С.Бямбацогт: Фермерүүдийг төрийн бодлогоор тогтвортой дэмжих шаардлагатай
Тодотголын цаадах эдийн засгийн хатуу тоглолт!
Н.Учралын Засгийн газар удтал дуншсан Төсвийн тодотголоо УИХ-д өргөн мэдүүллээ. Угтаа бол 2027 оны Төсвийн хуультай хамт өргөн мэдүүлэхээр тогтсоноо Сангийн сайд мэдээлж асан нь саяхан. Гэвч гадаад орчин дахь хямралын нөлөө дотоодын улс төрийг өрдсөн нь Ерөнхий сайдын танхимыг нуман тулгуурт оруулснаар төсвөө тодотгохоос өөр сонголтыг үлдээсэнгүй.
Сонирхолтой нь, Ерөнхий сайд өөрөө биечлэн өргөн мэдүүлсэн тодотголд гал унтраах төдийхнөөр асуудлыг аргацаасан хуваарилалт гэхээсээ Төрийн хэт үрэлгэн байдлыг бүхэлд нь танаж, эдийн засгийн бодит хөрс рүү чиглүүлсэн хэд хэдэн өөрчлөлтийг тусгасан нь анхаарал татаж байна. Өмнөх, үе үеийн Засгийн газрын үед ифнляцын өсөлт, төсвийн алдагдалтай уялдуулж татвар нэмэх эсвэл өр тавих замаар үндсэн зарчмаасаа үргэлж хазайж, бүр бултдаг байлаа.
Харин энэ удаад Монгол Төр анх удаа өөрийнхөө халаас руу өнгийж, бүсээ чангалах шийдвэрийг тугаа болгов. Эхний долоон сарын байдлаар төсвийн орлого 2.4 их наядаар тасарч, инфляц 13 хувийг давсан цаг үед Засгийн газраас мөнгө хэвлэж, зах зээлд нийлүүлэхгүйгээр дотоод хэмнэлтээрээ нийгмийн хамгааллыг бодитоор батлан даах алхмыг эрэлхийлсэн нь сайн мэдээ юу гэвэл тийм.
Үндсэндээ Төр өөрийн тэвчиж болох урсгал болон хөрөнгийн нийт зардлаас нийт 1.44 их наяд төгрөгийг танасанд энэ удаагийн тодотголын гол агуулга, аргумент оршиж байна. Ингэснээр төсөвт хамгийн том ачаалал, алдагдал үүсгэдэг Төрийн өмчит компаниудын “бялуу хуваалт”-ыг Засгийн газар өөрсдөдөө төвлөрүүлэх замаар хаана, хэрхэн зарцуулах эрхийг УИХ-аар дэнслүүлэх нь. Өөрөөр хэлбэл, Төрийн өмчит компаниудад төвлөрч байгаа мөнгийг төсөвт төвлөрүүлж, шаардлагатай салбаруудад хуваарилах хуулийн заалтыг зориуд тусгасан нь Н.Учралын танхимын “гэнэтийн бэлэг” байв.
Сайд нарын багцаас 430 тэрбум төгрөгийг танаж, өөрсдийн хэтэвчээ “сэгсрэв”. Сайд нарын багц гэдэг сайд нарын л багц байдаг. Гадаад, дотоод томилолт, хурал хуй, зөвлөгөөн, тавилга, эд хогшил, зөвлөх үйлчилгээ, машин тэргээс эхлүүлээд төдий өдий хүртэлх явж ирсэн зарчим, хуулийн заалтаар сайд болгон өөрт ногдсон төсвийн ерөнхийлөн захирагчийн хувьд багцад хамаарах төсвөө “үрж” яддаг байсан нь нууц биш. Төрийн мөнгө гэж байдаггүй татвар төлөгчдийн л гэж байдаг болохоор үрэлгэн зардал, сайд нарын тансаглал бүрийн араас хардлага, шүүмжлэл байсхийгээд явдаг ч тэр бүр “бай”-ндаа тусдаггүй байсан нь саяхан. Төсвийн мөнгө уйлдаггүй гэдэг зарчим ч үе үеийн сайд нарын тархинд хадаатай явдаг байлаа шүү дээ. Эцэст нь төсвийн тодотголоор Засгийн газрыг бүрдүүлдэг сайд нарын багцаас бараг хагас их наяд төгрөгийг хэмнэлт хийсэн нь маргаангүй шинэ жишиг боллоо.
