НҮБ-тай ирэх таван жилд хэрэгжүүлэх үйл ажиллагааны талаар хэлэлцэв

Гадаад харилцааны дэд сайд Б.Мөнхжин НҮБ-ын Суурин зохицуулагч Т.Мишраг өнөөдөр хүлээн авч, Монгол-НҮБ-ын хамтын ажиллагааны асуудлаар санал солилцов.

Талууд уулзалтын үеэр Монгол Улсад НҮБ-аас 2023-2027 онд хэрэгжүүлэх “Тогтвортой хөгжлийн хамтын ажиллагааны хүрээ” баримт бичиг боловсруулах ажлын явц, НҮБ-ын системийн байгууллагуудын үйл ажиллагааны төлөвлөгөө, ажлын уялдаа болон Улаанбаатар хотноо зохион байгуулахаар төлөвлөж буй олон улсын арга хэмжээнүүдийн талаар дэлгэрэнгүй санал солилцсон байна.

Гадаад харилцааны дэд сайд Б.Мөнхжин олон талт хамтын ажиллагааны хүрээнд дэвшүүлсэн зорилтуудыг хангахад НҮБ-ын хөгжлийн тусламжийн хүрээ баримт бичиг чухал дэмжлэг болж ирснийг онцлон тэмдэглэв. Олон улсын болон үндэсний хэмжээний хөгжлийн зорилтуудыг хэрэгжүүлэхэд нягт хамтран ажиллахаа илэрхийлжээ.

Олон талт хамтын ажиллагааны салбар дундын уялдааг хангахад Гадаад харилцааны яам тэргүүлэх үүрэгтэй оролцон, дэмжлэг үзүүлж байгаад НҮБ-ын Суурин зохицуулагч Т.Мишра талархал илэрхийлээд, ирэх таван жилд хэрэгжүүлэх үйл ажиллагаа, тэргүүлэх чиглэлийн талаар дэлгэрэнгүй танилцуулав.

Талууд 2023-2027 оны “Тогтвортой хөгжлийн хамтын ажиллагааны хүрээ” баримт бичгийн төслийг дөрөвдүгээр сард эцэслэн, Засгийн газарт танилцуулахаар тогтов.