Польш, Монголын ГХЯ-д хоорондын улс төрийн уулзалт боллоо

Монгол Улсын Гадаад харилцааны яам, Бүгд Найрамдах Польш Улсын Гадаад хэргийн яам хоорондын Улс төрийн хоёрдугаар зөвлөлдөх уулзалт Варшав хотноо БНПУ-ын ГХЯ-нд болов.

Уулзалтыг монголын талаас Гадаад харилцааны Дэд сайд Б.Мөнхжин, Польшийн талаас Гадаад хэргийн Дэд сайд М.Пшидач нар тэргүүлэв.

Зөвлөлдөх уулзалтын үеэр талууд Монгол, Польшийн харилцаа нь ардчилал, хүний эрх, эрх чөлөөг эрхэмлэсэн нийтлэг үнэт зүйлсэд тулгуурлан хөгжиж, улс төр, эдийн засаг, худалдаа, геологи, дэд бүтэц, соёл, боловсрол болон бусад салбарт өргөжин бэхжиж буйг талууд тэмдэглэв.

Мөн хоёр орны харилцаа, хамтын ажиллагааг цаашид идэвхжүүлэн бэхжүүлэхэд чиглэсэн тодорхой асуудлууд, ойрын ирээдүйд хэрэгжүүлэх дээд, өндөр түвшний айлчлал, арга хэмжээний талаар ярилцав. Талууд хоёр орны улс төр, эдийн засаг, худалдаа, иргэд консулын харилцаа, олон улсын тавцан дахь хамтын ажиллагаа, бүс нутгийн асуудлууд зэрэг сэдвээр ярилцаж, олон улсад өрнөж буй цаг үеийн бусад асуудлаар харилцан байр сууриа танилцуулж, мэдээлэл солилцов.