“Хасын хүлэгүүд”-ээс хотын даргад 34 дугаартай өмсгөл бэлэглэжээ

“Хасын хүлэгүүд” багийн ахлагч Б.Билгүүн “Хотын дарга бидэнтэй уулзаж, чөлөөтэй ярилцаж, санал бодлоо солилцлоо. Сагсан бөмбөгөөр дамжуулж хүүхэд, залуусаа, нийгмээ соён гэгээрүүлэх, зөв чиглүүлэхэд хамтарч ажиллах боломж, шийдлүүдийг ярилцлаа. Нийслэлийн зүгээс ч сагсан бөмбөгөөр дамжуулж, хүүхэд, залууст хандаж хийхээр төлөвлөсөн олон ажил байгаа юм байна. Тухайлбал, сагсан бөмбөгийн бүтээн байгуулалт, хүүхэд, залуус руу чиглэсэн олон нийтийн арга хэмжээг хийж хэрэгжүүлэхэд “Хасын хүлэгүүд” баг болоод бусад баг клубүүдтэй хамтран, яаж илүү өргөн цар хүрээтэйгээр олон нийтэд хүргэх вэ гэдгийг ярилцан, ойлголтоо нэгтгэлээ” гэсэн юм.

Уулзалтад оролцсон спортын сэтгүүлч Н.Тамир “Миний хувьд анхны лиг буюу 1994-1995 оны үед Монголын Сагсан бөмбөгийн холбооны тэргүүлэгчээр ажиллаж байсан. Сая дээд лигийн тоглолт болоод дууслаа. Дээд лигт долоо дахь удаагаа аварга авсан багт Нийслэлийн Засаг дарга баяр хүргэж, уулзлаа. Энэ бол спортод жишиг тогтоохуйц үйл явдал болов уу. Сая гаруй хүн амтай энэ том хотын захирагч дээд лигт түрүүлсэн багаа хүлээн авна гэдэг бол спортын хувьд маш том хүндлэл. Урьд өмнө нь ямар ч Хотын дарга дээд лигт түрүүлсэн багт биечлэн баяр хүргэж байгаагүй. Хотын даргын зүгээс цаашид дээд лигийн аваргын цом болоод бусад зохион байгуулалтын ажлууд дээр хамтран оролцох шинэ санал, санаачилга гаргаж байна. Түүнчлэн дээд лигт түрүүлсэн багийн ялалтыг ард иргэдтэйгээ, сагсан бөмбөг сонирхогч залуустайгаа хэрхэн хуваалцах вэ гэдэт хүртэл маш сайхан санаачилгуудыг гаргалаа. Спортын сэтгүүлч, спортыг дэмжигч хүний хувьд би маш их баяртай байна” гэв.

“Хасын хүлэгүүд” багийнхан Хотын даргад 34 гэсэн дугаар бүхий сагсанбөмбөгийн өмсгөл бэлэглэсэн. Учир нь тэрбээр Нийслэлийн 34 дэх Засаг дарга юм.