С.Бямбацогт: Маргаашийн тогтвортой байдлыг хамгаалсан бодлого хэрэгтэй
Цаасан дээрх үлгэрээс амьдрал дээрх хэтэвч рүү...
40 мянган айлын орон сууц. 2005 оны үед Засгийн газраас санаачлан баталсан хөтөлбөр. Монгол хэлэнд “ипотек”, “моргейж” гэсэн санхүүгийн шинэ нэр томьёог анхлан нэвтрүүлсэн үе. “100 мянган айлын орон сууц” үндэсний хөтөлбөр. 2010-2011 онд ээлжит Засгийн газрын эхлүүлсэн хөтөлбөр. Тооны хэмжээ “дабльдаж”, зарим шалгуур босго, санхүүжилтийн өртөг нэмэгдсэнийг эс тооцвол агуулга, хэрэгжилтийн хувьд яг адилхан. Малгай нь өөр болохоос бодит үр дүн нь хомс гэсэн үг. Үндсэндээ Монголын Засгийн газар 2005 оноос иргэдээ орон сууцжуулах хөтөлбөрийг шат дараатай хэрэгжүүлж эхэлсэн ч цаасан дээрх тоо, баримт нь өөрчлөгдсөнөөс бусдаар бодит амьдрал дээрх иргэдийн хэтэвч рүү дөхүүлсэн нь үгүй.
Банкны шалгуур жил ирэх тусам өндөрсөж, урьдчилгаа төлбөрийн босго анх удаа орон сууц худалдан авах иргэд болон залуу гэр бүлийн хувьд хүнд даваа болсоор өнөөдрийг хүрэв. Өөрөөр хэлбэл, Монголын өнөөгийн орчин нөхцөлд байртай болох нь зөвхөн “мөрөөдөл” төдий болсон нь гашуун үнэн.
Гагцхүү Н.Учралын Засгийн газраас өргөн мэдүүлсэн 2027 оны төсвийн хуулийн хүрээнд орон сууцжуулах хөтөлбөрийг дахин оруулж ирлээ. Өмнөхөөсөө, үе үеийн Ерөнхий сайдуудаас ялгаатай нь амьдрал илүү дөхүүлж, хэтэвчний хэмжээ, хуримтлалын бодит боломжид тааруулах шийдлийг тусгасан нь анхаарал татаж байна. Үүгээр орон сууцтай болоход хамгийн том саад болсон урьдчилгаа төлбөрийн 30 хувийн “хана”-ыг нурааж 15 хувь руу оруулах асуудлыг ирэх жилийн төсвөөр дамжуулж шийдвэрлэх нь.
Иргэд ипотекийн зээлд хамрагдаж чаддаггүй гол шалтгааны нэг нь байрны үндсэн үнийн 30 хувь болох урьдчилгаа төлбөрийг бэлнээр хуримтлуулах тухай асуудал. Ойрын жишээ нь, 150 сая төгрөгийн байр авахад 45 сая төгрөг бэлнээр тушаах шаардлага тулгардаг байсан нь дундаж орлоготой иргэдэд дааж давшгүй даваа байсан юм.
Харин шинэ зохицуулалтаар төрийн оролцоотой барьж буй "Залуус", "Ногоон нуур", "Солонго" хорооллын 4,000 орон сууцны урьдчилгаа төлбөрийг 15 хувь болгож хоёр дахин бууруулахаар тусгажээ. Залуу гэр бүлүүд болон дундаж орлоготой иргэдийн хэтэвчинд ирэх хамгийн том бодит хөнгөлөлт болох нь мэдээж. Улмаар зээлийн босгыг зүгээр нэг цаасан дээр бууруулах биш, санхүүжилтийн шинэ механизмыг нэвтрүүлэх нь энэ удаагийн шийдлийн гол агуулга.
Үндсэндээ тухайн иргэний орон сууц авах урьдчилгаа төлбөрийн тал үнэ нь "Түрээслээд өмчлөх" нөхцөлөөр, үлдсэн ипотекийн зээлээр шийдэгдэнэ. Арилжааны банк, Орон сууцны корпораци, иргэн гэсэн гурван тал хамтарч гэрээгээ байгуулна гэсэн үг. Энэхүү гурвалсан түншлэл нь иргэнийг нэг дор их хэмжээний өр зээлэнд унахгүйгээр, сар, сардаа түрээсээ төлөнгөө өмчөө баталгаажуулах бодит боломжийг олгох хэрэг.
Хөтөлбөрийн хүрээнд нийт 16,000 өрх орон сууцтай болохоор төлөвлөснийг Засгийн газар мэдэгдсэн. Үүнээс 14,000 айл ипотекийн 6 хувийн зээлээр, урьдчилгаа төлбөргүй эсвэл дутагдалтай байгаа 2,000 өрхийг түрээслээд өмчлөх хэлбэрээр байрандаа оруулахаар тооцжээ.
Ийнхүү урьдчилгаа төлбөр, банкны шалгуур, хүсэлт өгсөн дараалал зэргээс үүдэлтэй хоосон амлалт, хэрэгжихгүй хөтөлбөрүүдээс залхсан иргэдийн хувьд энэ удаагийн "хэтэвчинд тааруулсан" бодлого бодитоор “бай”-ндаа тусч, олон мянган өрхийн янданг цөөлөх үү гэдгийг харах л үлдлээ.
Г.Эрхэс