Э.Ганхүү: Эдийн засаг, санхүү, татварын асуудал хариуцсан дэд ажлын хэсэг байгуулсан

“Эрдэнэс Оюу Толгой” ХХК-ийн гүйцэтгэх захирал Э.Ганхүү мэдээлэл танилцууллаа. Монгол Улсын Ерөнхий сайдын 67 дугаар захирамжаар байгуулагдсан, Монгол Улсын Сангийн сайд Б.Жавхлангаар ахлуулсан ажлын хэсэгт дэмжлэг үзүүлэх дэд ажлын хэсгийг байгуулжээ. Дэд ажлын хэсгийг Сангийн яамны Санхүүгийн бодлогын газрын дарга С.Тулга ахалсан бөгөөд холбогдох мэргэжлийн багуудтай хамтран зургаан удаа хуралдсан байна. Энэ хугацаанд дэд ажлын хэсэг зээлийн хүүгийн талаар олон улсын зээлжих зэрэглэл тогтоогч байгууллагаас гаргасан загварчлалын дагуу хувилбарт тооцооллуудыг хийж, “Оюу толгой” компанийн санхүү, тооны өгөгдөлд дүн шинжилгээ хийсэн байна. Мөн олон улсын зах зээлд гарсан зээл, бондын судалгааг гүйцэтгэж ажиллаж байгаа юм байна. “Рио Тинто” буюу хувь нийлүүлэгчдийн хамаарал бүхий талуудаа хэлэлцээрийг 2025 оны 10 дугаар сарын 27-31-ний өдрийн хооронд зохион байгуулах саналаа албан ёсоор хүргүүлжээ. “Рио Тинто” компани товлосон хүлээн зөвшөөрч байгаа хэмээн мэдээлэлд дурдсан.

Зээлийн хүүгийн асуудлаар хөндлөнгийн, зөвлөх багууд, эрдэмтэн, судлаачдаар давхар тооцоо, судалгаа хийлгэн, ажлын дэд хэсгийн тооцооллыг баталгаажуулах ажлуудыг зохион байгуулж байгаа юм байна.

Стратегийн ач холбогдол бүхий Оюу Толгой бүлэг ордын талбайн хил зааг доторх ашигт малтмалын ашигласны тусгай зөвшөөрөл эзэмшдэг “Онтрэ” компанийн хувьцааны төрийн эзэмших хувь хэмжээг Монгол Улсын Үндсэн хууль, Ашигт малтмалын тухай хууль тогтоомжид нийцүүлэн тогтоох талаар хөрөнгө оруулагч талтай хэлэлцээ хийх, холбогдох асуудлыг сонсох, Улсын Их Хуралд танилцуулах үүрэг бүхий ажлын хэсэг гурван дэд ажлын хэсэгтэй ажиллаж байгаа аж. Тухайлбал, Уул уурхай,  байгаль орчны асуудал хариуцсан ажлын дэд хэсэг, Гэрээ, эрх зүйн асуудал хариуцсан дэд ажлын хэсэг, Эдийн засаг, санхүү, татварын асуудал хариуцсан дэд ажлын хэсэг байгуулагдан ажиллаж байгаа талаар “Эрдэнэс Оюу Толгой” ХХК-ийн гүйцэтгэх захирал Э.Ганхүү танилцуулав.