У.Хүрэлсүх: Эв нэгдэлд сөргөөр нөлөөлөх эрсдэл бүхий аливаа хууль бус үйл ажиллагааг таслан зогсоо
З.Мэндсайхан: Олон улсын зах зээлээс хөрөнгө оруулалт татна
Засгийн газраас 2026 оны 08 дугаар сарын 20-ны өдөр өргөн мэдүүлсэн Монгол Улсын 2026 оны төсвийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөлтэй хамт өргөн мэдүүлсэн хууль, тогтоолын төслүүдийн хэлэлцэх эсэхийг хэлэлцлээ.
Найман хууль, хоёр тогтоолын төслийн гол агуулгыг Улсын Их Хурлын гишүүн, Засгийн газрын гишүүн, Сангийн сайд З.Мэндсайхан ийн танилцуулав.
1.Уул уурхай, олборлолт, ашигт малтмалын боловсруулах салбар дахь төрийн өмчит болон төрийн өмчийн оролцоотой хуулийн этгээдийн төрийн эзэмшилд ноогдох ноогдол ашгийн орлогоос Үндэсний баялгийн санд хуваарилаад, үлдэх хэсгийг улсын төсөвт ноогдол ашгийн орлого хэлбэрээр төвлөрүүлэх, хуримтлалын сангийн хөрөнгийн удирдлагын тодорхой хэсгийг “Чингис хаан” баялгийн сан нэгдэл ХХК хэрэгжүүлж, сангийн хуримтлалыг нэмэгдүүлэх зорилгоор Үндэсний баялгийн сангийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл;
2.Төрийн өмчийн оролцоотой компанийн хувьцааг хөрөнгийн зах зээлд санал болгож арилжаалах үйл ажиллагааны хугацаа, зардлыг бууруулах, зах зээлийн бодит үнэлгээг бий болгох, өмчлөл, компанийн засаглал, мэдээллийн ил тод байдлыг сайжруулах, мөн уламжлалт санхүүгийн хэрэгслийг орчин үеийн дэвшилтэт дэд бүтцийг ашиглан олон улсад гарган арилжаалах эрх зүйн орчныг бүрдүүлэх зорилгоор Үнэт цаасны зах зээлийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл;
3.Нийгэм эдийн засгийн өнөөгийн нөхцөлд тэтгэвэр авагч ахмад настны тэтгэврийн орлогыг нэмэгдүүлж нийгмийн хамгааллын баталгааг хангах, Цэргийн албан хаагчийн тэтгэвэр, тэтгэмжийн тухай хуулийн дагуу тэтгэвэр тогтоолгосон ахмад настны тэтгэврийн орлогыг нэмэгдүүлэх, үйлдвэрлэлийн осол, мэргэжлээс шалтгаалсан хүчний даатгалын сангаас тэтгэвэр авагч ахмад настны тэтгэврийн орлогыг нэмэгдүүлэх зорилгоор Нийгмийн даатгалын сангаас олгох Тэтгэврийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуульд өөрчлөлт оруулах тухай, Нийгмийн даатгалын сангаас олгох тэтгэврийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийг дагаж мөрдөх журмын тухай хуульд өөрчлөлт оруулах тухай, Цэргийн албан хаагчийн тэтгэвэр, тэтгэмжийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуульд өөрчлөлт оруулах тухай, Цэргийн албан хаагчийн тэтгэвэр, тэтгэмжийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийг дагаж мөрдөх журмын тухай хуульд өөрчлөлт оруулах тухай, Нийгмийн даатгалын сангаас олгох үйлдвэрлэлийн осол, мэргэжлээс шалтгаалсан өвчний тэтгэвэр, тэтгэмж, төлбөрийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуульд өөрчлөлт оруулах тухай, Нийгмийн даатгалын сангаас олгох үйлдвэрлэлийн осол, мэргэжлээс шалтгаалсан өвчний тэтгэвэр, тэтгэмж, төлбөрийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн дагаж мөрдөх журмын тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл;
4.Засгийн газрын өрийн багцын гадаад валютын эрсдэлийг бууруулах төрийн өмчит компаниудын үр ашгийг сайжруулж, олон улсын зах зээлээс хөрөнгө оруулалт татахад шаардлагатай бэлтгэл ажлыг хангах зорилгоор "Тогтоолд өөрчлөлт оруулах тухай", "Монгол Улсын Засгийн газарт чиглэл өгөх тухай" Улсын Их Хурлын тогтоолын төслүүдийг тус тус боловсруулсан гэж байлаа.
Хэлэлцэж буй асуудалтай холбогдуулан гишүүд асуулт асууж, үг хэлсэн. Тухайлбал, Улсын Их Хурлын гишүүн Х.Ганхуяг Засгийн газрын тусгай санд Үндэсний хөрөнгө оруулалтын сан гэж байхгүй тул төсөлд туссан уг санг шинээр байгуулах эсэх, хоёр тэрбум төгрөгөөс доошгүй хэмжээний төрийн эзэмшлийн хувьцааг тухайн санд холбогдох хуулийн ямар зохицуулалтаар шилжүүлэхийг, Улсын Их Хурлын гишүүн Л.Соронзонболд Үнэт цаасны зах зээлийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулснаар энэ онд багтаан хийх бодитой гүйлгээ байгаа эсэх, мөн Монголын ямар нэртэй компани гадаадын зах зээл дээр хадгаламжийн бичиг гаргах гэж байгаа талаар лавлаж, хариулт авсан.
Ингээд Монгол Улсын 2026 оны төсвийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөлтэй хамт өргөн мэдүүлсэн хууль, тогтоолын төслүүдийг үзэл баримтлалын хүрээнд хэлэлцэх эсэх санал хураалтыг төсөл нэг бүрээр явуулсан. Хуралдаанд оролцсон гишүүдийн олонх хууль, тогтоолын төслүүдийг үзэл баримтлалын хүрээнд хэлэлцэхийг тус тус дэмжсэн тул энэ талаарх Байнгын хорооны санал, дүгнэлтийг чуулганы нэгдсэн хуралдаанд танилцуулахаар тогтлоо.