7 сая орчим тонн нүүрс хуримтлагджээ

Ерөнхий сайдын захирамжаар байгуулагдсан боомтын үйл ажиллагааг эрчимжүүлэх ажлын хэсэг “Шивээхүрэн -Сэхээ” боомтод ажиллаж байна. Ажлын хэсгийг Хууль зүй, дотоод хэргийн сайд Х.Нямбаатар ахалж буй юм.Монгол Улсын нүүрсний экспортын хоёр дахь том гарц болсон “Шивээхүрэн-Сэхээ” боомт цар тахлын улмаас өнгөрсөн оны 10 дугаар сараас хойш ажиллаагүй бөгөөд одоогийн байдлаар 7 сая орчим тонн нүүрс хуримтлагджээ. Ажлын хэсгийн ахлагч Хууль зүй, дотоод хэргийн сайд Х.Нямбаатар болон албаны төлөөлөл тус боомтыг хэвийн ажиллагаанд оруулах бэлтгэл ажилтай танилцаж байна. БНХАУ-ын талаас тавьсан халдвар хамгааллын дэглэмийг сайтар сахиулж, шинээр PCR шинжилгээний 2 лаборатори байгуулжээ.

Мөн чингэлэг тээврээр нүүрс экспортлох бэлтгэл ажил бүрэн хангагдсан байна.Ажлын хэсгийн гишүүд нүүрс эскпортлогч аж ахуй нэгжүүдийн төлөөлөл, Монгол Улсаас БНХАУ-д суугаа онц бөгөөд бүрэн эрхт элчин сайд Т.Бадрал, БНХАУ-ын ӨМӨЗО-ны Хөх хотод суугаа Ерөнхий консул С.Батхуяг нар боомтын үйл ажиллагааг нээхэд тулгарч буй асуудлуудаар санал солилцлоо. Ажлын хэсгийн ахлагч Х.Нямбаатар “ энэ сардаа багтааж “Шивээхүрэн -Сэхээ” боомтын үйл ажиллагааг нээж нүүрс экспортыг эхлүүлнэ. Эхний ээлжинд хуримтлагдаад буй нүүрсийг богино хугацаанд экспортлохоор төлөвлөж байна” гэв.

Цаашид тус боомтын үйл ажиллагааг тасалдуулахгүй байхаар хэдэн хэдэн асуудлаар БНХАУ-ын талтай тохиролцжээ.Боомтын үйл ажиллагааг эрчимжүүлэх ажлын хэсэг “Цагаан дэл уул-Өлзий” болон Гашуунсухайт боомтод үргэлжүүлэн ажиллана. Шинэ сэргэлтийн бодлого, боомтын сэргэлтийн хүрээнд дээрх боомтуудын хүчин чадлыг нэмэгдүүлэх олон ажил хийгдэж буй юм.