Элчин сайд Ш.Батцэцэг үүрэгт ажилдаа оржээ

Элчин сайд Ш.Батцэцэг 2022 оны гуравдугаар сарын 17-ны өдөр Бүгд Найрамдах Перу Улсын Гадаад харилцааны яамны Төрийн ёслолын газрын дарга Энри Прието Тикад Итгэмжлэх жуух бичгийнхээ хувийг гардуулан өглөө.
Цахим хэлбэрээр болсон энэхүү ёслолын арга хэмжээний үеэр Элчин сайд Ш.Батцэцэг Монгол, Перугийн хооронд дипломат харилцаа тогтоосны 25 жилийн ой энэ жил тохиож байгааг тэмдэглээд хоёр орны хоорондох найрсаг харилцаа, хамтын ажиллагааг бүхий л боломжит салбарт өргөжүүлэн хөгжүүлэхийн төлөө хичээн ажиллахаа илэрхийлэв.

Төрийн ёслолын дарга Энри Прието Тика Итгэмжлэх жуух бичгийнхээ хувийг гардуулснаар үүрэгт ажлаа албан ёсоор эхлүүлж буй Элчин сайд Ш.Батцэцэгт баяр хүргэж, ажлын амжилт хүслээ.
2021 оны аравдугаар сарын 1-ний өдрөөс энгийн паспорт эзэмшигч монгол иргэд аялал жуулчлалын зорилгоор нөгөө талын нутаг дэвсгэрт нэвтрэх, зорчих, дамжин өнгөрөх, гарахдаа анх нэвтэрсэн өдрөөс эхлэн 180 хоногийн дотор 90 хоногоос хэтрэхгүй хугацаанд харилцан визгүй зорчдог болсон билээ.