Төмөр замын бүтээн байгуулалтад Их Британи хөрөнгө оруулах саналаа илэрхийлжээ

Зам, тээврийн хөгжлийн сайд Л.Халтар Их Британи, Умард Ирландын Нэгдсэн Хаант Улс/ИБУИНВУ/-аас Монгол Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Филип Малоуныг энэ сарын 25-ны өдөр хүлээн авч уулзав.

Уулзалтаар хоёр тал төмөр зам, агаарын тээвэр, далайн тээврийн салбарын хамтын ажиллагааг эрчимжүүлэх асуудлаар санал солилцжээ. Элчин сайд Филип Малоунын зүгээс Британийн тал Монголын төмөр замын бүтээн байгуулалтад хөрөнгө оруулж хамтарч ажиллах саналтай байгааг илэрхийлж, хамтын ажиллагааны боломжийн талаар хэлэлцсэн байна.

Сайд Л.Халтар төмөр замын тээврийн салбарт хэрэгжүүлж буй төслүүд болон цаашид хийгдэхээр төлөвлөсөн ажлуудын талаар танилцуулж, далайн тээврийн салбарын боловсон хүчнийг чадавхжуулахад дэмжлэг хүсэж, хоёр улсын агаарын харилцааны хэлэлцээрийг шинэчлэх асуудлыг шуурхай анхаарч ажиллахаа илэрхийлжээ.