Х.Ганхуяг: Бодитой шийдэлд хүрч ажиллах шаардлагатай

Монгол Улсын Их Хурлын Хүний хөгжил, нийгмийн бодлогын болон Төсвийн байнгын хороод хамтран хуралдаж, иргэн Батсайханы Номингоос нийтийн өргөдөл, гомдлын petition.parliament.mn системээр ирүүлсэн эмч, багш нарын цалинг нэмэх тухай асуудлаар ажлын хэсэг байгуулах саналыг хэлэлцлээ. Хамтарсан хуралдааныг Төсвийн байнгын хорооны дарга Х.Ганхуяг, Хүний хөгжил, нийгмийн бодлогын байнгын хорооны дарга Б.Найдалаа нар даргалан явуулав.

Иргэн Б.Номингийн өргөдлийг Улсын Их Хурлын Өргөдлийн байнгын хороо өнгөрөгч сарын 30-ны хуралдаанаараа хэлэлцэж, ажлын хэсэг байгуулахыг Байнгын хорооны хуралдаанд оролцсон гишүүдийн олонх дэмжсэн байна. Тус Байнгын хорооны санал, дүгнэлтийг Улсын Их Хурлын гишүүн П.Ганзориг танилцууллаа. Тэрбээр, Өргөдлийн байнгын хорооноос Төсвийн болон Хүний хөгжил, нийгмийн бодлогын байнгын хороотой хамтарсан ажлын хэсгийг Улсын Их Хурлын даргын захирамжаар байгуулж, бодлогын шийдвэр гаргах нь зүйтэй гэж шийдвэрлэснийг дурдав.

Өргөдлийн байнгын хорооны санал дүгнэлттэй холбогдуулан Улсын Их Хурлын гишүүн А.Ариунзаяа, Ж.Батжаргал, Б.Найдалаа, Т.Мөнхсайхан, С.Зулпхар, Б.Бейсен, С.Эрдэнэбат, Х.Болормаа, О.Саранчулуун, Ц.Мөнхтуяа, Ч.Номин, Л.Энхнасан, Б.Хэрлэн, Ж.Галбадрах, Ц.Баатархүү, Н.Алтаншагай, П.Ганзориг, П.Сайнзориг, Д.Ганмаа нар асуулт асууж, үг хэлсэн юм. Улсын Их Хурлын гишүүд Монгол Улсын 2026 оны төсвийн төсөлтэй холбогдуулан эмч, багш нарын цалинг нэмэх эх үүсвэрийг эрэлхийлж, ямар зардал, санхүүжилтийг тэвчиж болох, ямар эх үүсвэрийг дайчилж болох талаар санал солилцон, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын сангуудын үйл ажиллагааг бодлого, зорилгод нь нийцүүлж, зохриулалтын бус зардал гаргахгүй байх, гүйцэтгэлийн үнэлгээ, санхүүжилтийн тогтолцооны хэрэгжилтийг эрчимжүүлэх, хөдөлмөрийн үнэлэмж, цалин хөлсний бодлогын шинэчлэлтийг цаашид хэрхэн хийх, улсын төсвийн болон салбарын хөгжлийн бодлогын уялдааг хангах, эрүүл мэнд, боловсролынхоос бусад салбарын төрийн албан хаагчдын цалин хөлсийг нэмэгдүүлэх тооцоо судалгаа, эх үүсвэрийг төлөвлөсөн, эсэх зэрэг олон асуудлыг хөндөн асууж, байр сууриа илэрхийлсэн юм.

Тухайлбал, багш, эмч, ажилчдын цалин хөлсийг зохистой түвшинд хүргэх эдийн засгийн нөөц боломж, итгэлцүүрийг хуульчлах, хөдөлмөр, нийгмийн зөвшлийн гурван талт хэлэлцээрийг үр дүнтэй зохион байгуулах, цалин хөлсийг инфляцтай уялдуулан нэмэгдүүлэх талаарх хууль тогтомжийн хэрэгжилтийг хангаж ажиллах, 15-20 хувиар нэмэх нь дорвитой нэмэгдэл болж чадах, эсэх, төсвийн ерөнхийлөн захирагчдын зардлыг 10 хувиар бууруулах талаар хамтын шийдвэрт хүрсэн, эсэх болон төсвийн урсгал зардлын хэмжээг ДНБ-ий 24 хувиас хэтрүүлэхгүй байх хязгаарлалтыг өөрчилж, нэмэгдүүлэх боломж байгаа эсэх зэрэг олон талын асуулт асууж, Эрүүл мэндийн сад Ж.Чинбүрэн, Боловсролын сайд П.Наранбаяр болон холбогдох албан тушаалтнуудаас дэлгэрэнгүй хариулт авав. Засгийн газар өнгөрөгч долоо хоногт энэ асуудлыг тухайлан хэлэлцэж, боловсролын салбарын багш, ажилчдын цалинг 20 хувь, эрүүл мэндийн салбарынхыг 15 хувь нэмэх тооцоолол гаргаад байгаа юм.

Эдгээрт болон тэтгэвэр тэтгэмжийг нэмэгдүүлэхэд нийтдээ 831 тэрбум төгрөг нэмж шаардана гэдгийг Гэр бүл, хөдөлмөр, нийгмийн хамгааллын яамнаас мэдээллээ. Орон нутагт бий болсон боловсон хүчний хомсдлыг шийдвэрлэхэд цалин хөлсний бодлогыг чиглүүлэх, бүсчилсэн хөгжлийн үзэл баримтлалтай уялдуулах, цалин бүтцийг боловсронгуй болгож, ажлын нөхцөл, чиг үүрэгт нь хамааруулан ялгаатай байдлаар нэмэгдлийг хуваарилах шаардлагатай зэргээр Улсын Их Хурлын гишүү санал бодлоо хэлж, уул уурхайн салбараас алдагдаж буй боломжийг бууруулах замаар эмч, багш нарын цалин хөлс, тэтгэвэр тэтгэмжийг нэмэгдүүлэх боломжтойг сануулж байлаа. Эдгээр асуудлаарх яриа хэлэлцээ, хурал зөвлөгөөнийг үр дүнд чиглүүлж, оновчтой, бодитой шийдэлд хүрч ажиллах шаардлагатай байна гэдгийг Улсын Их Хурлын гишүүд онцгойлон анхааруулсан юм. Засгийн газраас Монгол Улсын 2026 оны төсвийн төслийг өргөн барьчтихсан учир одоо Улсын Их Хурал тодорхой тооцооллуудаа нэгтгэж, ажлын хэсгийн хүрээнд саналуудаа тусгаад явах нь зүйтэй гэсэн байр суурийг Төсвийн байнгын хорооны дарга Х.Ганхуяг илэрхийллээ.