Н.Тавинбэх: Гуравдугаар станцаас хамаарсан дулааны эрчим хүчний доголдол байхгүй болсон
О.Саранчулуун: Иргэдийг үнэн зөв мэдээллээр хангах, нэгдсэн ойлголт өгөх ажил хангалтгүй байна
УИХ-ын Хүний хөгжил, нийгмийн бодлогын байнгын хороо Эрүүл мэндийн даатгалын үндэсний зөвлөл (ЭМДҮЗ)-ийн 2024 оны үйл ажиллагааны тайлан, ажлын хэсэг байгуулах тухай Байнгын хорооны тогтоолын төсөл, Монгол Улсын 2026 оны төсвийн хүрээний мэдэгдэл, 2027-2028 оны төсвийн төсөөллийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл болон Монгол Улсын 2026 оны төсвийн тухай, Үндэсний баялгийн сангийн 2026 оны төсвийн тухай, Нийгмийн даатгалын сангийн 2026 оны төсвийн тухай, Эрүүл мэндийн даатгалын сангийн 2026 оны төсвийн тухай хуулийн төслүүдийг хэлэлцлээ. Хэлэлцэх асуудлын товд хоёрдугаарт товлогдсон ажлын хэсэг байгуулах тухай асуудлыг уг асуудлыг санаачилсан Улсын Их Хурлын гишүүн О.Саранчулуун Байнгын хорооны хуралдааны эхэнд хэлэлцүүлэх горимын санал гаргасныг гишүүдийн олонх дэмжсэнээр эхний ээлжинд хэлэлцсэн юм.
Нийгмийн эрүүл мэндийн тусламж үйлчилгээний тухай хууль хэрэгжиж эхлээд жил гаруйн хугацаа өнгөрч байгаа ч Засгийн газраас хуулийн хэрэгжилтийг хангах, нийгмийн эрүүл мэндийн тусламж үйлчилгээнд төсвийг оновчтой хуваарилах, ач холбогдлыг нийтэд сурталчлан таниулах, үнэн зөв мэдээллээр хангах, нэгдсэн ойлголт өгөх ажлыг хангалтгүй хийж байна гэж дүгнэсний үндсэн дээр хуулийн хэрэгжилтийг хангах явцад гарч байгаа хүндрэл бэрхшээл, эерэг болон сөрөг үр дагавруудыг тодорхойлж, холбогдох яам, агентлагт хуулийг хэрэгжүүлэх арга хэмжээ авч хэрэгжүүлэхэд дэмжлэг үзүүлэх нь зүйтэй гэж үзэж, ажлын хэсэг байгуулах тухай тогтоолын төслийг боловсруулсан хэмээн Улсын Их Хурлын гишүүн О.Саранчулуун танилцуулав.
Засгийн газрын 2024-2028 оны үйл ажиллагааны хөтөлбөрт тусгагдсан нийгмийн эрүүл мэндтэй холбоотой бодлого, зорилтыг хэрэгжүүлэх чиглэлээр авч хэрэгжүүлж байгаа үйл ажиллагаа, түүний явц байдлыг тандан судалж, нөхцөл байдалд дүн шинжилгээ хийх шаардлагатайг тэрбээр танилцуулгадаа дурдав.







