П.Сайнзориг: 2024 оны нийт тендер шалгаруулалтын 44 хувь нь амжилтгүй болсон

Улсын Их Хурлын гишүүн П.Сайнзориг нарын 28 гишүүнээс 2026 оны 07 дугаар сарын 02-ны өдөр өргөн мэдүүлсэн Төрийн худалдан авах ажиллагааны тухай хууль /Шинэчилсэн найруулга/-ийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүдийн хэлэлцэх эсэхийг хэлэлцэв.

Хууль санаачлагчийн илтгэлийг Улсын Их Хурлын гишүүн П.Сайнзориг танилцуулсан. Тэрбээр танилцуулгадаа, Одоо хүчин төгөлдөр үйлчилж байгаа хуулиар худалдан авах ажиллагааны дэвшилтэт технологи, хиймэл оюуныг ашиглах, хувийн хэвшлийг дэмжих зохицуулалтыг бүрэн гүйцэд тусгаагүй нь хуулийн зорилго биелэх нөхцөлийг алдагдуулж байна гэв.

Сүүлийн жилүүдэд тендер шалгаруулалтад оролцогч аж ахуйн нэгж, байгууллагын тоо буурах, оролцогчгүй тендер шалгаруулалтын тоо өсөх хандлагатай байгаа бөгөөд 2024 оны нийт тендер шалгаруулалтын 44 хувь нь амжилтгүй болж, дахин зарласан статистик байгаа гэлээ. Тендер шалгаруулалтад оролцох болон зохион байгуулах зардал өндөр, хугацаа шаардсан, олон давтан тендер шалгаруулалт зохион байгуулдаг нь төвлөрсөн хөрөнгийг бүрэн ашиглах хугацаанд нь хэрэгжүүлэхэд хүндрэлтэй нөхцөл байдлуудыг үүсгэж байгаа аж.


Мөн цахим дэлгүүр дэх бараа, ажил, үйлчилгээний нийт төрөл, захиалагчийн хэрэгцээг бүрэн хангахгүй, том төслүүдийн тендер шалгаруулалт, гэрээ байгуулах зохицуулалт, уян хатан бус түүнчлэн худалдан авах ажиллагааны гэрээний эрх зүйн зохицуулалт болон гомдол, маргаан хянан шийдвэрлэх тогтолцоо олон улсын сайн туршлагад нийцүүлэн боловсронгуй болгох шаардлага үүссэн байна. Эдгээр зохицуулалтыг хуулийн төсөлд тусгахад бүтэц, уялдаа алдагдахад хүрч, хуулийн нийт заалтын 50-аас дээш хувьд нэмэлт, өөрчлөлт орсон тул Хууль тогтоомжийн тухай хуульд заасны дагуу шинэчилсэн найруулгын төсөл боловсруулсан гэдгийг П.Сайнзориг гишүүн онцолж байлаа.

Төслөөр төрийн болон орон нутгийн өмчийн төсвийн хөрөнгөөр хийх худалдан авалтаас гадна төрийн болон орон нутгийн өмчит компани, төрийн болон орон нутгийн өмчийн оролцоотой компанийн худалдан авах ажиллагааг зохицуулж байгааг харгалзан хуулийн төслийн нэрийг Төрийн худалдан авах ажиллагааны тухай болгон өөрчилсөн гэв.


