Ж.Чинбүрэн: Согтууруулах ундаа, тамхины онцгой татвараас ЭМДС-д хуваарилах шаардлагатай

ЭМДҮЗ-ийн 2024 оны үйл ажиллагааны тайланг хэлэлцэв. Тайланг Эрүүл мэндийн сайд, ЭМДҮЗ-ийн дарга Ж.Чинбүрэн танилцуулав. ЭМДҮЗ-д Засгийн газар, ажил олгогч, даатгуулагчдыг төлөөлсөн тус бүр гурав, нийт есөн гишүүн ажилладаг бөгөөд гишүүн С.Эрдэнэбат Улсын Их Хурлын гишүүнээр сонгогдож чөлөөлөгдөх хүсэлтээ гаргасан тул зөвлөл 2024 оны сүүлийн хагас жилд найман гишүүнтэй ажиллажээ. Өнгөрсөн онд тус зөвлөл нийт найман удаа хуралдаж, Эрүүл мэндийн даатгалын сан (ЭМДС)-гаас санхүүжүүлэх тусламж үйлчилгээний жагсаалт, төлбөрийн хэмжээ, журмыг шинэчлэн, анхан шатны эрүүл мэндийн байгууллагуудын эмч, мэргэжилтнүүдийн үндсэн цалин, орон нутгийн нэмэгдлийг өсгөж тусламж үйлчилгээний тарифыг шинэчлэх төсвийн нарийвчилсан хуваарийг батлах зэрэг 11, өөрийн дотоод үйл ажиллагаатай холбоотой тав, нийт 16 тогтоол баталжээ. Мөн зөвлөлийн ажлын хэсгүүд Дархан-Уул, Орхон, Өмнөговь аймгийн 24, нийслэлийн 22, нийт 46 эрүүл мэндийн байгууллагад албан томилолтоор ажиллаж, 1000 гаруй эмч, эмнэлгийн ажилтантай уулзан, тогтоол, шийдвэрийн хэрэгжилттэй газар дээр нь танилцаж, тэдний санал хүсэлтийг сонсон, тулгамдсан асуудлыг бодлогын шийдвэрт тусгах, холбогдох байгууллагад зөвлөмж хүргүүлэх зэргээр ажилласан байна.

 

ЭМДС-гийн орлого, зарлагын гүйцэтгэлээр 2024 онд эрүүл мэндийн даатгал (ЭМД)-д 3274900 даатгуулагч хамрагдаж, хамрагдалт 93.4 хувьтай гарч, 1 их наяд 964 тэрбум төгрөгийн орлого төвлөрүүлэхээс 1 их наяд 921 тэрбум төгрөгийн орлого төвлөрүүлж орлогын төлөвлөгөө 97.8 хувьтай биелсэн байна. Сангийн орлогын 38.9 хувийг төр хариуцах тусламж үйлчилгээний санхүүжилт, 42.3 хувийг ажил олгогч, даатгуулагчаас төлөх шимтгэл, 16.9 хувийг эрүүл мэндийн даатгалыг нь төрөөс хариуцах иргэдийн улсын төсвөөс төлсөн шимтгэл, 1.8 хувийг бусад орлого эзэлсэн байна. Мөн эрүүл мэндийн тусламж үйлчилгээний зардалд 2 их наяд 110 тэрбум төгрөгийн санхүүжилтийг ЭМД-ын гэрээ бүхий 2385 байгууллагад олгожээ. Үүнд, улсын эмнэлэгт 1 их наяд 127.9 тэрбум, анхан шатын эрүүл мэндийн байгууллагад 487.4 тэрбум, хувийн эмнэлэгт 266.8 тэрбум, эмийн санд 137.8 тэрбум, урьдчилан сэргийлэх тусламж үйлчилгээний зардалд 31.6 тэрбум, сувилалд 27.2 тэрбум, төр хариуцах эмийн зардалд 31.6 тэрбум төгрөг тус тус зарцуулсан байна. Төсөвт төлөвлөсөн зарлагын гүйцэтгэл 403,5 тэрбум төгрөгөөр давсан учир 2024 оны эрсдэлийн сангийн 53.6 тэрбум төгрөгийн 43,6 тэрбумыг лавлагаа шатлалын эрүүл мэндийн байгууллагын хэвтүүлэн эмчлэх тусламж үйлчилгээний зардалд, 10 тэрбум төгрөгийг амбулаторийн тусламж үйлчилгээний зардалд тус тус зарцуулжээ. Эрүүл мэндийн тусламж үйлчилгээний зардал батлагдсан төсвөөс 197,9 тэрбум төгрөгөөр, эмийн үнийн хөнгөлөлтийн зардал 478 сая төгрөгөөр хэтэрсэн байна. Мөн өмнөх оны өглөг 218,3 тэрбум төгрөгийг 2024 оны төсвөөс олгосонтой холбоотой сангийн нийт зарлага 2 их наяд 348,1 тэрбум төгрөг болжээ.

