Завхан аймагт эрчимтэй жин хасах уралдаан зарлав

Ерөнхий сайдын санаачилга, Биеийн тамир, спортын улсын хорооноос зохион байгуулж буй “Илүүдэл жингүй-Эртэч Монгол” аян амжилттай өрнөж байна. Аян эхэлсэн өдрөөс өнөөдрийг хүртэлх хугацаанд 152 мянган иргэн дасгал хөдөлгөөнд биечлэн оролцлоо. Дасгал хөдөлгөөн хийх иргэдийн тоо өдөр ирэх тусам өссөн үзүүлэлттэй байна. Тухайлбал, өнөөдөр 11.646 иргэн 136 заал, дөрвөн фитнесс, хоёр иог, дөрвөн клуб, 52 танхим, долоон соёлын төв, дөрвөн усан бассейнаар дасгал хөдөлгөөн хийжээ. Энэ нь тус аяны хүрээнд хамгийн өндөр тоо юм. Мөн 186 байгууллага энэхүү аяныг дэмжин оролцож байна. “Илүүдэл жингүй-Эртэч Монгол” аяны энэ өдөр улсын хэмжээнд Ховд аймгийн иргэд хамгийн идэвхтэй байлаа. Онцолж хэлбэл, Завхан аймгийн Биеийн тамир, спортын газраас “Цогт фитнесс” төвтэй хамтран эрчимтэй жин хасах уралдаан зарлаж, 150 гаруй иргэн хамрагджээ.