Төсөлд хуулийн үйлчлэх хүрээг нэмэгдүүлэх, худалдан авах ажиллагааны үр ашиг, өрсөлдөөнийг сайжруулах, гүйцэтгэгчийн чанар, үнийн хослолоор сонгох, хиймэл оюун болон технологийн дэвшлийг нэвтрүүлэх, тендер шалгаруулалтыг шуурхай, хялбар цахимаар зохион байгуулах, эх оронч худалдан авалтыг дэмжих, том төслийн худалдан авах ажиллагаанд чадавхад суурилсан хэлэлцээний аргыг хэрэглэх, маргаан шийдвэрлэх ажиллагааг байнгын ажиллагаатай зөвлөл байгуулах замаар шийдвэрлэх, мөн хуулийн төслийн бүтцийг худалдан авах ажиллагааны бодит үе, шат дараалалтай уялдуулан шинэчлэх зэрэг үндсэн зохицуулалтуудыг тусгасан гэдгийг төсөл санаачлагчид танилцуулгадаа дурдсан. Тухайлбал, 10 тэрбум төгрөг хүртэлх төсөвт өртөгтэй тендер шалгаруулалтад баталгаа шаардахгүй байх, баталгааны мэдэгдэл бөглөж тендер хийлгэх боломжийг бүрдүүлж татвар, нийгмийн даатгалын хугацаа хэтэрсэн өр, төлбөртэй оролцогчийг тендерийн шатанд шууд хасахгүй байх, шалгарсан тохиолдолд гэрээ байгуулах үед холбогдох өр, төлбөрөө барагдуулахаар уян хатан зохицуулалтыг тусгасан байна.

Мөн орон нутгийн үйлдвэрлэлийг дэмжих хүрээнд нийслэл Улаанбаатар хотоос бусад орон нутагт байнгын үйл ажиллагаа явуулдаг тухайн орон нутагт бүртгэлтэй орон нутгийн татварын албатай харилцдаг, ажлын байр бий болгодог үйлдвэрлэгчийн үйлдвэрлэсэн хүнсний бүтээгдэхүүнийг захиалагч шууд худалдан авах боломжийг бүрдүүлж, сургуулийн хоол үйлдвэрлэл, орон нутгийн иргэдийн бизнесийг дэмжих зохицуулалтыг тусгасан гэв.


Хуулийн төсөлтэй холбогдуулан Улсын Их Хурлын гишүүн Х.Ганхуяг, Ж.Батжаргал, Б.Заяабал, Д.Үүрийнтуяа нар асуулт асууж, үг хэлэв. Гишүүд уг хуулийг шинэчлэх цаг болсныг дэмжиж байгаагаа илэрхийлэхийн зэрэгцээ төслийн гол агуулга нь дотоодын үйлдвэрлэгчид, ялангуяа бичил бизнес эрхлэгчдийг дэмжихэд чиглүүлэхэд анхаарах шаардлагатай гэдгийг онцолж байв.

Мөн тендер сонгон шалгаруулалтын явцад аль нэг тал маргаан гаргавал худалдан авалт нь амжилтгүй болдог тул төсөлд уг асуудлыг хэрхэн зохицуулсан талаар, цахилгаан бараа, тоног төхөөрөмж, автомашиныг худалдан авах ажиллагааг 100 хувь мөнгө төлөхөөр бус, лизингээр шийддэг гарцыг тусгасан эсэхийг лавлав. Түүнчлэн улсын төсвийн хөрөнгө оруулалтаар баригдах төсөл, арга хэмжээг хэрэгжүүлэх хугацаатай холбоотойгоор тодорхой зохицуулалт хийсэн эсэх,  сонгон шалгаруулалтын үр дүнд хамгийн хямдыг сонгосноор чанарын асуудал хөнддөг тул үүнийг хэрхэн шийдвэрлэсэн талаар тус тус лавлаж байлаа.


Ингээд Төрийн худалдан авах ажиллагааны тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүдийг үзэл баримтлалын хүрээнд хэлэлцэх эсэх санал хураалтыг хууль, тогтоолын төсөл бүрээр явуулав. Хуралдаанд оролцсон гишүүдийн олонх тус тус дэмжсэн тул энэ талаарх Байнгын хорооны санал, дүгнэлтийг чуулганы нэгдсэн хуралдаанд танилцуулахаар тогтов.

Хуралдааны төгсгөлд “Ерөнхий хяналтын сонсголын тов тогтоох, сонсгол даргалагчийг сонгох тухай” Байнгын хорооны тогтоолын төслийг хэлэлцэж эхлэв.

Энэ үеэр Улсын Их Хурал дахь МАН-ын бүлгийн дарга Ж.Батжаргал тус бүлгээс уг асуудлаар завсарлага авахаар болсныг мэдэгдсэн тул Байнгын хорооны дарга Н.Наранбаатар ажлын гурав хоногийн завсарлага