 

Даатгуулагчдад үзүүлэх эрүүл мэндийн тусламж үйлчилгээг өргөжүүлж, эрүүл мэндийн улмаас иргэнд учирч болзошгүй санхүүгийн эрсдэлийг бууруулах зорилгын хүрээнд ЭМДҮЗ-ийн шийдвэрээр орон нутгийн өрхийн эрүүл мэндийн төв (ЭМТ)-үүд болон сум, тосгоны ЭМТ-ийн албан хаагчдын үндсэн цалинг 10 хувиар өсгөж, орон нутгийн нэмэгдлийг 40 хувь хүргэх тооцооллыг цалингийн тохируулгад тусгажээ. 1500-аас доош хүн амтай 23 сум, тосгоны ЭМТ-ийн нэг иргэнээр тооцох санхүүжилтэд хүн амаас хамаарах тэгш байдлын индексийн коэффициентыг хоёр дахин, оношилгоо, шинжилгээг гэрээр үзүүлэх тусламж үйлчилгээ, зарим сэргээн засах болон өдрийн эмчилгээний тарифыг инфляцын түвшинтэй уялдуулан нэмэгдүүлсэн байна. Мөн хүүхдийн өдрийн эмчилгээний болон хүүхдийн халдварт бус суулгалт өвчний багцуудыг шинээр үүсгэсэн байна. Гэрээр үзүүлэх тусламж үйлчилгээний багцыг өргөжүүлж хөнгөвчлөх тусламж үйлчилгээ болон хүүхэд, тулгуур, хөгжлийн бэрхшээлтэй иргэд, эмнэлэгт ирэх боломжгүй ахмад настанд зайлшгүй үзүүлэх тусламж үйлчилгээг шинээр нэмжээ. ЭМДС-гаас олгож буй тусламж үйлчилгээний төлбөрийн хэмжээ нь бүсчилсэн коэффициентыг тогтоож, баруун бүсэд 1.15 нийслэлд 1.0 байхаар тохируулсан байна. 

Нэг худалдан авагчийн тогтолцоонд шилжсэнээр даатгуулагчийн амь насанд гэнэтийн эрсдэл учруулж болзошгүй төрөх, жирэмсэн, нярайн тусламж үйлчилгээ, халдварт өвчин, хавдар, түргэн тусламж, яаралтай тусламж зэрэг нэн шаардлагатай тусламж үйлчилгээнд зарцуулах зардлын хэмжээг тогтмол нэмэгдүүлж, 2024 онд 84.2 хувьд хүрсэн нь 2020 онтой харьцуулахад хоёр дахин өссөн байна. Эрүүл мэндийн тусламж үйлчилгээний хамтын төлбөрийн хэмжээг хувиар биш тогтмол дүнгээр тогтоосноор өндөр өртөгтэй тусламж үйлчилгээнд иргэдийн төлөх төлбөрийн хэмжээ буурсан байна. Тухайлбал, 113.6 сая төгрөгийн өртөгтэй элэг шилжүүлэн суулгах мэс заслын төлбөрт даатгуулагч хувиасаа 28.4 сая төгрөг төлдөг байсныг 5.0 сая төгрөг болгон бууруулсан байна. Даатгалын шимтгэлийг төрөөс хариуцдаг иргэдийг хамтын төлбөрөөс бүрэн чөлөөлөгдсөнөөр 2021 онд 39 тэрбум, 2022 онд 47 тэрбум, 2023 онд 62.8 тэрбум, 2024 онд 76.8 тэрбум төгрөгийг тус тус чөлөөлсөн байна.

Сайд мэдээллийн төгсгөлд ЭМДС-гийн удирдах, төлөвлөхтэй холбогдон харилцаа, гүйцэтгэлд суурилсан арга, хэмжээг оновчтой болгох чиглэлээр хуульд өөрчлөлт оруулах, төрөөс зардлыг нь хариуцах иргэдийн шимтгэлийн хувь хэмжээг үе шаттай нэмэгдүүлэх, төрөөс хариуцах тусламж үйлчилгээний санхүүжилтийг жил бүр нэмэгдүүлж, төсөвт тусгах шийдвэрлэх, согтууруулах ундаа, тамхины онцгой татвараас ЭМДС-д хуваарилах шаардлагатайг дурдлаа.