ТЭТГЭВРИЙН ШИНЭЧЛЭЛ: Ирээдүйгээ харсан эхний алхам

Албан ёсны статистикаас харахад Монгол Улсад нийт 524,700 гаруй ахмад настан тэтгэвэр авч байна. Гэвч тэдний тэтгэврийн хэмжээ амьдралын бодит дүр зурагт тийм ч таатай буухгүй. Учир нь, нийт тэтгэвэр авагчдын 57 хувийнх нь хэмжээ хамгийн доод буюу 769,000 төгрөг. Үндсэндээ гурван ахмад тутмын 1 нь улсад 25-аас дээш жил зүтгэж, шимтгэлээ тасралтгүй төлсөн ч ийм түвшинд тэтгэврээ тогтоолгосон хэрэг. Олон болон цөөн жил ажилласан эсэх нь энд хамаагүй. Бүгдийг нь "доод хэмжээ" рүү тэгшитгэн татсан нь энэ. Хамгийн шударга бус бөгөөд тэтгэврийн тогтолцооны гажиг нь ийм. 

Саяхандаа, Засгийн газраас тэтгэврийн хэмжээг 80,000 төгрөгөөр нэмэгдүүлж, үүнд улсын төсвөөс 516 тэрбум төгрөг зарцуулах шийдвэрийг гаргаж байв. Ердөө жил хүрэхгүй хугацааны өмнө. Гэвч инфляцын шуурганд энэхүү “нэмэгдэл” ахмадуудын гарт бодитой үнэ цэн болоогүй. Дундаж тэтгэврийн хэмжээ 826,200 төгрөгт хүрсэн нь үнэн ч хүнсний бүтээгдэхүүн, эм тарианы үнийн өсөлтийг лав гүйцээгүй.

Удалгүй Ерөнхий сайдын тамга атгасан Н.Учрал илүү олон жил төлсөн нь илүү өндөр тэтгэвэр авах тогтолцооны шинэчлэл эхлүүлэхээ мэдэгдсэн. Үр дүнд нь Засгийн газраас Нийгмийн даатгалын ерөнхий хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг өргөн мэдүүлснийг УИХ-аас эцэслэн баталлаа. 

1999 оноос хойш нийгмийн даатгалын шинэчлэлийг үе үеийн парламент, Засгийн газар хэлэлцэж ирсэн. Тэтгэврийг жил бүр инфляцитай уялдуулан нэмж байгаа ч тогтолцооны суурь өөрчлөлт хийгээгүй цагт ямар ч үр дүн гарахгүйг өнгөрсөнд бид хангалттай харсан. Хамгийн ойрын жишээ нь, 35 жил нийгмийн даатгалын шимтгэл төлчихөөд бусадтай ижил доод хэмжээний тэтгэвэр авч, гомдолтой яваа ахмадууд маш олон бий. 2013 оноос өмнө 1.4 сая төгрөгийн цалингийн таазаар тэтгэврээ бодуулсан 140 мянган иргэний асуудлыг итгэлцүүрээр шийдэж, 2.4 сая төгрөгийн цалингийн хязгаараар дахин бодож зөрүүг арилгахаа амласан Ерөнхий сайдын байр суурь бодит ажил хэрэг болсон нь энэ. 

Шинэ зохицуулалтаар 2027 оны нэгдүгээр сарын 1-нээс эхлэн 435 мянган ахмад настанд 100-300 мянган төгрөгийн "Баталгаат суурь тэтгэвэр"-ийг олгно. Үндсэндээ тэтгэврийн дундаж хэмжээ 1.2 сая төгрөгт хүрэх нь. Энгийнээр тайлбарлахад 10 жил ажиллаж 769 мянган төгрөгийн тэтгэвэр тогтоолгосон бол 150 мянган төгрөг, харин 15 болон түүнээс дээш жил ажилласан бол хугацаанаасаа хамаарч 165-300 мянган төгрөгийн баталгаат суурь нэмэгдэл авах юм.

Харин 2033 оноос тэтгэвэр тогтоох цалинг сүүлийн дараалсан 7 биш 10 жилийн цалингийн дунджаас бодно. Энэ нь тэтгэвэрт гарахын өмнө цалингаа зохиомлоор өсгөдөг хууралтыг зогсоох хориг. Тэтгэврийн наснаас хойш үргэлжлүүлэн ажиллавал жил тутамд 4 хувиар нэмж, харин хуулийн хугацаанаас өмнө тогтоолговол 4 хувиар хасах заалт шинээр шигтгэв.

Цаашдаа зөвхөн улсын төсвөөс хамааралтай байх бус Хувийн нэмэлт тэтгэврийн сангийн тогтолцоог хөгжүүлж, иргэд залуугаасаа өөртөө хуримтлал үүсгэх "Гурван тулгуурт" орчныг бүрдүүлэхээ Ерөнхий сайд мөн амлалаа. Одоогийн байдлаар Нийгмийн даатгалын сангийн чөлөөт үлдэгдлийг банкуудад байршуулж, 81.5 тэрбум төгрөгийн хүүгийн орлого олдог гэх. Алхам нь зөв ч үүнийг цаг алдалгүй, бодитоор хэрэгжүүлэх нь Монголын ирээдүйд чухал гэдгийг Н.Учралын танхим олж харсан нь сайн хэрэг.

Гагцхүү энэ бүхэн цаасан дээрх гоё тоо хэвээр үлдэх үү, эсвэл ахмадуудын амьдралд бодит дэмжлэг болох уу гэдэг нь үндсэндээ Засгийн газраас бүрэн хамаарч таарна. Хууль батлагдсан ч бодит нэмэгдлүүд болон суурь тэтгэвэр нь 2027 оны нэгдүгээр сарын 1-нийг хүртэлх буюу хагас жилийн дараа хэрэгжиж эхлэхээр хойшлогдсон нь олон нийтийн зүгээс зарим шүүмжлэлийг дагуулж байна. Байх ёстой шүүмжлэл мөн үү, мөн.

Гэхдээ инфляцын шуурга, үнийн өсөлт иргэдийн халаасыг хоосолж буй өнөөгийн үед зөвхөн хууль батлах нь хангалтгүй. Нэг удаагийн шинэчлэл хийгээд өнгөрөх бус нийт тогтолцоогоор нь реформ хийж, хууль эрх зүйн болон практик "хавх"-нуудыг хэрхэн давах нь Н.Учралын Засгийн газрын хамгийн том даваа.

Тэгэхийн тулд хувийн ашиг сонирхлоо хойш тавьж, хэлсэн үгэндээ эзэн болж, хуучирч, ужгирсан, шударга бус тэтгэврийн тогтолцоог бүрэн шинэчилж чадвал тэр нь жинхэнэ реформ болно. Тэр цагт Н.Учрал бодитоор түүхэнд үлдэнэ.