Капитал банкны эрх хүлээн авагчаас авах 49 тэрбум төгрөгийн авлага үлджээ

Засгийн газрын ээлжит хуралдаанаар татан буугдсан Капитал банканд байршиж байсан Нийгмийн даатгалын сангийн болон Эрүүл мэндийн даатгалын сангийн хөрөнгийг төлүүлэх чиглэлээр хийгдэж байгаа ажлын явц байдлыг танилцуулсан. 

Улмаар банкны эрх хүлээн авагчийн хөрөнгийг шилжүүлж авах, дуудлага худалдаагаар борлуулж, орлогыг холбогдох санд төвлөрүүлэх ажлыг шуурхай зохион байгуулахыг Ерөнхий сайд үүрэг болгосон.

Нийгмийн даатгалын сангийн 104 тэрбум төгрөг капитал банканд байршиж байсан. Үүнээс 7.7 тэрбум төгрөг Нийгмийн даатгалын санд шилжиж орж ирсэн. Мөн өнгөрсөн хугацаанд  22.1 тэрбум төгрөгийн үнэ бүхий хөрөнгийг Нийгмийн даатгалын санд шилжүүлж авсан бөгөөд 74 тэрбум төгрөгийн авлага үлдсэн байсан.

Өнөөдөр Нийгмийн даатгалын үндэсний зөвлөл хуралдаж “Капитал Банк” ХХК дахь банкны эрх хүлээн авагчаас Нийгмийн даатгалын сангийн  нэхэмжилсэн өр төлбөрт эд хөрөнгө суутган авах тухай асуудал хэлэлцлээ. Хурлаар өр төлбөрт тооцож авах боломжтой хөрөнгийг танилцуулж тэдгээрээс нийт 25 тэрбум төгрөгийн үнэлгээ бүхий 86 ширхэг үл хөдлөх хөрөнгийг өр төлбөрт суутгаж авахыг зөвшөөрч баталлаа. 

Ингэснээр Нийгмийн даатгалын санд Капитал банкны эрх хүлээн авагчаас авах 49 тэрбум төгрөгийн авлага үлдэж байна.