Г.Тэмүүлэн: Aюулгүй байдлын дэг журмын ирээдүй хэрхэх нь тодорхойгүй, шинэ том нэгдлүүд бий болж байна

Улсын Их Хурлын Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хороо Монгол Улсын Их сургуультай хамтран “Евразийн аюулгүй байдал ба Монгол Улс” сэдэвт онол, практикийн бага хурлыг Төрийн ордонд зохион байгууллаа.

Хурлыг Улсын Их Хурлын гишүүн тус байнгын хорооны дарга Г.Тэмүүлэн нээж үг хэлэв.

Үндэсний аюулгүй байдлыг бүс нутаг болон олон улсын хэмжээнд баталгаажуулах, цаашлаад улс орны хөгжлийг бий болгоход гадаад харилцааны нөөц боломжийг бүрэн дүүрэн ашиглах нь Монгол Улсын гадаад бодлогын үндсэн зорилгын нэг гэдгийг тэрбээр тодотгов.

Өнөө цагт аль ч улс орон дангаараа аюулгүй байх боломжгүй нөхцөл байдалд хүрч, гадаад харилцааны уламжлалт харилцааны хөрс суурь өөрчлөгдсөн. Олон улсын ээдрээтэй, тодорхойгүй нөхцөл байдал урт хугацаанд үргэлжлэхээр байна. Нэгдүгээрт, олон улсын харилцаанд туйлшрах хандлага, үндсэрхэг үзэл, улс гүрнүүдийн сонирхлын зөрчил идэвхжиж,  аюулгүй байдлын дэг журмын ирээдүй хэрхэх нь тодорхойгүй, шинэ том нэгдлүүд бий болж, хүчний шилжилт хөдөлгөөн, дахин хуваарилалтууд хийгдэж байна. 

Ийм нөхцөл байдалд Монгол Улс “нээлттэй”, “олон талт”, “тэнцвэртэй” гадаад бодлогоо тууштай баримтлахын зэрэгцээ хоёр хөрштэйгөө нөхцөл байдлаа зохистой хэлбэрээр ойлголцож, ухаалаг бодлогоор эдийн засаг, хамтын ажиллагааны харилцаагаа өргөжүүлж бэхжүүлэх хэрэгцээ шаардлага зүй ёсоор тавигдаж байна хэмээлээ. 

Өнөөдөр Улсын Их Хурлын Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хороо эрхлэх асуудлынхаа хүрээнд өнөө цагт өөрчлөгдөж байгаа нөхцөл байдал, мэдээллийг цаг үетэйгээ нийцүүлэн илүү судалгаа тооцоотой, бодитойгоор дүгнэх, Монгол Улсын гадаад бодлогод тулгарч байгаа шинэ сорилт, тулгарч байгаа асуудлыг зөвөөр үнэлж, бодлогоо боловсруулахыг шаардаж буйг Байнгын хорооны дарга тэмдэглэсэн.