ТТТ: Хийн мэдрэгчээ тогтмол ажиллуулж хэвшээрэй

Хагас коксон шахмал түлшийг энгийн уламжлалт зуух болон төслийн зууханд хэрхэн зөв галлах зөвлөгөөг хүргэж байна.

Энгийн, уламжлалт зуухны галлагаа
1. Галлагаа хийхийн өмнө хүйтэн үнсийг бүрэн авч асгах
2. Зуухны аманд гал асаах модоо өрж, зэрэглэнэ
3. Модон дээрээ 4-5 кг шахмал болон хагас коксон түлшээ хийнэ
4. Зуухны дээд тагийг сайтар хааж, үнсний тосгуурыг 2 см хэмжээтэй нээж агаар оруулна
5. Бэлтгэсэн модоо газ болон цаас, шатах материалаар асаана
Төслийн, сайжруулсан зууханд галлагаа хийх заавар
1. Галлагаа хийхдээ хүйтэн үнсийг бүрэн авч асгах
2. Галын хотолд 4-5 кг шахмал болон хагас коксон түлшээ хийнэ
3. Түлшин дээрээ гал асаах модоо хийж бэлтгэнэ
4. Зуухны агаар авах хэсгүүдийг нээнэ
5. Галаа урдаас болон дээрээс нь шатах материалаар өрдөж асаана.
Жич: Анхны галлагааг ахиу модоор асааж, дахин галлагааг халуун цогон дээр түлшээ бага багаар нэмэх байдлаар хийж хэвшээрэй.
Галлагаа хийхдээ яндангаа хөөлж, хаалт, сойлт хэрэглэхгүй, угаарын хийн мэдрэгчээ тогтмол ажиллуулж, гэр байшиндаа агааржуулалт хийж байхыг анхаарна уу.