П.Дамдин: Хүүхдийн суурь боловсрол хамгийн чухал

“Их Сорил 2022” физикийн олимпиадын багш нарын төрөлд Увс аймгийн Улаангом сумын ерөнхий боловсролын Дөрөвдүгээр сургуулийн физикийн багш П.Дамдин оролцож, орон нутгийн ангилалд  түрүүлжээ. Тэс нутгийн уугуул Пүрэвжавын Дамдин аав ээжийнхээ захиа даалгавараар Ховдын их сургуулийн физикийн багшийн ангид элсэн суралцаж, багш болсон түүхтэй. Физикийн багшаар 23 дахь жилдээ ажиллаж буй түүний шавь нар аймгийн олимпиадад чамгүй амжилт үзүүлдэг. Хүүхэд өөрөө л сурах сонирхолтой байвал бүх зүйлийг сурдаг хэмээн ярих П.Дамдин багш хоёр дахь олимпиаддаа түрүүлсэн нь энэ. Түүнтэй ярилцлаа.

-Физикийн олимпиадын Орон нутгийн багш нарын ангилалд түрүүлсэнд баяр хүргэе!

-Баярлалаа.

-Олимпиадын бэлтгэл хэр хугацаанд базаасан бэ?

-Энэ олимпиад өмнө нь зөвхөн 7-12-р ангийн сурагчдын дунд болдог байсан. "Ковид"-ын цар тахал гээд бэлтгэл ер нь хийгээгүй ээ. Физикийн багшаар 23 дахь жилдээ ажиллаж байна. Олон жилийн туршлагаараа оролцлоо. Онлайнаар бүртгүүлээд 2 цаг 40 минутад таван бодлого бодсон. Миний хувьд хөдөөгийн багш нарын ангилалд түрүүллээ.

-Ирсэн бодлогууд хэр хүнд байв?

-Аймгийн багш нарын олимпиадад ирдэг бодлогын хажууд харьцангуй хөнгөн санагдсан. Хуучин бэлтгэлээрээ оролцлоо. Сая нэг оюутан хувиараа давтлага авсан.

-Та 10 жилийн сургуулиа хаана төгссөн бэ? Яагаад физикт дурлаж сонирхох болов?

-Миний хувьд арван жилээ Тэс суманд төгссөн. 1990-ээд оны үед хөдөөд бүх сургууль хөлдөөд хаагдчихсан байлаа. Зөвхөн төгсөх анги 10 дугаар ангийнхан хичээлд суудаг байсан юм. Одоогийн УИХ-ын гишүүн О.Цогтгэрэл бид хоёр нэг анги. Бүгд үстэй дээлтэй, эсгий гуталтай галладаг хүйтэн ангид хичээл хийнэ. Морин зууханд бураа түлж ангиа галладаг. Тийм л ангид хичээл хийж байлаа. Манай физикийн багшаар улсын олимпиадын мөнгөн медальт Дарьжав ажиллаж байсан юм. Тэр багш дээр нэгээс 6 сар хүртэл давтлага хийсэн. Тухайн үеэс физикийн шинжлэх ухаанд татагдсан даа. Тэр хүний ач буянаар өдий хүртэл явж байна.

-Яагаад физикийн багш мэргэжлийг сонгосон бэ?

-Санаандгүй байдлаар болсон юм. Тэр үед ээж аавын үгнээс гарах биш. Тэднийхээ хэлснээр Ховдын их сургуулийн физикийн багшийн ангийг сонгосон. Дарьжав багшаар заалгасан зургаан сарын бэлтгэл надад маш их зүйл ойлгуулсан. Багшийнхаа түвшинд хүрэхгүй ч мэргэжлийг нь өвлөж аваад явж байна даа.

-Оюутны он жилүүдээ хуваалцвал...

-Олон сайхан дурсамж бий. Оюутны дөрвөн жил үе тэнгийн нөхөдтэйгөө бужигнаад өнгөрсөн. Төгсөж ирээд багшилж эхэлсэн цагаас л жинхэнэ хэр сайн багш болох вэ? гэдэг зүйл эхэлнэ. Залуу байхдаа, дөнгөж төгсөж ирсэн үедээ хэр зэрэг хөдөлмөрлөхөөс цаашдын амжилт шалтгаална. Анх багшилж эхлэхдээ хүүхдүүдтэйгээ өдөр болгон бэлтгэл хийдэг байсан. Гайгүй ном ч олдохгүй. Олимпиадын эмхтгэл гээд гарна. Түүнээс бүх бэлтгэлээ хангана. Залуу байхдаа маш сайн хөдөлмөрлөөд арга замаа олоод авчихвал ирээдүйд хэр сайн багш болох нь шийдэгддэг юм болов уу гэж боддог. Хүүхдүүдэд хичээлээ сайн заахын тулд өөрөө сайн ойлгож судлах хэрэгтэй. Ер нь 7-8 жил маш сайн бэлтгэл хийсэн дээ.

-Ажлын гараагаа хаанаас эхэлж байв?

-Хяргас суманд нэг жил багшилсан. 2000 оноос хойш Улаангом сумын ерөнхий боловсролын дөрөвдүгээр сургуульд ажиллаж байна. Дунд нь Эрдмийн оргил цогцолбор болоход 5 жил ажилласан юм. Сургуулийнхаа энэ сайхан хамт олонтой ажиллаж байгаадаа баярладаг.

