Х.Нямбаатар: Хүүхэд төрмөгц 12 оронтой тоог бүртгэлээс өгнө

Хуульзүйн байнгын хорооны  хуралдаанаар  Улсын бүртгэлийн ерөнхий хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүдийг хэлэлцлээ. Төслийг Хууль зүй, дотоод хэргийн сайд Х.Нямбаатар танилцуулсан юм.

Тэрбээр "Иргэний бүртгэлийн байгууллагаас 12 оронтой тоог хүүхэд төрмөгц хүүхэд бүрд өгнө. Регистрийн дугаараар давхар бүртгэнэ. Тухайн иргэнтэй холбоотой бүхий л мэдээлэл 12 оронтой тоонд төвлөрч, хадгалагдана. Улсын бүртгэлийн хуульд хоёрхон өөрчлөлт оруулж байна. Энэ нь регистрийн дугаар, гэрийн хаягийг чипэнд оруулж байна. Тавдугаар сарын 01-нээс үйлчилж эхлэх цахим гарын үсгийн хуулиар тухайн иргэнд тоон гарын үсэг олгож, чипэнд давхар суулгана. 12 оронтой дугаар дээрээ суурилан иргэн бүрт төртэй харилцдаг и-мэйл хаягийг иргэний үнэмлэхийн санах ойд суулгана. Энэ хаягаар тухайн иргэнтэй холбоотой мэдээллийг дамжуулна. Таны иргэний үнэмлэх, гадаад паспортын хугацаа хэзээ дуусахыг мэдээлнэ гэсэн үг. Үүний програм хангамжийн асуудлыг улсын бүртгэлийн байгуулага шийдсэн" гэдгийг онцолсон юм.

Регистрийн дугаар нь иргэний үнэмлэхэнд ил харагддаг. Регистрийн дугаараар тухайн иргэний төрсөн он сар, өдөр, хүйсийн мэдээлэл, оршин суугаа газрыг мэдэх боломжтой байдаг. Хувь хүний мэдээлэл хамгаалах хуультай уялдахгүй байна. Тиймээс регистрийн дугаарыг иргэний үнэмлэхийн санах ойд бүртгэхээр төлөвлөжээ. Мөн үнэмлэх дээр иргэний оршин суугаа хаяг ил харагддаг нь иргэдэд хүндрэл бэрхшээл бий болгодог. Жилд дунджаар 120-130 мянган иргэн шилжиж, хаягаа өөрчилдөг. Шилжсэн хаяг нь иргэний үнэмлэх дээр бичигдсэн хаягаас зөрүүтэй болдог учир шилжих хөдөлгөөн хийх бүрт иргэний үнэмлэхээ сольж авах шаардлага үүсдэг. Иргэнд эдийн засгийн хүндрэл бэрхшээл учруулахгүй байх, эрсдэлээс урьдчилан сэргийлэх зорилгоор оршин суугаа хаягийг иргэний үнэмлэхийн санах ойд тусгахаар заажээ.