мөрөөдлөө хойшлуулах хэрэггүй боллоо
Монголын Төр иргэдээ орон сууцжуулах хөтөлбөрийг хэрэгжүүлээгүй биш хэрэгжүүлсэн. Төдийгөөс өдий хүртэл. Гэвч “40”, “100 мянган айл” хэмээн малгайг нь өөрчилж, тоог нь томруулснаас бусдаар бүрэн хөрсөн дээр буулгаж, бүтэн хэрэгжүүлсэн нь үгүй. Засгийн толгой солигдох бүрд хэрэгжилт зогсож ирснийг эс тооцвол зорилтот хэсэгтээ яг цав очоогүй гэсэн үг.
Харин энэ Засгийн газраас “100,000 айлын орон сууц” хөтөлбөрийг үндсэн чиглэлийнхээ нэгээр зарлаж, 2027 оны төсөвт 16 мянган айл өрхийг орон сууцжуулах томоохон ажлыг зохион байгуулах ажил ирэх нэгдүгээр сарын 1-нээс гараанаас гарах нь.
Үе үеийн Засгийн газрын хана мөргөөд зогсдог хөтөлбөр, зорилтоор энэ удаагийнх хэд хэдэн ялгаатай. Иргэдэд хүсэл нь байвч өндөр хүү, хатуу шаардлага, урьдчилгаа төлбөрийн босгонд тээглэдэг асуудлыг шууд санхүүжилтээр шийдэх болсноороо онцлог. Өөрөөр хэлбэл, орон сууцны санхүүжилтэд зориулж 1,8 их наяд төгрөгийг ирэх оны төсөвт суулгасан. Гадаад, дотоодын зах зээлээс 500 сая хүртэлх ам.долларын босгож, ипотекийн эх үүсвэрт зарцуулна гэсэн үг.
Үндсэндээ иргэдийн өмнө тулгардаг гол гацаа тээг болсон санхүүгийн урсгалыг бодлогоор тэлж, төсөвт тусган хуульчилснаар олон жил тодорхойгүй явсан зээлийн хүлээгдэл задарч, зах зээлийн бодит эргэлт үүсэх нөхцөл ийн бүрдэх юм. Зээлийн нөхцөлд ч иргэдийн нуруун дээрх ачааг хөнгөлөх зоримог шийдэл анх удаа орж ирлээ.
Тэр нь хувийн хэвшлийн оролцоотойгоор зээлдэгч эхний гурван жилд жилийн ердөө 6 хувийн хүү төлж, дөрөв дэх жилээс 12 хувийн хүү рүү шилжих шатлалтай шинэ сонголтыг нэвтрүүлнэ.
Өрх тусгаарлаж буй залуу гэр бүлүд эхний гурван жил хөл дээрээ бат зогсоход энэ хөнгөлөлт асар том дэмжлэг болох нь мэдээж. Ийнхүү уламжлалт ипотекийн зээлээр хязгаарлагддаг цаг ард хоцорч байна.
Үүгээр зогсохгүй “түрээслээд өмчлөх”, “хамтын өмчлөл” зэрэг олон хувилбарыг зах зээлд нэвтрүүлэхээр болсон нь орлогын янз бүрийн түвшинтэй иргэдийн боломжид шууд утгаараа орон сууцтай болох эрх чөлөөг олгож буйгаас өөрцгүй.
Хамгийн таатай бас нэгэн мэдээ нь татварын дарамтыг тэглэж, халсан явдал. Учир нь, орон сууцаа анх удаа худалдан борлуулахад иргэнд хоёр хувийн татварыг ногдуулдаг байсныг хуулийн өөрчлөлтөөр халсан. Байраа томруулах, байршлаа солиход илүү зардал гаргахгүй. Үл хөдлөх хөрөнгийн зах зээл чөлөөтэй амьсгалах болох хөрсийг тавьсан нь энэ.
Ийнхүү “16,000 айлыг орон сууцжуулах” Засгийн газрын зорилт зөвхөн барилга барих тухай биш, иргэдийн амьдралын чанарыг дээшлүүлж, санхүүгийн уян хатан бодлогоор дэмжих цогц шинэчлэлийн эхлэлийг тавих нь. Нэг үгээр, орон сууцны оочер дараалалд дарагдаж, хэзээ байртай болох эсэх нь тодорхойгүй явж ирсэн ипотекийн зээлийн босго, шалгуурыг Төрийн бодлогоор намсгаж, хүртээмжийг тэлэхээр болсон нь иргэдэд тэр дундаа залуу гэр бүлд мөрөөдлөө хойшлуулах хэрэггүй гэсэн дохиог өгч эхэллээ.
Г.Эрхэс