Элчин сайд Жалгас Адылбаевыг хүлээн авч уулзав

Гадаад харилцааны сайд Б.Батцэцэг Бүгд Найрамдах Казахстан Улсаас Монгол Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Жалгас Адылбаевыг үүрэгт ажил нь дуусгавар болж, нутаг буцахтай нь холбогдуулан хүлээн авч уулзав.

Сайд Б.Батцэцэг Элчин сайд Ж.Адылбаевыг Монгол Улсад ажиллах хугацаандаа Монгол, Казахстаны уламжлалт найрсаг харилцааг өргөжүүлэн хөгжүүлэхэд идэвх зүтгэл гарган ажилласныг тэмдэглэж, Монгол Улсын Ерөнхий сайд, Гадаад харилцааны сайд нарын Бүгд Найрамдах Казахстан Улсад хийсэн албан ёсны айлчлалуудыг амжилттай хэрэгжүүлэхэд онцгой хувь нэмэр оруулсанд талархал илэрхийлэв.

Элчин сайд Ж.Адылбаев Монгол Улсад томилогдон ажиллах хугацаандаа хоёр орны харилцаа, хамтын ажиллагааг улс төр, худалдаа, эдийн засаг, соёл, хүмүүнлэгийн зэрэг салбарт идэвхжүүлэн хөгжүүлэхийг зорьж ажилласнаа дурдаад Монгол, Казахстаны харилцааг бэхжүүлж, ард түмэн хоорондын найрамдал нөхөрлөлийг улам бататгахын төлөө цаашид ч хүч чармайлт гаргахаа тэмдэглэв.