Ж.Мөнхбат: Дэлхийн чиг хандлагатай Монголын төр хөл нийлүүлэн алхана

УИХ-ын Төрийн байгуулалтын байнгын хороо намрын чуулганаар хийсэн ажлын тайлангаа танилцууллаа. Тус байнгын хороо нийтдээ 13 удаа хуралдаж, давхардсан тоогоор 349 асуудлыг хэлэлцэж, шийдвэрлэжээ. Байнгын хорооны эрхлэх асуудлын хүрээнд бие даасан нэг хууль, 32 хуулийн нэмэлт өөрчлөлт, 14 УИХ-ын тогтоолын төсдийг  УИХ-ын чуулганаар батлуулжээ.

Байнгын хорооны дарга Ж.Мөнхбат "УИХ-ын хяналт шалгалтын хууль эцэслэн батлагдсан. Хуулиар асуулга тавих, асуулт тавих, хууль тогтоомжийн хэрэгжилтийн үр дагаварт үнэлгээ хийнэ. Тайлан, мэдээлэл, илтгэл сонсох, төсөв хянах, хяналтын сонсгол хийх, хянан шалгах түр хороо байгуулах зэрэг долоон төрлийн арга хэрэгслийг нарийвчлан тусгаж оруулсан. Хяналт шалгалтын үр дүнд хууль тогтоомжийг боловсронгуй болгох, хууль тогтоомжийн биелэлтийг хангуулах, эрчимжүүлж, илэрсэн зөрчил дутагдлыг арилгуулах, холбогдох албан тушаалтанд хариуцлага хүлээлгэдэг байх эрх зүйн орчин бүрдэж байна. Хаврын чуулганаас эхлээд УИХ-аас томилогддог бүх албан тушаалтнуудад сонсгол хийнэ. УИХ-ын гишүүд хамтран гарын үсэг зурж, хянан шалгах түр хороо байгуулбал хяналт шалгалт хийх, баримт цуглуулах боломжтой болно.

Засгийн газрын бүтцэд өөрчлөлт оруулж, Эдийн засаг, хөгжлийн яам, Цахим хөгжил, харилцаа холбооны яамыг тус тус байгуулсан. Эдийн засаг, хөгжлийн яам байгуулснаар тухайн салбарт тарсан хариуцах эзэнгүй Монгол Улсын хөгжлийн бодлого цэгцлэгдэж, мега төслүүд ажил хэрэг болох ажил эхэлж байна. Цахим хөгжил, харилцаа холбооны яам байгуулснаар “Цахим үндэстэн” болж, дэлхийн нийтийн чиг хандлагатай монголын төр хөл нийлүүлэн алхах юм. Эдгээр яам хэлбэр төдий биш, хариуцлагатай сайн ажиллах хэрэгтэй.

Улс төрийн намын санхүүжилтийн тухай хуулийн төсөл, Хот тосгоны эрх зүйн байдлын тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл, Төрийн жинхэнэ албаны сонгон шалгаруулалтын тусгай журмын тухай хуулийн төсөл, Төрийн албан хаагчийн ёс зүй, сахилгын тухай хуулийн төслийг УИХ-д өргөн мэдүүлэх бэлтгэл ажлыг хангасан. Эдгээр хуулиудыг өргөн барьж, хаврын чуулганаар хэлэлцүүлнэ" гэв.