Н.Тавинбэх: Гуравдугаар станцаас хамаарсан дулааны эрчим хүчний доголдол байхгүй болсон
О.Батнайрамдал: Монгол Улсад хамгийн үр өгөөжтэй хувилбарыг сонгох ёстой
Монгол Улсын газар нутаг дээр, Монгол Улсын газрын хэвлийн баялгийн талаарх хэлэлцээр хийж байгаа учраас Монгол Улсын Үндсэн хууль, бусад хууль тогтоомжийг мөрдөх ёстой гэдгийг Хянан шалгах түр хорооны дарга О.Батнайрамдал хэллээ. Монгол Улсын Их Хурал, Засгийн газар Оюу толгой төслийн хэлэлцээртэй холбоотой асуудал дээр нэгдсэн байр суурьтай байгаа гэдгийг тэрбээр цохон тэмдэглэсэн. Монгол Улсын зүгээс олон улсын жишигт нийцсэн, харилцан ашигтай нөхцөлийг бүрдүүлэхээр ажиллаж байгаа талаар хэлээд холбогдох нээлттэй сонсголын бэлтгэл ажлын хүрээнд хуудас бүр дээр нууцын тамга дарж ирүүлж буй баримт бичгүүдийг хууль журмынхаа хүрээнд хянаж, ил болгуулахаар Засгийн газарт хандаад буйгаа дурдав.
Улсын Их Хурлын хянан шалгах түр хороо хууль тогтоомжийн хүрээнд ард түмний мэдэх эрхийг хангахаар ил тод, нээлттэй байх зарчмыг ханган ажиллахаа мэдэгдэв. Хуралдааны төгсгөлд тэрбээр хэлэлцээрт орж байгаа Засгийн газрын ажлын хэсгүүдэд амжилт хүсээд “Та бүхэн ард түмний итгэл, хүлээлт дор хэлэлцээрт орж байна. Монгол Улсын Үндсэн хууль, бусад хууль тогтоомждоо нийцүүлэн, Монгол Улсад хамгийн үр өгөөжтэй хувилбарыг сонгох ёстой. Улсын Их Хурлын Хянан шалгах түр хороо үүн дээр анхааралтай ажиглах болно” гэв.






