Н.Тавинбэх: Гуравдугаар станцаас хамаарсан дулааны эрчим хүчний доголдол байхгүй болсон
“Онтрэ” компанид хэлэлцээрийн баг ирүүлэх урилгыг хүргүүлжээ
Оюутолгойн бүлэг ордын ашиглалтад Монгол Улсын эрх ашгийг хангуулах, хүртэх өгөөжийг нэмэгдүүлэхтэй холбоотой баримт бичиг, үйл ажиллагаанд хяналт шалгалт хийх Улсын Их Хурлын хянан шалгах түр хорооны хуралдаан гишүүдийн 54.5 хувийн ирцтэйгээр 15 цаг 28 минутад эхэлж, гурван асуудал хэлэлцэхээр танилцууллаа.
“Оюу Толгой” ХХК-ийн Төлөөлөн удирдах зөвлөлийн дарга, гишүүд, гүйцэтгэх удирдлагын багийн танилцуулга, мэдээллийг сонсохоор товлосон байсан ч тус байгууллагаас ирүүлсэн саналтай холбогдуулан ирэх долоо хоногт тус компанийн байранд уулзалт зохион байгуулах, уурхайн үйл ажиллагаатай газар дээр нь очиж танилцах нь зүйтэй хэмээн үзэж буйгаа Улсын Их Хурлын гишүүн Б.Баярбаатар илэрхийлээд өнөөдрийн хэлэлцэх асуудлын дарааллаас уг асуудлыг хасах горимын санал гарав. Энэ горимын саналыг хуралдаанд оролцсон гишүүдийн олонх буюу 85.7 хувийн саналаар дэмжив.
Иймд хуралдаанаар хоёр асуудал хэлэлцэхээр товлож, Монгол Улсын Ерөнхий сайдын 2025 оны 67 болон 73 дугаар захирамжаар байгуулагдсан ажлын хэсгүүдийн явцын мэдээллийг сонсож эхлээд Улсын Их Хурлын гишүүн, Засгийн газрын гишүүн, Аж үйлдвэр, эрдэс баялгийн сайд Г.Дамдинням ерөнхий мэдээлэл нэгтгэн танилцуулсан. Ажлын хэсгүүд маш эрчимтэй ажиллаж байгаа бөгөөд Оюу толгой төслийн санхүүжилтийн хүүгийн зохистой байдлыг хянан үзэх, өөрчлөх асуудлаар хөрөнгө оруулагч талтай хэлэлцээ хийж, санал боловсруулах үүрэг бүхий ажлын хэсэг холбогдох тооцооллуудыг хийж, хүүгийн талаарх хувилбаруудыг боловсруулсан байгаа талаар дурдав. Стратегийн ач холбогдол бүхий Оюу Толгой бүлэг ордын талбайн хил зааг доторх ашигт малтмалын ашигласны тусгай зөвшөөрөл эзэмшдэг “Онтрэ” компанийн хувьцааны төрийн эзэмших хувь хэмжээг Монгол Улсын Үндсэн хууль, Ашигт малтмалын тухай хууль тогтоомжид нийцүүлэн тогтоох талаар хөрөнгө оруулагч талтай хэлэлцээ хийх, холбогдох асуудлыг сонсох, Улсын Их Хуралд танилцуулах үүрэг бүхий ажлын хэсгийг Г.Дамдинням сайд ахалж ажиллаж байгаа бөгөөд “Онтрэ” компанид хэлэлцээрийн баг ирүүлэх урилгыг хүргүүлжээ. Сайд холбогдох хариугаа өнөөдөр хүлээн авснаа дурдаад бэлтгэл ажил бүрэн хангагдсан болохыг танилцуулсан. “Рио Тинто” компаниас энэ сарын сүүлээр 10 хүний бүрэлдэхүүнтэй баг илгээхээр шийдэж, холбогдох мэдээллээ ирүүлсэн байгаа аж. “Онтрэ” компанийн зүгээс 2004 оны “Ашиг хуваах гэрээ”-ний хүрээнд өөрийн хүртэх 20 хувийн хүрээнд 34 хувийн хэлэлцээрт орох саналтай байгаагаа илэрхийлжээ. Монгол Улсын Ерөнхий сайдын 2025 оны 73 дугаар захирамжаар байгуулагдсан ажлын хэсгийн зүгээс 100 хувийн хүрээнд хэлэлцээрт орох байр суурьтай байгаа аж. Ажлын хэсгүүдэд Ерөнхий сайд чиглэл өгсөн талаар мөн дэлгэрэнгүй мэдээлэл өгсөн.






