Г.Занданшатарын өчигдөр, өнөөдөр, МАРГААШ…

...Монгол Улсын Ерөнхий сайд би Монгол Улсын Үндсэн хуульд заасан онцгой бүрэн эрхийнхээ дагуу УИХ-ын гишүүн Баттөмөрийн Энхбаярыг Хууль зүй, дотоод хэргийн сайдаар томилж байгаагаа ард түмэндээ мэдэгдэж байна. Нүүрсний хулгайтай хийх тэмцлээ илүү эрч хүчтэй, эрс шийдэмгий үргэлжлүүлэхийн тулд Б.Энхбаярыг Хууль зүй, дотоод хэргийн сайдаар томиллоо...

АН-ын шинэ даргыг Улсын Дээд шүүхээс бүртгэсэн тухай мэдээлэл түгэхтэй зэрэгцэн МАН-ын дараагийн дарга тодорч, улс төрд түймэр өрдсөн энэ өдрүүдэд Ерөнхий сайд Г.Занданшатарын хийсэн хамгийн том нүүдэл энэ байв. Өчигдөрхөн Үндсэн хуулийн нэмэлт, өөрчлөлтийг баталж, УИХ-ын даргын индрээс алх цохиж, засаглалын зааг ялгааг илүү тодорхой, эрх мэдлийн хуваарилалтыг сонгодог парламентын тогтолцоонд дөхүүлсэн тэрбээр өнөөдөр Ерөнхий сайдын хувиар цагаан дээр хараар бичсэн “Эцэг хууль”-ийнхаа заалтыг хэрэгжүүлж нэхэн сануулсан хэрэг. Уг асуудал нь тодорхой бас том.

Өмнөх парламент, Засгийн газрын үед авлига, албан тушаалын гэмт хэргийн хамгийн том сэжүүр нь нүүрсний хулгай болж нийгэм даяараа түүгээр амьсгалж байлаа. Тэгэхэд УИХ-ын даргын захирамжаар Хянан шалгах хороо байгуулж, “Нээлттэй сонсгол” зохион байгуулсан нь 2023 оны арванхоёрдугаар сар. Түр хорооны даргаар УИХ-ын гишүүн Б.Энхбаяр ажиллаж томоохон албан тушаалтнуудтай холбоотой хэд хэдэн ноцтой баримтыг дэлгэж, түүнийх нь мөрөөр хууль хяналтын байгууллагынхан орж заримд нь шүүхээс ял ногдуулж байв. Тэгэхэд парламентын спикер нь Г.Занданшатар, Хуулийн сайдаар Б.Энхбаяр ажиллаж асан цаг үе. 

Харин өнөөдөр Г.Занданшатар Монгол Улсын 34 дэх Ерөнхий сайдын тамга атгаж, танхимаа эмхэлснээс хойш 104 дэх хоногтоо Хууль зүй, дотоод хэргийн сайдаа сэлгэн томилохоор болсноо мэдэгдсэн нь УИХ-ын гишүүн Б.Энхбаяр байв. Үүнийхээ шалтгааныг “Эдийн засгаа сэргээхийн тулд нүүрсний хулгайтай тэмцэхээс бид ажлаа эхлүүлсэн. Эдийн засгаа сэргээнэ гэдэг бол нүүрсний хулгайтай тэмцэнэ гэсэн үг, нүүрсний хулгайтай тэмцэнэ гэдэг бол эдийн засгаа сэргээнэ гэсэн үг” хэмээсэн. 

Монгол Улсын төсвийн гуравны нэгийг уул уурхай тэр дундаа нүүрснээс бүрдүүлдэг. Хэдий чинээ өсөлттэй байна төдий чинээ төсөвт дэмтэй гэсэн үг. Гэвч эл зах зээлд баримтлах БНХАУ-ын бодлогоос үүдэж улсын төсөв 3.3 их наядаар тасрах эрсдэл өнгөрсөн зургаадугаар сард үүсч байв. Энэ нь Г.Занданшатарыг Ерөнхий сайд болох цаг үетэй ч давхацсан. Үр дүнд нь эдийн засгийн өсөлт 2.4 хувь болтлоо агшсан юм. Улмаар “Эрдэнэс Тавантолгой”-д онцгой дэглэм тогтоож, БЭТ томилсноор наймдугаар сарын байдлаар борлуулалтын орлого нь 1.6 дахин, биржийн тээвэр 1.5 дахин, экспорт 1.2 дахин, үр ашиг нь гурав дахин өссөн байдаг. Орлого 1.3 дахин, олборлолт 1.1 дахин нэмэгдсэн хэрэг. 

