Ц.Ариунболд: Шалгуулж байгаа 22 хүний 11-ийг нь цагдан хорьсон

Нийслэлийн ерөнхий прокурор Ц.Ариунболд Хөгжлийн банктай холбогдох асуудлаар мэдээлэл өгчээ.

Тэрбээр “Хөгжлийн банктай холбоотой асуудлыг 2016 оноос хойш шалгалаа. 2022 оноос эхэлж, Хөгжлийн банкны холбоотой асуудалд олон нийтийн анхааралд орсон. Үүнтэй уялдуулаад хууль хяналтын байгууллагууд ч мөн ажиллалаа. Одоогийн байдлаар 41 хэрэг хэрэг бүртгэл, мөрдөн байцаалтын шатанд явж байна. Үүний 12 нь мөрдөн байцаалтын шатанд, 29 нь хэрэг бүртгэлийн шатанд явж буй юм. Мөн 74 аж ахуйн нэгж үүнд хамаарна.

2.3 их наяд орчим төгрөгийн зээл олголт, нөхөн төлөлтөд эрх баригчид, удирдлагууд албан тушаалаа урвуулан ашигласан эсэх гэмт хэргийн шинж байна уу гэдэгт хэрэг бүртгэл, мөрдөн байцаалтын ажил үргэлжилж байна. Мөрдөн байцааж буй 12 хэрэгт 22 хүн холбогдон шалгуулж байгаагаас 14 нь Хөгжлийн банкны албан тушаалтан байгаа юм. Шалгуулж байгаа 22 хүний 11-ийг нь цагдан хорьсон.

Хөгжлийн банкинд учирсан хохирлыг нөхөн төлүүлэх зорилгоор 61 иргэний 664 ширхэг үл хөдлөх хөрөнгө, 763 ширхэг тээврийн хэрэгсэл, 104 арилжааны банкин дахь дансыг битүүмжилж, 25 ААН-ын хувьцаа арилжих эрхийг зогсоолоо. Шүүхээр тухайн шалгагдаж буй иргэдийн гэм буруу тогтоогдвол энэхүү хөрөнгүүдийг хохирлыг нөхөн төлөх юм.

Одоогийн байдлаар 107 тэрбум 360 сая төгрөгийн хохирол нөхөн төлөгдсөн. Үлдсэн 2.2 их наяд төгрөгийн хохирол төлөгдөх ёстой. Энэ бүгдийг шүүхийн шийдвэр гарсны дараа шийднэ. Мөрдөн байцаалтын шатанд байгаа 12 хэрэгт УИХ-ын гишүүн холбогдсон хэрэг, яллагдагчаар татагдсан зүйл байхгүй” гэжээ.