М.Оюунчимэг: Эмэгтэйчүүдэд хуримтлал хэрэгтэй

"Эмэгтэйчүүдийн амьдралын чанар-2021" цогц судалгааг Нийгмийн ардчилал монголын эмэгтэйчүүдийн холбоо, Фридрих Эбертийн сангийн Монгол дахь суурин төлөөлөгчийн газрын дэмжлэгтэйгээр Залуу судлаачдыг дэмжих төрийн бус байгууллагатай хамтран хийжээ.

Судалгааны талаар УИХ-ын гишүүн М.Оюунчимэг "Хүүхэд хамгааллын мөнгийг малчны зөвлөгөөн рүү зарцуулсан аймаг байна. Шийдвэр гаргах түвшинд эмэгтэйчүүд илүү ажиллах нь чухал. Ингэхийн тулд бид яриад, квот тогтоогоод байвал цаасан дээр гарсан шийдвэр болж байна. Эмэгтэйчүүдэд хуримтлал хэрэгтэй. Санхүүгийн чадвартай, өөртөө итгэлтэй байж чадвал шийдвэр гаргах түвшинд тухайн хүний дуу хоолой хүчтэй болж чадна.

Цар тахлын үеийн хөнгөлөлттэй зээл тусламжууд эмэгтэй захирал, өрхийн бизнес эрхлэгчдэд 5-50 сая төгрөгийн зээл олдсон бол эрэгтэй захирлуудад 100 саяас нэг тэрбум хүртэлх төгрөгийн зээл олдсон байна. Эргэн төлөлтийн хувьд эмэгтэйчүүдэд хуримтлал барьцаа хөрөнгө байхгүй учир эерэг үр дүнгээ өгч чадаагүй. 

Тэгш биш бодлогыг халахын тулд жендэрийн балансыг барих нь чухал байна. Эмэгтэйчүүдийн нуруун дээр байгаа олон ачааллыг бууруулахын тулд Хөдөлмөрийн хуульд аж ахуйн нэгж байгууллага дэргэдээ яслитай байна гэдгийг тодорхой хуульчилж өгч байгаа. Эмэгтэйчүүдийн хийдэг нэргүй ажлуудыг тодорхой үнэлэмжтэй болгох, эхэд олгодог цалинтай чөлөөг эцэгт мөн олгох байдлаар хууль баталсан" гэв.