Ийнхүү хүний өөрийнгүй хумьж, танасан 1.4 их наяд төгрөгийн хэмнэлтийг иргэдийн нуруун дээрх дарамтыг зөөлрүүлэхэд дахин хуваарилах болсноо Ерөнхий сайд Н.Учрал мэдэгдэнэ лээ. Түүний онцолсноор боловсролын салбарын 93.5 мянган багш, ажилтны цалинг энэ оны эцэс хүртэл тасалдуулахгүй байхад 674.5 тэрбум, цалингийн өсөлтөөс хоцорсон төрийн үйлчилгээний бага орлоготой ажилчдын цалинг 50 хувийн өсөлтөд хүргэж жигдрүүлэхэд 166.3 тэрбум төгрөг, 435 мянган ахмадын суурь тэтгэврийг хуулийн хугацаанаас нь өмнө нэмж олгоход 196.3 тэрбум төгрөгийг тус тус хуваарилжээ.
Хэн нэгэнд таалагдах халамж гэхээсээ хүнд цаг үед иргэдийнхээ бодит орлогыг хамгаалж буй эдийн засгийн хамгаалалт гэвэл илүү үнэнд дөхнө гэсэн үг. Нөгөө талд сөрөг хүчин АН-ынханд ч бодит байдлаа хүлээн зөвшөөрч, эвлэрэхээс өөр сонголтыг тулгах нь бололтой. Нэгдүгээрт, төсвийн зардлыг үрэлгэн, хөөсөрсөн гэдэг шүүмжлэл 1.4 их наядын хэмнэлтээр албажиж, бодитоор хэрэгжих нь. Хоёрдугаарт, зөвхөн гал унтраах шийдвэр, шийдлээр амь залгуулж ирсэн эрчим хүчний салбар үнэ тарифаа өсгөхгүйгээр 107.3 тэрбум төгрөгийн татаас олгож, станцуудын их засварт 92.7 тэрбум төгрөг зарцуулах нь.
Гуравдугаарт, мах, улаанбуудай, хүнсний ногооны үнийн хөөсрөлтийг хазаарлах стратегийн нөөц бүрдүүлэлтэд 150 тэрбум төгрөг тусгасан нь зах зээлийг үнийн шокоос хамгаалах бодит бамбай болох нь. Үндсэндээ АН-ынхны төдийгөөс өдий хүртэл ярьж, шүүмжилж ирсэн асуудлууд бүхэлдээ энэ удаагийн тодотгол туссан нь Засгийн газрыг бус өөрсдийг нь нуман тулгуурт оруулж мэдэх нь.
Санаж байгаа бол олон жилийн турш төсвийг “сорж” ирсэн 14 ТӨК-ийг татан буулгаж, 260 давхардсан орон тоог цомхотгон 67 тэрбум төгрөг хэмнэсэн бодлого дараагийн шатандаа шилжиж, ногдол ашгийн хэмжээг 1.6 их наядад хүргэхээр тооцжээ. Баялгийн сангийн хуулиар 1072 хувьцааг хоёрдогч зах зээлд гаргах эрх зүйн зохицуулалтыг эцэслэн шийдсэн нь уул уурхайн баялгийг цөөнх биш, иргэн бүр бодитоор хүртэх нь мэдээж.
Эцсийн дүндээ тодотголын үр дүнд 2026 оны нэгдсэн төсвийн тэнцвэржүүлсэн орлого 31.9 их наяд төгрөг, нийт зарлага 34.0 их наяд төгрөг байх бөгөөд төсвийн алдагдлыг ДНБ-ий 2.0 хувь буюу аюулгүйн зааг болох 2.0 их наяд төгрөгт барина гэж үзжээ. Энэ нь Н.Учралын Засгийн газар хямралыг аргацаах бус харин ч санхүүгийн хатуу сахилга батыг Төрийн дээд түвшинд тулгаж чадсаны илрэл болж байна.
Нэг ёсондоо Төсвийн тодотгол дамнуулан улс төрийн амлалтаар амь тариа хийж, маргаашийн эрсдэлийг нуух гэсэн хуучин загвар ийнхүү түүх болж мэдэх нь. Эдийн засгийн бодит тооцоолол, ТӨК-иудын цэвэрлэгээ, стратегийн салбарын хамгаалалт нь “өнөөдрийн галыг унтраах” биш, хэтийн тогтвортой байдлаа хамгаалах хатуу чадвар сууж эхэлсний дохио. Одоо сөрөг хүчний хоосон хашгираан, улстөржилт биш тоо баримт, бодит үр дүн ярих цаг. Төр бүсээ чангаллаа, одоо үр дүнг нь харах үлдлээ.
С.Сүлд