-23 жил багшлахдаа олон шавь гардаж, бэлтгэсэн байх. Шавь нар нь ямар амжилттай явна вэ?

-Энэ хугацаанд бэлтгэсэн шавь нар чамгүй амжилт үзүүлсэн. Майнбаяр гээд хүүхэд 2006 онд аймгийн олимпиадаас 20 онооны 19-ыг аваад IV байрт орж байлаа. Тухайн үед орж байсан хүүхдүүдийн өрсөлдөөн маш чанга. Эрдмийн Оргил цогцолбор болоод Хоёрдугаар 10 жилд очсон. Тэр үед математикийн Гэрэлмаа багшийн наймдугаар ангийг хэсэг хугацаанд дааж авсан юм. Тухайн ангиас зургаан хүүхэд бэлтгэсэн. Ганбаяр гээд хүүхэд наймдугаар ангийн олимпиадад түрүүлсэн. Анги дэвшиж ороод мөнгөн медаль авсан юм. Дараа жил нь тэр зургаан хүүхэд гуравдугаар байраас бусад эхний 7 байрыг дараалан эзэлж байлаа. Хамгийн өндөр амжилт үзүүлсэн. Тэр жил Төмөрцоож, Ганбаяр нар улсын олимпиадад оролцоод Ганбаяр тусгай байрт шалгарсан. Хөдөө орон нутагт мэргэжлийн лаборатори байхгүй. Ганбаяр улсын олимпиадад бодолтоороо хоёроор гараад туршилт хийх дээрээ оноо алдаж байр ухарсан. Цогцолбор тарсны дараа Дөрөвдүгээр сургуульдаа буцаж ирээд багшилж байна. Сүүлд 2018 онд манай шавь аймгийн олимпиадад түрүүлсэн.

-Багш хүнийхээ хувиар гаргасан амжилт гэвэл?

-Нэг их амжилт үзүүлээгүй. Дөрөв, тавдугаар байрт орно. Үсрээд гуравт. Өнгөрсөн жил нэгдүгээр сургуулийн нэрэмжит онлайн олимпиадад түрүүлсэн. Манай аймагт сайн багш нар олон бий. Даваадорж, Гантулга, Мөнхжаргал, Өмнөговийн Батчулуун зэрэг багш байна. Гантулга, Даваадорж, Батчулуун гурав улсын физикийн олимпиадаас медальтай. Би тэд нарын дараа л жагсана.

-Физик сурахын ач холбогдлыг та юу гэж боддог вэ?

-Аливааг сурахын тулд өөрөө хичээхгүй бол амжилт үзүүлэхгүй. Өөрийн оролдлогоос бүх зүйл шалтгаална. Өөрөө маш их хичээл зүтгэл, дур сонирхолтой байж л сурна. Сурах сонирхолгүй хүнд юм заавал нэг чихээрээ сонсоод нөгөө чихээрээ гаргана. Физик сурсан хүн аливаа ажлыг маш эмх цэгцтэй хийж сурдаг. Мөн өөр мэргэжил рүү хөрвөх чадвартай сайтай болно.

-Та шавь нартаа юу захидаг вэ? Хичээлээ ямар арга барилаар заадаг вэ?

-Хүүхдэд гэр бүлийн орчин, сурах орчин, мөн сурах эрмэлзэл хэр байгаагаас их зүйл шалтгаална. Тухайн хүүхдийн суурь боловсрол хамгийн чухал. Бага ангидаа хэр зэрэг бэлтгэгдсэн бэ гэдгээс дараагийн шат руу гарах уу үгүй юу гэдэг нь тодорхойлогдоно. Хүүхэд өөрөө л болно, чадна гээд оролдоод байвал сурна. Багш хэчнээн сайн заагаад тэрийг хүлээж аваад өөрөө хичээхгүй бол сурахгүй. Сурах сонирхол бага болов байвал хүүхэд аяндаа ойлгоод эхэлнэ. Хүүхдүүд физикийг үсэг тоо холилдсон өгүүлбэртэй бодлого гээд наанаас нь хараад хэцүү хүнд гээд байдаг. Яг ойлгож уншаад эхэлбэл физик хамгийн сонирхолтой шинжлэх ухаан.

-Сурагчдыг физикт сонирхолтой болгохын тулд юуг анхаарах хэрэгтэй вэ?

-Орчин бүрдүүлэх нь чухал байна. Бүх сургууль мэргэжлийн лабораторитой болох хэрэгтэй. Жишээ нь, манай сургууль аймгийн төвийн сургууль хэрнээ одоо хүртэл лаборатори байхгүй. Ядаж туршилт хийдэг багажтай болмоор байна. Хичээлээ заагаад туршилт хийгээд бодитоор үзүүлээд физикийн шинжлэх ухааны гайхамшгийг мэдрүүлбэл хүүхдүүд илүү их сонирхоно. Зүгээр хичээл заагаад гарах хичээл заагаад бодит туршилтаар харуулах нь бас нэг өөр зүйл. Инженер болох хүүхдүүд хүчээр шахуу физик сонгодог. Яг физикт дуртай, сонирхолтой болоод сонгож байгаа хүүхэд ховор.

 

Х.Номин-Эрдэнэ