Монголын агаарын тээврийн салбарт шууд аюул учруулахаар эрсдэл үүсээгүй

Иргэний нисэхийн ерөнхий газрын дарга, удирдлагууд болон орон нутгийн нисэх буудлуудын удирдлагууд цаг үеийн нөхцөл байдалтай холбоотойгоор хуралдлаа. Хурлаар ОХУ, Украины хооронд үүсээд байгаа нөхцөл байдал нь агаарын тээврийн салбарт хэрхэн нөлөөлж байгаа талаар ярилцав.

ИНЕГ-ын Агаарын тээврийн бодлого төлөвлөлтийн газрын дарга Г.Батбаяр “Европын ихэнх орнууд ОХУ-ын агаарын тээврүүдийг өөрийн агаарын хилээрээ нэвтрүүлэхгүй гэж байна.

Өнгөрсөн Баасан гарагаас Их Британийн “British Airways” ОХУ дээгүүр нисэхээ болилоо. Баруун Европын улсууд агаарын зайгаа хааж эхэлж байгаа нь Монгол Улсын агаарын тээврийн салбарт хэрхэн нөлөөлж, эрсдэл үүсгэх боломжтой талаар бид судалж байна.

Хэрэв Европоос Азийг чиглэсэн нислэгт өөрчлөлт орвол манай улсын өнгөрөлтийн нислэг одоо байгаа тооноосоо дээд тал нь 78 хувь хүртэл буурах магадлалтай. Мөн шатахууны үнийн өсөлт болон шатахуун, түлшний  хангалт тасалдах зэрэг эрсдэл үүсэж болзошгүй харагдаж байна. Цаашид хэрэв ОХУ-ын нутаг дэвсгэрийг тойрч нислэг үйлдэхээр болбол нислэгийн цаг 2 болон түүнээс дээш цагаар нэмэгдэх эрсдэл ч бий. Өнөөдрийн байдлаар манай улсын агаарын тээврийн салбарт шууд аюул учруулахаар эрсдэл үүсээгүй байна” гэж танилцууллаа.

ИНЕГ-ын дарга С.Мөнхнасан цаг үеийн нөхцөл байдалтай холбогдуулан, салбарын хэмжээний аюулгүй байдал, аюулгүй ажиллагааг сайтар анхаарах, шатахууны нөөцөд анхаарах, өнөөдрөөс эхлэн хэмнэлтийн горимд орж, мөнгөн урсгалаа өдөр тутамд хянах зэрэг шийдвэрүүд гаргаж, хэрэгжүүлж ажиллахыг холбогдох албан тушаалтнуудад үүрэг болголоо.

Салбарын болон алба нэгжүүдийн удирдлагуудыг өдөр бүр бэлэн байдалд ажиллаж, дэлхий дахины шинэ мэдээ, мэдээллийг байнга авч, шаардлагатай нөхцөл байдлыг цаг тухайд нь мэдэгдэж байх чиглэл өглөө.

Хурлын үеэр мөн орон нутгийн нисэх буудлуудын үйл ажиллагааны өнөөдрийн нөхцөл байдал, шатахууны нөөц болон ажилтнуудын коронавируст халдварын эсрэг дархлаажуулалтын мэдээллийг нисэх буудлуудын удирдлагууд өгөв.