15 их наяд төгрөг хаашаа чиглэх вэ?
Ерөнхий сайд Н.Учрал 11 их наядын хөрөнгө оруулалттай төсөл хэрэгжүүлэхээ зарлалаа. Зарласан ч гэж ирэх 2027 оны улсын төсөвт суулгасан мөнгөн дүн нь ийм.
Л.Оюун-Эрдэнийн Засгийн газрын үед 14 мега төсөл хэрэгжүүлэхээр болж нийт өртгийг ойролцоогоор 35–40 их наяд төгрөгөөр тооцож байсны дэргэд илүү амьтай, бас бодитой тоо. Учир нь, эдгээр төслийг улс, орон нутгийн төсөв, хувийн хөрөнгө оруулалт, бусад эх үүсвэрээр нийт 11 их наяд төгрөгийн хөрөнгө оруулалттай төсөл хэрэгжүүлнэ.
Үүнээс улсын төсвийн хөрөнгө оруулалтаар 943 төсөлд дөрвөн их наяд төгрөг зарцуулна. 435 нь шинээр эхэлнэ. Харин 508 нь үргэлжлэн хэрэгжүүлэх төсөл. Нийт хөрөнгө оруулалтын 60 хувийг нь эхлүүлснээ үргэлжлүүлэн дуусгахад зориулна. Задлаад харвал зам, тээврийн салбарт 910 тэрбум 700 сая төгрөгийн 36 төслийн хүрээнд 375 километр зам шинээр барих нь. Үүнд Увсыг Ховдтой холбох 163 километр, Завхан, Говь-Алтайг уулзуулах 198 километр зам багтаж байна.
Зам дагаж хөгжил гэгчээр ачаа тээврийн өртөг зардал буурч, цаг мөнгө хэмнэгдэж, худалдаа бизнес тэр хэрээр идэвхжинэ. Үндсэндээ төслүүдээ эрэмбэлж, ажлын байр илүү нэмэгдүүлэх чиглэлд төр, хувийн хэвшлийн дэмжлэгтэйгээр санхүүжилт олгож хуваарилсан нь энэ. Зам, тээврийн яамны судалгаагаар улсын хэмжээнд 7,956.8 км хатуу хучилттай авто зам байгаагаас 56 хувь нь (4,038.5 км) ашиглалтын хугацаа нь хэтийдсэн буюу 13-аас дээш жил болсон үзүүлэлттэй гарчээ. Түүнчлэн баруун бүсийн аймгууд хоорондоо хатуу хучилттай замаар холбогдоогүй нь тээвэр логистикийн зардлыг хэт өндөр байлгах гол шалтгаан.
Онцлог нь улсын төсвийн 4 их наяд, төр, хувийн хэвшлийн түншлэлийн 11 их наяд нийт 15 их наяд төгрөгийн хөрөнгө оруулалтын давалгаа ирэх оноос эхлэх нь. 2026 оны хөрөнгө оруулалт 3.26 их наяд төгрөг байсантай харьцуулахад зөвхөн улсын төсвийнх нь 23–32 хувиар өсөж, нэмээд хувийн хэвшлийн оролцоог татсанаар нийт бүтээн байгуулалтын цар хүрээ 4.5 дахин тэлж байгаа нь эдийн засгийн түүхэн эргэлт гэж хэлж болно.
Энэхүү хөрөнгө оруулалтад дотоодын 3,000 гаруй аж ахуйн нэгж оролцож гэж тооцвол 90 мянган иргэний амьжиргаа, орлогыг шууд баталгаажуулах бодит хөшүүрэг байх нь.
Үүгээр зогсохгүй Монгол Улсын эрчим хүчний систем бодит аюулын ирмэгт тулсан энэ цаг үед 621.8 тэрбум төгрөгөөр 30 төсөл хэрэгжүүлж, хүчин чадлыг 800 МВт-аар нэмэгдүүлэхээр тусгажээ. Үр дүн нь өнөөгийн нийт суурилагдсан хүчин чадлыг даруй 38.8 хувиар өснө. Үүнд:
- 60,000 айл өрхийг цахилгаан, дулаанаар хангах хүчин чадалтай 300 МВт-ын “ТЭЦ-6” станцыг барьж, “ТЭЦ-5” болон Эрдэнэбүрэнгийн усан цахилгаан станцын бүтээн байгуулалтыг эрчимжүүлнэ.
- 11 аймаг болон нийслэлийн хуучирсан шугам сүлжээг шинэчлэхэд 81.4 тэрбум төгрөг, өрхийн нарны эрчим хүчний тоног төхөөрөмжид 2 тэрбум төгрөг зарцуулснаар эрчим хүчний хязгаарлалт, тасалдлыг бүрэн халах суурь тавигдана.
Статистикаас харахад Монгол Улсын нийт импортын 24.1 хувийг зөвхөн нефтийн бүтээгдэхүүн эзэлж, валютын гадагшлах урсгалын гол суваг болж байна. Газрын тос боловсруулах үйлдвэрийн бүтээн байгуулалтыг тасралтгүй үргэлжлүүлж, ашиглалтад оруулах нь эл аварга валютын урсгалыг дотооддоо авч үлдэх талаасаа стратегийн ач холбогдолтой.
Хөдөө, аж ахуйд түүхий эд үнэгүйдэж, хаягддаг байдлыг зогсоох зорилгоор баруун бүсэд Арьс ширний үйлдвэр шинээр байгуулж, экспортын гол гарц болох Хавирга, Бичигт, Цагаандэл-Уул, Булган, Цагааннуур зэрэг таван хилийн боомтын хүчин чадлыг өргөтгөх ажил ч ирэх оны төсөвт багтсан. Түүхий эд экспортлогчоос боловсруулагч, дамжин өнгөрүүлэгч орон болох бодит алхмыг хийнэ гэсэн үг.
Өөрөөр хэлбэл, 2027 оны төсөвт тусгасан бүтээн байгуулалтын хөрөнгө оруулалт бодит биеллээ олох бүрд Монгол Улсын эдийн засагт бас нэгэн эргэлтийн цэг болж буух нь.
Г.Эрхэс