Гагцхүү энэ бүгд нь БНХАУ-ын бодлогоос гадна “Эрдэнэс Тавантолгой”-д бугшсан хулгайтай тэмцсэний үр дүн гэдгийг Ерөнхий сайд өөрийнхөө амаар мэдэгдсэн нь анхаарал татах эхний асуудал. Ингэхдээ ““Эрдэнэс Тавантолгой"-д хийсэн хяналт шалгалтуудын үр дүнд нүүрсний хулгайн маш олон арга, хэлбэр ил болсон. Бүгдийг нотолгоотой, баримттай нь АТГ-т шилжүүлсэн. Нэг их наяд төгрөгийн өртөгтэй нүүрс баяжуулах үйлдвэрийг яагаад 18 км-ийн цаана барьсан бэ. Энэ хооронд 1.5 сая төгрөгөөр тээвэр хийдэг байсан. Онцгой дэглэм тогтоосноор 400 мянган төгрөг болж буурсан. Долоодугаар сарын 19-нд “Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн уурхайд очиж ажиллахад олон арван хулгайн тухай яригдаж байсан. Бүгдийг нь таслан зогсоож, АТГ-т шилжүүлсэн. Бортээгийн уурхайд болохоор аман дээр нь баяжуулах үйлдвэр барьчихсан. Тэр нь ашиглалтгүй. Энэ тээвэр нь асар өндөр өртөгтэй. 

280 тэрбум төгрөгөөр конвер барих ёстой. Тэр конвер нь барьж дуустал нөгөө нэг их наядын үйлдвэр үр ашиггүй. 10 сая тонн угаах хүчин чадалтай энэ нүүрсний үйлдвэр ашиглалтад орсон бол 44 их наядын хулгайгаас ч илүү орлого Монгол Улсад ирээдүйд, урт хугацанд орох бололцоотой ийм үйлдвэр сул зогсож байгаа юм. Ийм үрэлгэн задгай байсан. Одоо тэрнийгээ ашиглалтад оруулахын тулд 280 тэрбум төгрөгөөр конверын шугам барьж байгаа.

Нүүрсний хулгайг бүрмөсөн таслан зогсоохын тулд, эдийн засгаа сэргээхийн тулд тэнд багаа орд газруудын үр ашгийг сайжруулах шаардлага гарсан. Тийм учраас Монгол Улсын төсвийн төсөлтэй хамт эдийн засгийн эргэлтэд ороогүй байгаа цорын ганц орд болох Тавантолгойн таван ордын нэг Бортээгийн ордыг эдийн засгийн эргэлтэд оруулах тухай УИХ-ын тогтоолын төслийг УИХ-д өргөн барьсан. Энэ ордыг ашиглах тухай тогтоолын төслийг өргөн баримагц намын даргад нэр дэвшихгүй гэж гурван сарын өмнө хэлж байсан УИХ-ын дарга яаран сандарч, нэр дэвших мэдэгдэл хийж эхэлсэн” гэсэн нь Монголын улс төрийн уур амьсгалд шуурга дэгдээх хоёр дахь шалтгаан.

Үндсэндээ УИХ-ын даргын хувиар Хянан шалгах түр хороо байгуулах захирамж гаргаж, тэрийгээ Б.Энхбаяраар даргажуулж асан Г.Занданшатар энэ удаад ч нүүрсний хулгайтай хийх тэмцлийнхээ автороор түүнийг сонгож, тэгэхдээ Хууль зүй, дотоод хэргийн сайдын албанд тохоон томилохоо мэдэгдсэн нь зүгээр ч нэг цаг хугацааны давхцал биш. Эсрэгээрээ өчигдөр УИХ-ын даргын индрээс, өнөөдөр Ерөнхий сайдын байр сууриас нүүрсний хулгайн эсрэг хийж буй Г.Занданшатарын тэмцэл маргааш ямар үр дүнд хүрэхийг гагцхүү цаг хугацаа л харуулах нь. Гол агуулга нь Хуулийн сайдынхаа суудлаар дэнчин тавьж эхлүүлж буй түүний эл тэмцлийн олсны цаад үзүүрээс хэн гарч ирэх вэ гэдэг нь маргаангүй сонирхолтой сэдэв болох нь. 

С.Сүлд