"Монгол Улсын гадаад бодлогын тэнцвэр хангагдаж байгаа"

УИХ-ын гишүүн, Гадаад харилцааны сайд Б.Батцэцэгийн мэндчилгээг тус яамны Тусгай үүрэг гүйцэтгэгч элчин сайд Д.Мөнхтөр уламжлав.

Уг мэндчилгээнд, өмнөх бага хурлаас хойш бараг бүтэн жил өнгөрсөн нь түүхийн их эргэлтэд багахан хугацаа боловч дэлхий дахин, бүс нутагт олон үйл явдал болж өнгөрлөө. Ингэхдээ урьдын адил ээдрээтэй, цаашид хэрхэн өрнөж, ямар үр дагаварт хүрэх нь тодорхойгүй хэвээр байна. Дайн, зэвсэгт мөргөлдөөн, эдийн засаг санхүүгийн хүндрэл зэрэг сорилтууд үргэлжилж, ойрын ирээдүйд арилах, жигдрэх магадлал төдий л харагдахгүй байгааг судлаачид тэмдэглэж байна.

Ийм ээдрээ, сорилттой цаг үед гадаад бодлогын нэгдмэл байдлаа хадгалж, гадаад харилцаа ямар нэг удаашрал, сааталгүй, хэвийн үргэлжилж, Монгол төрийн Алтан аргамж бат бөх хэвээр байгааг нотлон хэлье.

Монгол Улсын энхийг эрхэмлэсэн, нээлттэй, олон тулгуурт, бие даасан гадаад бодлогын зарчмууд алсыг харсан, холч ухааны тусгал болох нь улам батлагдсаар байна. Эдгээрийг идэвхтэй, бүтээлч ажиллагаагаар тууштай хэрэгжүүлж байгаа. 

Харилцаа, хамтын ажиллагааны эрчтэй өрнөл дунд Монгол Улсын гадаад бодлогын тэнцвэр хангагдаж байгааг онцолмоор байна. Энэ онд Монгол Улсын Ерөнхийлөгч ОХУ, БНХАУ-д ажлын айлчлал хийж, гурван улсын төрийн тэргүүний уулзалт гурван жил завсарлаад дахин зохион байгуулагдлаа. Турк улстай стратегийн түншлэл, Чех, Польш, Узбекистан, Киргизстантай иж бүрэн түншлэл тогтоов. Төв Азийн орнуудтай хэсэг хугацаанд орхигдуулсан харилцаагаа сэргээж буй нь гадаад бодлогын тэнцвэрийг хадгалах, үйл ажиллагааныхаа орон зайг тэлэх, бүс нутагтаа идэвхтэй байх зорилгоос үүдэлтэй. Идэвх гэдэг ойлголтыг гадаад бодлогоо хэрэгжүүлж буй нэг арга хэлбэр төдийгүй цаашид баримтлах зарчим болохуйц хэмжээнд хэлбэржүүлэхийг зорьж байна хэмээн дурджээ.